Манай улсад ардчилал бий болсоноос хойш "Шинэ баячууд Цээж өвчтэй”-гээ харуулж хурдан мориор аархаж сайд дарга нараасаа эхлээд бүгд Алдарт уяач болох өвчин туссан билээ. Улсын наадмыг будлиантуулж, унасан хүүхдийг нь гэмтээж, хэдэн зуун саяар морь худалдаж авдаг байсан тэр үе тэгвэл өнөөдөр үндэстэний гамшигийн хэмжээнд очоод байна. Гадаад л бол хазгар доголон, Араб, Томск хамаагүй морь оруулж ирж дэлхийн талыг туулж явсан хурдан буяныхаа заяаг гомдоож Эрлийзжүүлж байсан монголчууд тэгвэл өнөөдөр шангаа хүртэх нь тэр.
Хурдан морь хамгийн ашигтай бизнесийн нэг болон мөнгөний төлөө нүдээ ухахаас дутахгүй болсон бид одоо нийт адуун сүргийнхээ 20 орчим хувийг ДОХ хэмээх аюулт өвчтэй болгосоноо мэдлээ.
Гаднаас хил дамнасан адууны өвчин орж ирж, монгол адууны удмын санг устгах хэмжээнд очоод байгааг эрдэмтэд сануулав.
Хамгийн сүүлд гарсан жишээгээр 300 адуутай малчны жаран гүү нь хээл хаях үед сая л хөдөө аж ахуйн их сургуулийн багш эрдэмтдэд хандаж, оношлуулжээ. Гэтэл үзлэгээр тэдгээр адуунууд нийлүүлгийн үеэр халдвар авсан байсныг тогтоож азаргыг нь нядлах, гүүг нь өндөр тунгаар тусгай эмчилгээ хийж эдгээх боломжтой гэсэн хариу өгчээ.
Ялангуяа нийслэлийн Өлзийт хороолол, Төв, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод гээд төвийн болон зүүн бүсийн аймгуудад энэ өвчний халдвар улам тархсаар байгаа аж. Өмнө нь адууны нийлүүлгийн өвчнөөр мал өвчилсөн тохиолдол Сэлэнгэ, Дорнод аймагт л бүртгэгдэж байсан байна. Гэтэл хурдан морины бизнес өргөжихийн хирээр хил дамнасан өвчин хүрээгээ улам ихээр тэлж 20% болжээ.
Халдвар голчлон нийлүүлгийн үеэр газар авч байгаа төдийгүй халдвартай гүүнээс унаганд эсвэл зохиомол хээлтүүлэг хийх явцад тархдаг байна. Адуугаа ийм өвчний халдвар авсныг мэдсээр байж, өөрөө хохирохгүйн тулд өндөр үнээр авсан адуугаа түр зуур өвчний шинж тэмдэгийг нь бүдгэрүүлж, эмчлээд зардаг гэнэ. Үүнээс болж зарим аймагт нийт адууных нь 50-60 хувийг халдвартай мал эзлэх болсон ажээ.
"Адууны ДОХ” хэмээх энэ өвчин адууны дархлаатай шууд холбоотой. Хэрвээ зуд турхан болох эсвэл тухайн адуунд хэт ачаалал өгч сойх аваас өвчин улам хүндэрдэг байна. Олон улсад ийм халдвар авсан малыг шууд устгадаг бол манайд Францын Мераль, мөн дэмин гэсэн тусгай тариагаар эмчилдэг байна. Хамгийн гол нь малын эмч нараа улам чадавхижуулж, зөв оношлох чадвартай болгох, нөгөө талдаа зөвхөн өөрийнхөө бизнесээ бодоод асуудлаа хашаан дотроо зохицуулна гэлгүй мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй болоод байгаа аж. Эс бөгөөс уг өвчийн монгол адуун сүргийн удмын санг устгах аюулд хүрч болзошгүй байна гэдгийг эрдэмтэд сануулжээ.
Монгол улс гурван сая адуутай. "Морьтон Монголчууд” хэмээн омогших дуртай. Гэтэл одоо бяцхан хүүхдүүдээ гэмтээн байж, баян эздийг нь хэдэн зуун саяын ЖИЙПээр шагнан байж, монгол адууныхаа хийморийг гутаан байж нааддаг байсан тэр цаг үе дуусах нь энэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих