МУГЖ, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар хэдхэн хоногийн өмнө МАХН-ын гишүүн болж, намын батлахаа гардаж авсан. Түүнээс намд элссэн талаар нь цөөн асуултад хариулт авлаа.
-Яагаад МАХН-ын гишүүнээр элсэх болов. Энэ талаар тайлбар өгөөч?
-Энэ бол иргэн хүний сонголт. Өнөөдөр би Монгол Улсын иргэн учраас аз жаргалтай айван тайван амьдрах ёстой. Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн эзэмшсэн байх ёстой. Ард түмний аз жаргал Монгол Улсын хөгжил нам гэж явснаар, эрх барьснаар илүү түлхүү хөгжиж байгаа нь хаана байгаа юм. Нам гэсэн нэрийн доор хэдхэн хүний олигархи бүлэг үүсээд, ард түмэн нь ядуу, улс орон нь өрөнд баригдсан, хөгжилгүй ийм л нийгэм байна. Бид үүнийг хүсээгүй. Тиймээс монгол хүний хувьд эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил, ард түмний аз жаргалын төлөө иргэний хувиар санаа зовж байна. Бидний хүсч байгаа нийгмийг аль нам нь илүү түлхүү бодлого төлөвлөгөө, мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа нь чухал. Мөн хэрхэн яаж биелэгдэх итгэл байна гэдэг тал дээр Төмөрбаатар гэдэг иргэн хүний хувьд илүү МАХН-ыг сонгож байгаа юм.
-Та олон жил АН-ын гишүүн байсан байхаа?
-Би 1990-2012 он хүртэл АН-ын гишүүн байсан. Гэхдээ өнөөдөр нам бус гэж яваа. Эрх барьж байгаа АН юу хийв гэдгийг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. АН ерөнхий чиг бодлого, баримтлалаа алдчихаад байна. Би өнөөдөр үзэл бодлоосоо урваагүй, ухаагүй. Өөрийнхөө үзэл бодлоор МАХН-д элсч байна.
-Таныг МАХН-д элсэхтэй зэрэгцэн сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдээлэл дуулдаж байна. Үнэхээр нэр дэвших үү?
-Тусгаар тогтнол эрх чөлөө, ард түмний аз жаргалын төлөө би өөрийнхөө бие, оюун, хөдөлмөрийг бүрэн дүүрэн зориулна. Миний энэ хүсэл мөрөөдлийг МАХН дэмжинэ, ойлгоно гэж итгэж байгаа. Би зүгээр сул гишүүн байхыг хүсэхгүй байна. Гэхдээ идэвхтэй ажиллана гэхээр заавал УИХ-д нэр дэвшээд юмуу, дүүргийн иргэдийн төлөөлөгч байна гэдэгт гол нь биш.
Өнөөдөр Соёлын яамыг аваад хаячихлаа. Соёлд тусалдаг байсан ганц байгууллага Урлаг хөгжүүлэх санг татан буулгалаа. Урлагийг юу ч үгүй болгосон. Урлагийн хүмүүс бор зүрхээрээ явж байна. Гэтэл миний мэргэжил, өөрийнхөө амьдралыг авч явдаг гол зүйл маань жүжигчин. Тэгэхээр би хөсөр хаягдаж байна гэсэн үг. Төр урлагийг дэмжих ёстой гэж хэлээд байхад хөсөр хаячихаад байна. Тиймээс улс төрд идэвхитэй оролцохоос өөр арга алга. Оролцохгүй бол болохгүй байна. Хэрэв намайг итгээд урлагийн ямар нэг удирдах албанд ажиллуулах юм бол би бүх хөлс хүчээ шавхаж ажиллана. Гэхдээ юмыг яаж мэдхэв нэр дэвших санал орж ирэх юм бол үгүй гэхгүй. УИХ-д нэр дэвших нь юу юм. Намаас санал тавих юм бол нийслэл юмуу Баянгол дүүргийн иргэдийн хуралд өрсөлдөж магадгүй. Татгалзах зүйлгүй.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих