Эрт урьд юм гэнэ лээ хаа ч юм бэ газар оронд нэгэн уран хүн амьдарч
байжээ. Тэрээр янз янзын модон хүүхэлдэй бүтээдэг ажил насаараа эрхэлж,
тэд нар нь ч өдрөөс өдөрт олширсоор гэр оронд нь багтаж шингэх
газаргүй болж гэнэ.
Нэгэн өдөр тэрээр гэрийнхээ гадаа том жижиг, өндөр нам янз бүрээр
бүтээгдсэн тэдгээр хүүхэлдэйгээ харан гунихран сууж байхдаа, эд нар
маань амь ордог ч болоосой хэмээн бодтол тэр дороо Бурхан багш өмнө нь
гарч ирж:
–Хэрэв хүсвэл чинь эдгээр хүүхэлдэйг чинь амилуулж өгөх үү гэж асуужээ. Мужаан ч магнай хагартал баярлаж дуу алдан:
-Тэгэлгүй яахав ээ гэж гэнэ.
Тэр өдрөөс хойш ингэж модон хүүхэлдэйн нэгээхэн бяцхан тосгон бий болох
нь тэр. Хүүхэлдэйнүүд эхэндээ эвтэй найртай амьдарцгааж байж гэнэ.
Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос, хэн нэгэн ахлагч ямар нэг
гавьяа байгуулсан гэж үнэлэн бусдынхаа биеийг цоолон далдуу модны навч
хатгах болж гэнэ.
Бүгд л ямар нэг гавьяа байгуулсан гэгдэн янз бүрийн навчис энд тэндээ
хатгуулахаар уралдаж зүтгэн хатгуулцгааж, харин бусдаасаа арай давжаа
биетэй бяцхан хүүхэлдэйд ч юу ногдсонгүй, түүний биед юу ч байхгүй
байхыг хараад бусад нь ч шоолж эхэлжээ.
Мөнөөх хүүхэлдэй ч аргаа баран нэгэн өдөр өөрийг нь бүтээсэн эзэндээ
гүйж очин уйлж, та яагаад намайг ийм болгосон юм гэх ухааны гомдлоо ярьж
гэнэ. Тэгсэн чинь мужаан эзэн нь түүнийг тайвшруулж:
-Чиний хамгийн том гавьяа бол ийм модон хүүхэлдэй болон бүтээгдсэнийх
шүү дээ. Цаадуул чинь тэгж л байг, харин ч миний бүтээсэн арай
тааруухан хүүхэлдэйнүүд нь бөөн эрээн цоохор болчихсон явж харагдана
лээ. Чи бол хэдийгээр биеэр давжаа жижиг, бусдаас ялгарах юмгүй ч би
хамгийн их хөдөлмөр шингээж байж чамайг хийсэн юм шүү.
Тэд нарын зүүсэн эрээн цоохор зүйлүүд чинь юу ч биш, нэг өдөр салхинд
хийсээд уначихсаных нь дараа цаадуулын чинь бие нилдээ нүх сүвээр дүүрэн
байхыг нь хараад чи тэднийг шоолоорой гэж гэнэ. Нэгэн өдөр их салхи
шуурч яг л эзний хэлсэн ёсоор болсон юм гэнэ лээ.
Ш.Пүрэвсүрэн "Хорвоогоор аялахуй” номноос
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12449
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих