Хөдөө аж ахуйн Халх гол
чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол хэрэгжих шатандаа
байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх явцад улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн
эсэргүйцэлтэй тулгараад байна. Энэхүү хэсгийг дагаж эсэргүйцлийн
хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хувьд юуны учир талцаж, ямар шалтгаанаар
төр засгийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа бараг мэдэхгүй байгаа гэхэд
хилсдэхгүй. Үүний нотолгоо нь Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс
байгуулах тухай УИХ-ын тогтоол гарчихаад байхад "Эдийн засгийн чөлөөт
бүс байгуулах гэлээ. Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсээ хөгжүүлж
чадаагүй байж” хэмээн ямар ч мэдээлэлгүйгээр ярьж байгаа явдал.
Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн ялгаа нь тухайн нутагт мал амьтнаа эрvvл байлгах онцгой анхаарлын бүс байгуулна гэсэн үг. Нийт 500 мянган га газрыг сонгоод тэндээ нүүдлийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, улаан буудай, төмс, хүнсний ногоо тариалах тухай ойлголт. Гэтэл 500 мянган га газрыг тэр чигт нь хөрсийг нь хуулж атаршуулна, гадныханд эзэмшүүлнэ гэсэн мэдээлэл түгж хэсэг хугацаанд иргэдийн санаа сэтгэлийг түгшээлээ. Гэхдээ энэ бол улс төр байсан гэдэг нь Р.Бурмаа сайд газар дээр нь ажилласны дүнд илрэх шиг боллоо.
Хэрвээ 75 дугаар тогтоолыг хэлэлцэх үйл явцыг санаж байгаа бол 500 мянган га газрыг тэр чигт нь хагалах биш, тухайн нутагт байх мал амьтныг эрүүлжүүлэх, гоц халдварт өвчингүй бүс болгох зорилгын дор энэ тогтоол гарсан. Асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн ярьсан үгнээс энэ бүхэн илүү тод харагддаг. Архиваас УИХ-ын чуулганы протоколыг сөхөж харвал хэн, хэн ямар байр сууринаас асуудалд хандаж, төслийг санаачлагчид хэрхэн тайлбарлаж байсан нь хадгалагдаж байгаа. Тэгээд ч тухайн бүс нутагт одоо ч газар тариалан эрхэлж л байна. Хэрвээ тэнд Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулчих юм бол бидний гадаад оронтой хийх гээд хийж чаддаггүй, мах, хүнсний ногоо, улаан буудайн гадаад худалдаа буюу экспорт торох зүйлгүй цэцэглэнэ. Үүнийг УИХ-ын 75 дугаар тогтоолд тов тодорхой заагаад өгчихсөн байхад зарим нам, популистууд хэргээр асуудлыг гуйвуулж улс төр хийсэн нь өнөөдөр тодорхой болж байна. Энэ улс төр явсаар нэг дайсан ихдэж, мянган найз цөөдөхөөр хэмжээнд хүрсэн нь энэ бололтой.
Р.Бурмаа сайд сая Дорнод аймаг, Халх гол сумын иргэдэд хөөгдөн байж ажиллахдаа бас нэг гавъяа байгуулчихлаа. Тэр нь юу вэ гэвэл Монгол ардын нам засаглаж байх үедээ буюу 2008-2012 онд төрийн удирдлагыг хямралд хүргэсэн байжээ гэдгийг тогтоосон явдал. Энэ нь юугаар илэрч байна вэ гэвэл Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд Солонгосын "Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгсөн байж. Ердөө Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, тэргүүлэгч Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар тавуулахнаа сууж байгаад ийм шийдвэр гаргачихсан байх юм. Энэ таван хүний Солонгосын Хансоломо компанид газар өгөх тухай асуудлыг хэлэлцсэн протоколыг харахад "Халх голын ялалтыг ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, арван жилээр сунган ажиллахад татгалзах зүйлгүй” гэх мэтээр ярьсан байна.
Хамгийн ноцтой нь дээрх таван эрхэм ийнхүү Монгол орны газар нутгаас 25966 га газрыг гадны компанид хууль бусаар худалдсанаа хэнд ч тайлагнасангүй. Дорнод аймгийн Засаг дарга, ИТХ, аймгийн газрын алба гээд Р.Бурмаа сайдыг очтол хэн ч энэ тухай мэдээгүй байсан гэж байгаа. Монгол ардын нам, Ерөнхий сайд С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үед ийм л шийдвэрүүд гарч байсан байна. Баримт нь өнөөдөр дэлгэгдэж тухайн үед орон нутгийн удирдлагууд хэрхэн хөлөөрөө толгой хийж байсан нь илчлэгдлээ.
Асуудал үүгээр дуусахгүй. Мэдээж хууль бус шийдвэр байсан учраас Ц.Насанхүүгийн оронд 2011 онд ИТХ-ын даргаар томилогдсон Буяндэлгэр шийдвэрийг цуцалжээ. Харамсалтай бас л газрын хулгайг гааруулж Солонгосчуудыг хулхидаж, тухайн газар нутуг буюу 25966 га талбайг ашиглах эрхийг Үйзэн тал, Цог Октаэрд, Ашдын нөхөр гэсэн гурван компанид шилжүүлсэн байна. Энэ компаниуд ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй ч газрын наймаанд гаршсан нөхөд болох нь харагддаг. Учир нь Үйзэн тал компани эзэмших болсон 14232 га талбайгаа хэдхэн хоногийн дараа Голденсояа, Нью-Ариг-Ус компанид хуваан худалджээ. Цог Октаэрд компани нь 6917 га талбайн эзэмших эрхээ Идэр интернэйшэнд, Ашдын нөхөр компани нь 4861 га талбайн эзэмших эрхээ Хожуулын эх компанид тус тус дамлан худалдсан байна. 2011 онд ИТХ хуралдаж шийдвэр гаргаад хэдхэн хоногийн дараа компани хооронд газар эзэмших эрх шилжсэн байгаа учраас багагүй хэмжээний мөнгөтэй холбогдох газрын панз байжээ гэж хардахад хүргэж байгаа юм.
Харин
өнөөдөр хэн юуны төлөө асуудлыг улстөржүүлэв гэсэн асуулт зүй ёсоор
тавигдана. Үүнд мэдээж хариулт бий. Халх гол сумын ИТХ-ын дарга асан
Ц.Насанхүү өнөөдөр төр засгийн эл шийдвэрийг хамгийн их эсэргүүцэж
байгаа гол хүн нь. Р.Бурмаа сайдыг Халх гол суманд хүрэлцэн очиход
цагаан хоолой барьчихсан нутгийн иргэдийг төр засгийн эсрэг турхирч
байсан нь телевизийн камерт баримтжиж үлдсэн байна. Үүнийг эрх ашгийн
зөрчилтэй гэхээс яах билээ. Эрх ашгийн зөрчилтэйгээр 75 дугаар тогтоолыг
эсэргүүцэгч хүмүүс үүгээр дуусахгүй. УИХ-ын гишүүн Хаянгаагийн
Болорчулуун хэмээх эрхэм бие даагчдаар дэмжүүлэн мөн л төр засгийн
гаргасан тогтоол, бодлогын эсрэг улайран ажиллаж байгаа нь тодоос тод
харагдаж байна. Шалтгаан нь Х.Болорчулуун гишүүний Дорнод гурил компани
Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах нутагт улаан буудайн 5900 га
талбайтай. Ийм л эрх ашгийн зөрчил дор Х.Болорчулуун гишүүний эх орны
эрх ашиг хэмээн ярьж сууна. Түүний Халх голд эзэмшдэг 5900 га талбай нь ч
бас л но-той юм билээ. Дорнод гурил 2740 га талбайг эзэмших эрхтэй ч
өнөөдрийг хүртэл 5900 га талбайд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Үлдсэн
талбайг нь 2004 онд Хишиг-Агро компанид эзэмшүүлэх эрх олгосон байдаг ч
яг үнэндээ тэр компани нь 2005 онд байгуулагдаж байсан нь бас л сонирхол
татна. Ер нь тухайн бүс нутагтай холбогдоогүй улстөрч, бизнес эрхлэгч
томоохон аж ахуйн нэгж ховор юм. Эрх ашгийн зөрчилтэй эрхмүүдийн нэр
үүнээс цааш хөвөрнө. "МАК” ч энэ жагсаалтын тэргүүн эгнээнд явж л
байна.
Хэрвээ Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах асуудалтай улстөрчидийн ашиг сонирхол зөрчилдөөгүй бол асуудал аль хэдийнэ шийдэгдчих байсан биз ээ. Халх голын 30 мянган га газрыг гадны компанид худалдсан гэх яриа өнөөдрийг хүртэл явсан болохоос биш түүнийг нь үзэж харсан хүн огт байгаагүй юм. Аймгийн Засаг дарга, Засгийн газарт ч энэ тогтоол ирж байгаагүй нь Халх гол суманд газрын наймаа ямар хэмжээнд өрнөснийг шууд харуулж байна.
Н.МЯГМАР

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих