Хүн барьж иддэг аймшигт анаконда могойны тухай Холливудын нэг кино бий. Үнэндээ энэ бол анакондаг хэт аймшигтай болгон гуйвуулж харуулсан уран зөгнөлт кино юм. Гэвч манай дэлхий дээр энэ зөгнөлт киноны могойтой харьцуулашгүй аварга том аймшигт могой бодитоор амьдарч байжээ. Гэхдээ энэ нь одоогоос 60-58 сая жилийн өмнөх буюу аварга динозаврууд мөхснөөс 10 сая жилийн дараах үеийн амьтан ажээ.
2009 оноос өмнө ийм аварга могой манай дэлхийд амьдарч байсан гэдгийг мэддэггүй байв. Энэ могойн ясыг Өмнөд Америкийн Колумб улсын Серрежон гэдэг дэлхийн хамгийн том нүүрсний ил уурхайгаас нэг оюутан анх нээн илрүүлжээ. Улмаар 2009 оны 2 сард шинэ нээлтийн талаар шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүл "Nature”-д мэдээлсэн байна. Эрдэмтэд тэр могойг "Титанобао” гэж нэрлэв. Энэ нь "титан” буюу аварга том, түүнтэй хамгийн ойр төрөл гэх өнөө цагийн могой "бао” гэдэг үгсийн хоршил, "аварга бао” гэсэн утгатай үг ажээ.
Титанобао хэр том бэ?
Титанобао 12-15 метр урт, 1.1 тонн орчим жинтэй байв. Өөрөөр хэлбэл, титанобао том оврын автобуснаас урт амьтан байжээ. Титанобао өөрийн цаг үед хуурай газрын хамгийн том амьтан байсан байж ч магадгүй юм. Түүний дэргэд хүн өчүүхэн жижиг харагдана (Зураг 1). Гэтэл өнөө цагийн анаконда хамгийн уртдаа 7.5 метр хүрдэг байна. Энэ нь титанобаотой харьцуулахад хамаагүй жижиг хэмжээ юм.
Зураг 1. Титанобаогийн дэргэд хүн ийм хэмжээтэй харагдана.
Титанобао хэр хүчтэй вэ?
Титанобао амьдарч байсан цаг үед дэлхий өнөөгийнхөөс хамаагүй илүү чийгтэй, халуун уур амьсгалтай байв. Эрдэмтдийн үзэж буйгаар титанобао амьдарлынхаа ихэнх хугацааг анакондатой адил усанд өнгрөөдөг байсан бөгөөд магадгүй түүний үндсэн хоол тухайн үеийн бүдүүлэг матар байжээ.
Эрдэмтэд титанобао хэр зэрэг хүчтэй амьтан байсан талаар нэгэн сонирхолтой тооцоо хийж үзсэн байна. Хэрэв титанобао түүхэн дэх хамгийн аймшигт махчин үлэг гүрвэл гэгдэх тиранозавр (T-Rex)-тай тулгарвал бол яах бол? Математик тооцоо гайхалтай үр дүн харуулав. Хэрэв титанобао өрсөж чадах л юм бол тиранозаврыг хэмх ороох хангалттай хүчтэй ажээ. Түүний ороолт нэг инч талбайд Парисын цамхагийг гурав давхарласантай тэнцүү хэмжээний даралтаар үйлчлэх асар хүчтэй гэнэ.
Бидний амьдарч буй өнөө үед энэ амьтан байгаагүй нь азтай хэрэг. Гэхдээ эрдэмтдийн хувьд энэ амьтан шинжлэх ухааны ач холбогдолтой нээлт. Тэд энэ аварга амьтнаар дамжуулан дэлхийн өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийг судалж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих