Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн бямба гаригийн шөнө гэрээс нь баривчилсан. Түүний хамт тус яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байжээ. Гэвч 31-ний бямба гаригийн өдөр нь Монголд ирэх байснаа баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн нь тогтоогдсон гэнэ. Харин "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан Ж.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа бөгөөд и-мэйл, фэйсбүүк хаягаа ч хаасан байна.
"Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатын хувьд 2011 оноос буюу Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байх үеэс сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан. Баривчлах тушаал гаргах болсон гол шалтгаан нь Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг шалгаруулах ажлын хэсгийн дарга нь Зам тээврийн сайдын зөвлөх Ч.Ганбат, уг ажлын хэсгийн ажлыг хийх буюу өөрөөр хэлбэл Төмөр замын бодлогын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг мөн л Ч.Ганбат орж ажилласан.
Хамгийн сонирхолтой нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн шалгаруулалтад MCKINSEY&CONSULTING, BHP PARIBAS CORPORATE& INVESTMENT, PILLSBURY WINTHROP SHAW PITTMAN гэсэн гурван компани шалгарсан байснаа яг Чингис бондоос санхүүжилтийг өгч эхэлмэгц гэнэт Ч.Ганбатын өөрийнх нь LIBERTY PARTNERS нэмэгдэж орсон байдаг. Энэ нь ашиг сонирхлын ноцтой зөрчил гэдэг үндэслэлээр шалгагдах нөхцлийг бий болгожээ.
Дашрамд дурьдахад эдгээрээс "Либерти партнес” л огт татвараа төлөөгүй, гадны гурван компани нь ядаж л манай улсын төсөвт татвараа төлсөн болохыг дорх хүснэгтээс харж болно.
Тэгээд ч "Либерти партнерс” л ажлын хөлс болох 800 мянган ам.долларыг бэлнээр авсан байдаг. Түүнчлэн Чингис бондын хөрөнгөөс хамгийн том үнийн дүнтэй зөвшөөрөлд гарын үсэг зурсан "эдийн засгийн алуурчид”-ын нэгдүгээрт 1.2 тэрбум ам.долларын гарын үсэгний эзэн, ЭЗХЯ-ны сайд асан Н.Батбаяр, түүний дараа "МТЗ”-ийн Гүйцэтгэх захирал асан Ж.Бат-Эрдэнэ "аман хүзүүддэг” юм. Ж.Бат-Эрдэнийн тухайд "МТЗ” ТӨХК-ийн санхүүг ч барьж байсан, дэд захирал, гүйцэтгэх захирлаар ч ажиллаж байсан, ялангуяа санхүүжилт авах үед гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан нь анхаарал татдаг.
Цаашилбал "МакКинсей”-тэй чухам ямар гэрээ байгуулсан, гэрээгээр хэн, ямар үүрэг хүлээсэн, өнөөх зүтгүүрээ "Хаан” банкны барьцаанд тавьж байж төслийг урагшлуулсан гэдгийг дотор тус банкнаас авсан зээлийн зарцуулалтын задаргаа, "МТЗ” ТӨХК-аас зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн нэр бүхий гурван компани руу хэрхэн гүйлгээ хийсэн түүвэр, жишээ нь 1.6 сая ам.долларыг "МТЗ” ТӨХК-аас "МакКинсей”-д 2011 оны дөрөвдүгээр сарын 11-д ХААН банкнаар дамжуулан гуйвуулсан гадаад гуйвуулгын даалгавар зэргийг дэлгэж байна.
Магадгүй, эндээс Б.Батзаяатай холбоотой ямар нэг гүйлгээ илэрсэн учраас түүнийг хорьсон байх гэх таамаглалыг дэвшүүлэхэд буруутах зүйлгүй. Энэ түүвэртэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь "МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул /одоо хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа/ нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллажээ.
Энэ хугацаанд Б.Батзаяа нь 2011.04.07-04.16-нд, 2011.06.08-06.11-нд, 2011.07.11-07.12-нд ганцаараа, 2011.06.15-2011.06.18-нд Х.Баттулгын хамт БНХАУ руу, 2011.07.18-07.22-нд Япон руу, 2011 оны ес, аравдугаар саруудад БНСУ руу тус тус явсан байдаг. Дээрх гүйлгээг шалгасны дүнд энэ хэргийг зайлшгүй шалгах шалтгаан үүссэн ч байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байсан. Одоо ч энэ шалгалт үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэвч шалгалт одоогоор үргэлжилж байна. Энэ хэргийг шалгах болсноос үүдэн ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингисийг огцруулах зайлшгүй шалтгаан ч бас үүдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь Р.Чингис бол эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн "бүтээгдэхүүн” Тиймээс ч Р.Чингисээр оролдох улс төрийн шалтгаануудын нэг нь энэ яах аргагүй мөн. Ийнхүү Х.Баттулга дээрх шийдвэрүүдэд огт гарын үсэг зураагүй, А.Гансүх тогтоол, тушаалаас бусдад бараг гарын үсэг зураагүй, харин хамгийн гол шийдвэрлэх гарын үсгүүдийг зурсан Б.Батзаяа баривчлагдаж, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар зугтчихаад байна. Энэ нь цаагуураа юуг хэлээд байна вэ гэдэг тун сонирхолтой байгаа биз. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсаны маргааш энэ "Хатиг" хагарсан нь тохиолдлын хэрэг яавч биш.
С.Лантуу
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих