Дорнод аймгийн Матад сумын хэсгийн төлөөлөгчийг хууль бусаар алт олборлогчид буюу нинжа нар барьцаалсан тухай мэдээлэл цагдаагийнхныг түргэн авахуулжээ. Баянхонгор аймгаас "Ланд круйзер” маркийн автомашин хөлөглөсөн хэдэн нинжа Матадад очиж газар сэндийчиж эхэлсэн аж.
Энэ тухай мэдээллээр сумын удирдлага, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар тухайн газарт нь очиход 5-6 нинжа 52-… БНХ дугаартай машинд суун зугтсан гэнэ. Араас нь цагдаа, сумын удирдлага хөөхөд нэлээд зугтаж байснаа гүйцээд очмогц, хүрз, царилаа аваад "ална” гээд буугаад ирсэн аж.
Хэсгийн төлөөлөгч нь учрыг нь олох гээд бууж очих үед сумын удирдлага нь машинаа хөлөглөн зугтаж, улмаар сумын төвдөө очин Дорнодын Цагдаагийн газарт дуудлага өгчээ. Ингээд зүүн гурван аймгийн Цагдаагийн газар, хэлтсийнхэн түргэн авч, хаалт хийж отоод Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвөөс зүүн тийш 30 гаруй км-т явж байхад нь олж саатуулсан байна.
Гэтэл машинд хэсгийн төлөөлөгч байгаагүй гэнэ. Ингээд зам шалгалтаар явахад сумын удирдлага хэсгийн төлөөлөгчөө орхиод явсан газраас холгүй үлдээсэн байжээ. Өдгөө Баянхонгорын нинжа нарт Эрүүгийн хуулийн 181.3-т заасан Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум хил залгаа учраас нэг их холдоогүй баригдсан гэнэ. Хэсгийн төлөөлөгч ямар нэгэн гэмтэл шархгүй, зодуулж цохиулаагүй байгаа талаар Матад сумын нэг иргэн бидэнд мэдээллээ.
Г.РАВЖАА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих