Хүнд хэрэггүй юм гэж байдаггүй гэсэн үг бий. Тэгвэл өнөө үед огт
өөрөөр хэлж болмоор байна. Тэр чинь юу вэ? гэвэл хүнд хэрэггүй юм гэж
бас байх юм. Тэр нь өндөр албан тушаал юм шиг. Ингээд бодоход "Яагаад”
гэсэн хатуухан асуулт тэнэмэл бодлыг ээрээд байх. Уг нь эзнээ олсон нь
бол хэрэггүй юм биш. Төр буйд төрийн өндөр албан тушаалтан байх л
учиртай шүү дээ. Тийм болохоор хэрэггүй мэт хэлэгдэх албан тушаал биш
тэр суудалд хууль номын заалт зөрчин очсон албан тушаалтан л буруу
гарынх болоод байна. (Буруу гарынх гэдэг нь хулгайн зүйлийг хэлдэг)
Өнөөгийн өндөрлөгөөс харвал төрийн өндөр албан тушаал гэдэг юм эзнээ
олохоо бүр байж. Үүний уршгаар албан тушаалтны тарьсан гай элбэгшлээ.
Захаас авам хэдхэн баримт хэлж болно. Төрийн өндөр албан тушаалтан хүнд
цээрлэж явах олон юм бий. Түүний нэг нь худал хэлэх.
Энэ цээрийг ихээхэн
зөрчиж байгаа хүний нэрсийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхий сайд
Н.Алтанхуяг тун дээгүүр бичигдэж байгаа. Энэ хүн өргөн хэрэглээний барааны үнэ
нэмэгдэхгүй гэж хэлээд сүүлд нь бүгдийг нэмэгдчихлээр нээрээ нэмэгдээгүй
гэж нэг хэсэг зүтгэсэн. Төрийн албыг төрлийн болгохгүй төрийн хуучин
ажилтнуудыг нэгийг ч халахгүй гэж бүлтэрсэн бол тэр нь огт худал байв.
"АН” гэсэн тамгагүй бүхэн халагдсан байдаг. Хүргэнээ төрлийн биш гэж
эндүүрээд Засгийн томоохон албанд томилж. Тэр нь чихийг нь халууцуулж
сандаргасан удаатай.
Улаанбаатар хотын утаа нэмэгдсэн ч хоруу чанар нь багассан гэж сүрхий
залаад авсан. Ноднин намраас хойш ахмад настны тэтгэврийг нэмнэ. Гэхдээ
чимээгүй нэмнэ. 15-30 хувь шүү гээд байсан. Тэгсэн сая нэр төдий
нэмэлтийг хулгай маягаар хийж хөгшин хөвөө бүхнийг ундууцуулав. Тэр
бүхний гай бас их юм л даа.
Өмнө нь УИХ-ын гишүүн байсан нөхөр нэг яаманд төрийн нарийнаар очоод бас
их гай тарьж байгаа бололтой. Хүүгийнхээ компанид тендер бэлэглэсэн ч
гэх шиг. Өөрийн аймгаасаа өчнөөн хүн авчирч яамандаа томоохон албан тушаалд тавьсан. Тэр нь
хөрөнгө мөнгөний асуудалтайгаар бас будлиан тарьж төрийн албанд илүүдэл
болоод байдаг. Энэ хүн бол ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга
П.Алтангэрэл гэгч. Батгана суусан газар балагтай гэдэг шиг л Алтангэрэл
очсон яамандаа гай болж байгаа л юм бичигдээд байна. Бас Монголын төрийн
түшээ байж болохгүй нэгэн хэргийн эзэн бол С.Баярцогт. Тэр гадаадын
банкинд оффшор данс нээлгэсэн нь буруутай гэгдсэн.
Тэр нь батлагдахтай
зэрэг УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн нэрээр суудалдаа хэвээр
байгаа. Уг нь төрийн хэрэгтэн ч байж болох баримт бий. Тэр нь юу вэ?
гэвэл уг данс нээлгэх баримт бичгээ бүрдүүлэхдээ оөрийгөө Хятадын монгол
гэж бүртгүүлсэн юм гэдэг, Энэ нь бидний монгол чинь Хятадынх болж
таарах гээд байгаа юм. Тэгэхээр улс төрийн хэрэг гэж үзэж болох гай
харагдаад байгаа юм л даа. Албан тушаалтны бас нэг онц ноцтой гайны тухай хэлье.
ИНЕГ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалт’
хариуцсан тэргүүн дэд дарга С.Энх-Амгалан гэдэг нөхөр ямар ч сургуульд
суралцаагүй, нисэгчийн хуурамч үнэмлэхтэй С.Ганхүү гэдэг хүүгээ олон
улсын нислэгийн экипажид багтаажээ. Тэр нь Улаанбаатараас-Бээжингийн
чиглэлийн нислэгт явж байхдаа онгоцоо өндрийг нь алдуулж зорчигчдын
дээрээс хүчиртөрөгчийн баг буулгаж улмаар осол болохын өмнө хөлгийн
дарга Ц.Ганбаатарын мэдлэг чадварын хүчээр ослын буулт хийсэн байдаг. Уг
онгоцонд 180 гаруй зорчигч явсан юм билээ. Хэрэв онгоц осолдсон бол юу
болохов. Хэлэхэд ч хэцүү. Албан тушаалтны амиа бодсон арчаагүй байдлаас
болж гайхмаар хачин гай ийм л байх юм. Ер нь улстөрийн зарим албан
тушаалыг мөнгө хөронгө хувааж идэх, өвөр халаасаа дүүргэх гэж ойлгодог
болчихсон цаг юм даа. Албан тушаалтны гай гэдэг араа шүдээ хавирсан
араатныхаас ч хортой болжээ.
Зууны мэдээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=123
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих