Монголын ард түмэн цусаа урсган байж хамгаалан тэмцэж ирсэн Халхголын хязгаар нутаг нэг л өдөр "Чөлөөт бүс” нэрийн дор хашаа, хаалт татсан хориотой газар нутаг болон хувирах юм гэж хэн санах билээ. Тэр тусмаа хүн бүрийн сэтгэл санаа баяр наадмын зүг чиглэсэн тэр зурвасхан үед УИХ-аар "Халхгол” чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг яаравчлан батлуулсан нь Халхголчууд төдийгүй нийт Монголчуудыг бухимдахад хүргэсэн.
Уг тогтоолын дагуу Буйр нуураас Халхгол сумын төв хүртэлх 500 мянган га газарт Чөлөөт бүсийн тухай хууль үйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гадны иргэд 30 хоног визгүй зорчих, тэнд үйл ажиллагаа явуулж буй а.а.нэгжүүд гадаад ажилчдыг хүссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзүйн орчин нээлттэй болсон юм.
Иймээс уугуул нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн улам бүр эрчимжиж, төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн буйгаа илэрхийлсээр байна.
Өчигдөр буюу 10-р сарын 25-ны өглөө Халхгол чөлөөт бүсийн санаачлагч, ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсгийнхэн Халхгол суманд очоод нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. 10-аад жийп машин хөлөглөсөн албаны хүмүүс Чөлөөт бүс байгуулах ажлаа танилцуулахаар Халхгол сумын Ялалт баг дээр очсон юм байна. Энэ үеэр нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, тэднийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Ингээд Р.Бурмаа сайд хүмүүсээ авч, Халхгол сумын төв рүү зугатах нь холгүй явцгаажээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн Халхгол сумын төвд ч үргэлжилж, 75-р тогтоолоо цуцлахгүй бол манай нутагт хөл тавих хэрэггүй гэсэн сануулгыг албаны хүмүүст өгч байгаа юм.
Олон улсын жишигт Халхголынх шиг 500 мянган га байтугай 50 мянган га-тай чөлөөт бүс ч тун ховорхон байдаг аж. Халхголын хөрс хэт эмзэг тул чөлөөт бүсийн ашиглалтын явцад амархан элэгдэж, эргэн төлжихгүй болтлоо доройтох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Энд Чөлөөт бүсийн онцгой дэглэм мөрдөгдсөнөөр нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх, гаалийн татвар тэг хувь учраас Монгол улсын эдийн засагт ашиггүй нөхцөл байдал үүснэ гэх зэрэг олон эрсдэл бий. Саяхан Халхгол сумын 1600 гаруй иргэд Чөлөөт бүсийг цуцлуулах тухай өргөдөлд гарын үсэг зурж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Түүнчлэн УИХ-ын 10-аад гишүүн хамтарч, Халхголыг Чөлөөт бүсийн хуулиас "сугалж гаргах” тухай тогтоолын төсөл санаачлаад байгаа. Уг төсөл дэмжигдвэл Халхгол чөлөөт бүсийн 75-р тогтоол хүчингүй болох юм.
Эх сурвалж: www.dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих