Утга зохиол шүүмжлэгч П.Батхуягийн санал болгож буй ном
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ
Багад эмээгээс "БУРХАН БИЙ ЮУ?” гэж асуусан юм. Эмээ минь ямар ч эргэлзээгүй "БУДДА БУРХАН” бий гэж хариулсан. Өдөржин эрхи эргүүлж, маани уншиж суудаг эмээ минь бурхан багшийн сургаалд итгэдэг байлаа. Үйлийн үрийг мэддэг байжээ. Зовлон хийгээд нүгэл буяны мөн чанарыг ойлгодог байжээ. Юмсын үнэн байдлыг ухаардаг байв. Төгс ялж гэгээрэхийн тухай ярьдаггүй ч үнэн зөв амьдрахын тухай ярьдаг байв. Энэ бүхнийг эмээ минь бурхан багшийн сургаалиас л таньж мэджээ. Би хүүхэд байхаасаа л бурханд итгэж ирсэн. Харин нас биед хүрсэн хойноо "Бурхан багшийн сургаал” номыг хэд хэдэн янзын орчуулгаар, хэд хэдэн удаа уншаад эмээгийнхээ ярьсан бүхэнд илүү итгэх болсон юм. Цаст Гималай, Энэтхэг орон, Шагья овог, Сиддарта хүү, төгс гэгээрэл, сүүлчийн номлол гээд таны танин мэдэхүйг тэлэх гайхамшигтай ертөнц өмнө тань нээгдэнэ. Орчуулагч Н.Энхбаяр, М.Шагдарсүрэн хоёрын орчуулгыг би хувьдаа илүү таашаадаг. Энэтхэгчүүд бидний хооронд соёлын гүүр бурханы сургаалиар анхлан тавигдсан болохоор оюун санаанд "үнэн” суурьтай байгаа юм. Харин бид зарим улстай анхнаасаа л торго дурдан, тос өөхөөр "нөхөрлөсөн” учраас хэврэг хуурмаг байдаг гэж би үздэг. Номын садан гэдэг үгийн утга тэр.
ҮҮЛЭН ЗАРДАС
Эртний Энэтхэгийн яруу найрагч Шри Галидасын энэ найраглал "Сэрэмж алдсан нэгэн ягшас хилэнт эзний бошго зарлигаар” хэмээн эхэлдэг юм. Үнэхээр нэгэн сэрэмж алдсан хүмүүн амраг сэтгэлтнээсээ хагацаад сэтгэлийн зовинол юугаа үүлээр дамжуулан илгээж буйг өгүүлнэ. "Ринчен монголчлов” хэмээх даруухан үгээр эхэлдэг энэ найраглал монгол хэлний ямархан тансаг болохыг надад таниулж билээ. Одоо ч уншиж бахдаж суудаг юм. Олон зууны өмнө монгол мэргэд энэ найраглалыг төвд хэлнээс орчуулаад уншиж хэлэлцэж байсан гэж бодохоор бахтай сайхан санагдана. Хуучин ховор номын дэлгүүрээс худалдаж авчихаад ямархан номтой учирч байгаагаа мэдэхгүй гүйж явсан дунд сургуулийн долоодугаар ангийн хүүхэд байх үеийн тэр нэг өдрийг би одоо ч санадаг. Яруу сайхан монгол хэл, яруу найрагтай минь учруулсан учраас хэзээ ч үл мартана.
ЕРТӨНЦИЙН ТҮҮХИЙГ СӨХӨН ҮЗВЭЛ
Орчин цагийн Энэтхэг улсын түүх Жавахарлал Неру гэдэг ертөнцийн хүнтэй холбоотой. Энэтхэг улсын анхны ерөнхийлөгч энэ хүний шоронгоос охиндоо бичсэн "Ертөнцийн түүх”. Монгол хэлэнд гурван дэвтрээр орчуулагдаж гараад олон хүний ширээний ном болсон юм. Энэ ном бид хоёрын учирсан түүх аавтай минь холбоотой. Сүхбаатар аймагт алба ажлаар яваад ирэхдээ аав минь хэдэн ном авчирч өгөв. Тэр номнууд дунд одоо ч миний нандигнан үздэг даруухан бор хавтастай яруухан СЭТГЭЛ байсан юм. Би зарим номыг ердөө сэтгэл гэж үздэг.
Номын эхний хуудсанд л ... Чингисийн болон бусад хаад ноёдын тухай Неругийн бичсэн зүйлсийг уншихдаа тэдний талаар манай намаас өгсөн дүгнэлтийн үүднээс хандаж зөв ойлгоно гэдэгт уншигч олондоо итгэж байна” гэсэн хэвлэлийн газраас өгсөн өрөвдмөөр сануулга бий. Сонин цаг үе. Харин би тэр анхааруулсан хэсгүүдийн бүр ч амтархан уншаад одооны хэлээр жинхэнээсээ "омогшиж” билээ. Ямар агуу өвөг дээдсийн үр хойч вэ хэмээн бахдаж байв шүү. "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номыг уншаад үз. Ертөнцийг бага атугай ч ойлгох болно. Тэр бол том алхам шүү.
МИНИЙ НАМТАР
Хүнд хүч өгдөг ном гэж бий. Анх уншаад би их л гэнэнээр ойлгосон юм билээ. Ялагдашгүй байх урлаг юм гэж хожим бий энэ номыг дахин уншиж байхдаа ойлгож ухаарсан юм. Махатма Ганди Энэтхэгийн суут хөвгүүдийн нэг. Англичуудын эсрэг тэмцэж, улс төрийн ямар гайхалтай "цэвэр тунгалаг” арга хэрэглэснийг нь дэлхий даяараа мэднэ. Амьдрал зөвхөн "тэмцэл” биш гэдгийг ч энэ номыг уншсан хэн бүхэн ухаарах болно. М.Ганди "Миний намтар” номыг "Мишигийн Цэдэндорж орчуулсан шүү дээ” гэдэг бодол зүрх сэтгэлд үргэлж яруу сайхныг мэдрүүлнэ. Яагаад гэвэл М.Цэдэндорж орчуулгын хэдэн номоороо, оюуны сайхан бүтээлүүдээрээ Монголын тархийг эмнэж байсан туурвигч учраас тэр. Нөгөө талдаа М.Гандийн хахигдаж хавчигдаж явсан үеэ бичсэн хэсгүүдийг нь М.Цэдэндорж илүү ч мэдэрч орчуулсан санагддаг юм. Учир нь М.Цэдэндорж амьдарч ахуй цагтаа гадуурхагдаж хавчигдахыг хангалттай үзсэн гэдэг. "Ижил нөхцөл, адил сэтгэхэд хүргэдэг” гэж үг бий. Номыг зохиогч, орчуулагч хоёрт тийм ижил хийгээд адил чанар байсан гэдэгт би итгэдэг. Харин та уншаад үз.
ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ
Аяа, хязгааргүй мину. Хязгаарын дотор ч чиний л дуу цуурайтсаар байдаг билээ
Амьсгал зүрхэнд минь ч чиний л гайхамшиг гэрэл буй.
Энэ шүлэг Азиас анх Нобелийн шагнал хүртсэн Энэтхэгийн Равийндранаат Таагүүрийн гайхамшигт "ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ” номонд буй. "Хязгаарын дотор хязгааргүй” гэдэг нэртэй шүлэг. Миний л ойлгосноор Энэтхэгийн уран зохиол бол "ХЯЗГААРЫН ДОТОРХ ХЯЗГААРГҮЙ” юм. Тэр тусмаа Равииндраант Таагүүр бол оюуны санааны хязгааргүй юм. Ж.Бадаагийн орчуулгаар 1965 онд "Өргөлийн дуулал” нэртэй орчуулагдсан энэ ном одоо олдоход бэрх болсон ч номонд шунан дурлагч та аль нэг номын сангаас эрэл сурал болж олж уншваас сэтгэл юу тань гэрэл гэгээгээр бялхах болно. Энэтхэгийн Толстой гэж хэмээн өргөмжлөгдсөн энэ сэтгэгч үнэхээр царай төрх, сахал үс нь гүн Толстойтой нэн төстэй харагддаг юм. Би нэг хувьхан нууцаа задлахад энэ номны монгол орчуулгыг "Нацагдоржийн номын сан”-гаас хүүхэд байхдаа "туучихсан” юм. Р-энэт, Т-102 код нь одоо номын нүүрэн дээр байгаа. Уншиж суугаад хэрхэн догдолж байснаа санахаар "хулгай заримдаа цагаан мөртэй” санагдана. Бурхан минь.
СУИС-ийн урлаг судлал, утга зохиолын тэнхимийн багш Я.Баяр
"ОРЧИН ҮЕИЙН ХЯТАД ЯРУУ НАЙРАГ” АНТОЛОГИ - ОРЧУУЛАГЧ НАЦ.ЭНХБАЯР
Хятадын Синхайн хувьсгалаас хойших орчин цагийн Хятадын тэргүүн шүлэгчдийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийг багтаасан ном. Эдгээр бүтээлүүдийг залуу орчуулагч Нац.Энхбаяр уран яруу, утга гүн орчуулсныг мэргэжлийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрч байна. Орчуулагдсан яруу найраг, шүлэгчдийн тоо болон орчуулгын чанараараа соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж агсаны "Зөвлөлтийн яруу найраг” цоморлигийн дараа монгол хэлнээ гарсан яруу найргийн орчуулгын даацтай бүтээл юм.
"АВАРГА ТОМ ДАЛАВЧТАЙ ӨВГӨН” ӨРНӨ ДОРНЫН ӨГҮҮЛЛЭГҮҮД - ОРЧУУЛАГЧ Б.БАЯСГАЛАН
Уг номд Нобелийн шагналт зохиолчид болох Исаак Башевич Зингер, Ясүнари Кавабата, Габриел Гарсиа Маркез, Нагиб Махфуз, Мо Яан, Элис Мүнро, Америкийн орчин цагийн үргэлжилсэн үгийн мастер Курт Вонненгут, Жон Чивер, Японы зохиолч Харуки Мураками зэрэг орчин цагийн үргэлжилсэн үгийн 13 нэрт мастеруудын 20 гаруй өгүүллэг багтжээ. Хэвлэлийн зах зээлд шинээр гарч ирж буй "Тагтаа паблишинг” компаний анхны бүтээл. Орчуулагч Б.Баясгалан эмхэтгэн орчуулжээ.
"АРИАН” ТУУЖ - ЯРУУ НАЙРАГЧ Э.БҮЖИНЛХАМ
Залуу яруу найрагч Э.Бүжинлхамын хүүрнэл зохиолын эхний бүтээл. Нэг харахад өдрийн тэмдэглэлийг санагдуулах хэрнээ, нөгөө талаас зохиолчийн ухаарал, сэтгэмжийн нислэгээс бүрэлдсэн ном. Энэ ном Монголын нэн шинэ үеийн утга зохиолын нэгэн өвөрмөц өнгө төрх юм.
Ф.М. ДОСТОЕВСКИЙ "СОЛИОТ” РОМАН - ОРЧУУЛАГЧ Ц.ГОМБОСҮРЭН
Өмнө нь Ф.М. Достоевскийн Карамазовын хөвүүд, Гэм зэм романуудыг өндөр төвшинд орчуулсан Ц.Гомбосүрэн гуайн хэл найруулгын уян хатан, баялаг чанар "Солиот” романы орчуулгад улам тодоор илэрсэн байна. Орос эх нь "Идиот” нэртэй уг романыг Монсудар хэвлэлийн газрынхан мөн орчуулан хэвлүүлсэн ч, Ц.Гомбосүрэн гуайнх аль ч талаараа илүү болсныг батлан хэлж чадах байна. Нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн суут зохиолчийн бас нэгэн зохиолыг монгол хэлнээ буулгаж, Мөнхийн үсэг компани хэвлэн олон нийтэд хүргэжээ.
"ХАРЬ ГАРИГИЙН ӨГҮҮЛЛЭГҮҮД” - ОРЧУУЛАГЧ Д.ДАШМӨНХ
Монголд зөгнөлт уран зохиол төдий л сайн хөгжөөгүй. Харин орчуулагч Д.Дашмөнхийн энэ ном уран зохиолын сонирхолтой, өвөрмөц салбарын тухай уншигчдын мэдлэг, таашаалыг нэг шат ахиулсан бүтээл болж чадсан юм. Өдгөө АНУ-д ажиллаж амьдарч буй орчуулагч маань энэ чиглэлийн сонгодогууд болох Р.Стивенсоны "Жакил, Хайд хоёр”, Брем Стокерийн "Дракула” зохиолыг мөн орчуулаад байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих