НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн хорооны чуулганаар дэлхийн хүн амын тоог зарлаж, хүн төрөлхтөнд тулгарч буй гол асуудлуудын талаар мэдээлсэн юм.
Дэлхийн хүн төрөлхтөний өмнө тулгарч буй гол асуудал нь хурдан хөгшрөлт, хотжилт гэнэ. Ийм мэдэгдлийг Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Хүн ам ба хөгжлийн комиссын 47 дахь чуулганаар зарлажээ.
Тус чуулганы үеэр дэлхийн хүн ам зүйн чиг хандлагын тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүны тайланг танилцуулсан байна.
Тус тайланд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бүс нутагт, улс орнуудад гарсан өөрчлөлтийг харгалзан, дэлхийн хүн ам зүйн нөхцөл байдлыг тоймлон үзүүлжээ.
Дэлхийн хүн амын тоо 1994 оноос 5.7 тэрбумээс 2014 оны эх хүртэл 7.2 тэрбум болж өссөн байна. Мөн ирэх арван жилд Африк тивийн хүн ам өсөх хандлагатай байгаа гэнэ.
Харин 2014-2050 онуудад дэлхийн 40 гаруй улсад хүн амын өсөлт буурах гэнэ. Герман, Хятад, Польш, ОХУ, Румын, Серби, Тайланд, Украин, Япон улсуудад хүн амын өсөлт саарна.
НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн хорооны шинжээчдийн мэдээлж буйгаар 2025 онд дэлхийн хүн амын тоо 8.1 тэрбум, 2050 он гэхэд 9.6 тэрбум болно гэнэ.
1994-2014 онуудын хооронд 60-аас дээш насны хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Өнөөдөр өндөр настай хүмүүсийн тоо, тав хүртэлх насны хүүхдүүдээс хэд дахин их болсон. Үүнээс үүдэн 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 21 хувийг өндөр настнууд эзэлнэ гэж таамаглаж байна.
Ирэх 35 жилд дэлхийн нийт хүн амд залуучуудын эзлэх хувь харьцангуй тогтвортой хэвээр байна.
Одоогийн байдлаар дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 3.9 тэрбум нь хот суурин газарт амьдардаг, ирээдүйд энэ тоо улам өсөх аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тайландаа дэлхийн хүн ам ирээдүйд хэмжээ, бүтэц, орон зайн тархалтын хувьд ихээхэн өөр байна гэж тэмдэглэсэн байна. Хүн ам зүйн өөрчлөлт нь эдийн засаг, байгаль орчин, улс төрийн бодлогод чухал нөлөө үзүүлнэ гэдгийг ч онцолжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих