Чойбалсан хот маань хүрээгээ тэлж өнгө зассаар улсын чанартай томоохон хотын энтэй гэдгийг бид хэдүйн мэдэх билээ. Ер нь ч аль тэртээ соц нийгмийн үеэс л орос "ах нар” байрлаж манай хотын бүтээн байгуулалтанд гар бие оролцож, Чойбалсан маань хотын өнгө төрхийг тэртээ 1970-1980 оны үеэс л олсон гэж хэлж болно.
Гэтэл манайхан сүүлийн үед Хэнтий, Сүхбаатар аймгууд манайхаас хөгжлөөр хол тасарлаа л гэж гоморхох маягтай явган яриа гаргасаар нилээдгүй хугацааг үдлээ. Би боддог юм, Хэнтий, Сүхбаатар хоёр аймгийн төвийг Чойбалсантай харьцуулаад яриад байхаар нь бие гүйцсэн шарыг бяруутай харьцуулдаг шиг л санагдаад байх юм гэж. Яг өмнө нь Баруун-Урт, Өндөрхаан хоёрыг Чойбалсантай харьцуулж байгаагүй л дээ, Өндөрхаанаар дайрч Улаанбаатар луу бол анх оюутан болох үеэсээ л 1997 оноос эхлэн амралтаараа ирэх буцахдаа зөндөө л дайрсан. Чойбалсан хотын маань дэргэд дэндүү "өчүүхэн” санагддаг байсан даа, сумын маань төвөөс ялгаатай нь хоёр гурваараа байдаг байл уу, таван давхаруудаараа ялгарч байсан байх.
Харин Баруун-Уртад бол 2011 онд анх хөл тавьж байсаан. Баруун-Урт тэр үед хөгжлийнхөө эхний шатанд алхам алхмаар сайжирч байгаа тухай хамтдаа очсон нөхдөөсөө дуулж билээ. Тэгээд өмнө нь ямар байсан талаар сониучирхтал "Эсгий гэр-хот” байсан шүү дээ л гэсэн хариулт сонсоод Чойбалсан хотынхоо хотжилтоор бахархах сэтгэл төрж билээ. Тэгэхлээр Баруун-Урт, Өндөрхаан хоёр багаахан тооны 4-5 давхар сүндэрлүүллээ гээд баахан сүржин тууз хайчлаад, нээлт хийснээ хэвлэл мэдээллээр цацаж сурталчилсныг нь манайхан хөгжиж байна гэж эмзэглэцгээж бачуурах юм.
Гэтэл Чойбалсан хотод маань засаг төрийн оролцоогүй ч орон нутгийн үйлдвэрлэгчид маань хэдийнэ 10 давхар орон сууц ашиглалтанд оруулчихаад л байна. Энэ талаар манайхан мэдсэн ч мэдээгүй юм шиг таг. Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа Дорнодын барилгын 30 гаруй аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хүчээр барилга байгууламж барьж ашиглалтанд оруулан Засгийн газрын "1000 айлын орон сууц” хөтөлбөрт оруулахаар саналаа илэрхийлээд байна. Гэтэл Баруун-Урт, Өндөрхаанд барилгын компаниуд байдаг болов уу гэж бодогддог шүү.
Сүүлийн үед хот маань төлөвлөлт муутай байснаас эмх замбараа алдагдах, гадна хүрээгээрээ тойруулаад гэр хорооллын төвлөрөл ихтэйгээс агаарын бохирдолтой томоохон хотуудын нэгэнд зүй ёсоор тооцогдох боллоо. Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, дахин төлөвлөлтийн талаар аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллаж эхлээд байна.
Нилээдгүй ажлуудыг зохион байгуулах тал дээр холбогдох албаныханд үүрэг чиглэл ч өглөө. Эндээс л гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулж, хувийн болон нийтийн орон сууцжуулах замаар хотын агаарын бохирдлыг бууруулж, эгнээ гудамж битүүлэх, эмх замбараагүй хашаажуулдаг байдлыг багасгах зорилготой юм гэж харагдаж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэхдээ Ийст палас төвийн шугамаас баруун тийш үргэлжлүүлэн 1,8 км шугам шинээр татан баруун хойш 2,4 км сунгаснаар "Тээвэрчдийн” арын уудам зайд орон сууцны барилга барьж, зүүн тийш сунгах маягаар Хан-Уул, Зангиатыг хамруулан газар чөлөөлөх, тухайн газар дээрхи айл өрхүүдийг нэгдсэн шугам сүлжээ бүхий, шинэлэг загвар стандарттай тохилог хаус, орон сууц барих замаар барилгажуулж хийх санал санаачлагууд гарсаар байна. Мөн цаашилбал Чойбалсан хотын Захирагчийн ажлын албанаас мал бүхий иргэдийг хотын зах руу байршуулах, билчээр нутаг хуваарилан малтай бүсийг байгуулахаар яригдаж байна.
Монгол оронд гэр хороолол бүхий хот суурин газрууд гэж яригдаж байснаас бус гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар туршлага, ажлын арга барил, төлөвлөгөө түгээмэл бус ч, нийслэл хотоосоо эхлүүлээд энэ талаар нилээдгүй өргөн хэмжээнд яригдах болсон энэ цаг үед Чойбалсанчууд ч бид бас л ярилцах төдийгүй хийж хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна. Дахин төлөвлөлт хийнэ гэдэг тийм ч санаснаар болох амар эд биш ч гэх хандлага түгээмэл байна.
Төмөр зам буюу 8-р баг орох замд орчин үеийн "Залуус” хороолол ашиглалтанд орчихсон эхний айлууд нь орон сууцандаа орж өвөлжөөд эхэлсэн байна лээ. Яг л гэр хороолол гэж миний ойлгож төсөөлдөгтэй ижилхэн санагдсан шүү. Нийтийн эзэмшлийн томоохон хашаан дотор тус тусдаа намхан хайсан хашаагаар хүрээлэгдсэн жимс бут тариалах газартай, граж бүхий амины хаус орон сууцтай орчин бүрдсэн байна лээ. Мөн л олны хэл ам дагуулаад байгаа "Дорнод гурил” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан хороолол ч гэсэн тухайн байшингаа тойруулсан өөрийн гэсэн байж болох бүхий л орчинг бүрдүүлсэн байсан нь аятайхан санагдсан. Энэ мэтчилэнгээр гэр хорооллын зай талбай, зах хязгаар хэсгийг нь ашиглан нэгээс нөгөөд нь шугам сүлжээ татах замаар орон сууцжуулбал зүйтэй л санагдсан.
Харин тухайн нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүдтэй, харилцан тохиролцох замаар хөнгөлттэй нөхцөлтэйгээр орон сууцжуулахад аймаг хотын удирдлагууд анхаарч, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй зохион байгуулууштай санагдсан шүү. Орон нутгийн ТВ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдаж байгааг ажиглахад заавал давхар орон сууц гэлтгүйгээр дулаан, цэвэр бохирын шугамын асуудлыг нь шийдчихвэл боломжийн хийц загвар, интерьер дизайнтай амины орон сууцнууд зарна гэж зурагтай нь зарлуулж байгаа харагддаг шүү. Канад загварын орон сууц гэх мэтийн янз бүрийн шийдэлтэй, төвийн халуун дулаанд холбогдох боломжтой гээд л зөндөө л сурталчлаад байдаг юм билээ. Тэдгээрийг ч гэсэн нэгдсэн шугам сүлжээнд холбох замаар төлөвлөлтийг хийж болмоор санагдаад байх юм.
Энэ тал дээр олон нийтийн цахим сүлжээг ашиглан нээлттэй хэлэлцэн, иргэдээс ирүүлсэн санаа бодлыг нэгтгэн аймаг орны удирдлагуудын сонорт ч хүргэх ажлыг зохион байгуулж болохоор харагдаад байна.
Чойбалсан хотод маань гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгтэй юу?
Г.ТӨМӨРЧУЛУУН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих