Монгол Улс байгалийн үзэсгэлэнт газар, үүх түүх, нүүдэлчдийн соёл гээд олон зүйлээрээ дэлхийн жуулчдын анхаарлыг татах боломжтой орон. Бидэнд их хаадаас авахуулаад бахархах олон түүх бий Түүнийгээ дэлхийд сурталчилж чадахад л аялал жуучлалаар баяжих боломжтой. Гэхдээ эхлээд бидэнд ая тухтай зорчих зам хэрэгтэй байна. Хэдхэн хоногийн өмнө Буйр нуур руу яваад ирлээ. Улаанбаатар хотоос 1,000 орчим км-ын зайд орших байгалийн үзэсгэлэнт газар. Аялал, жуучлал хөгжих өндөр боломж тэнд байна. Мэнэнгийн талаас авахуулаад Буйр нуур хүртэлх газрыг үүх түүх, үзэсгэлэн гоо дээр нь түшиглээд л брэнд болгож болохоор байгаа.
Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой монголчуудын түүх чухамдаа Дорнод аймгийн нутагт л өрнөсөн. Түүхэн дэх хамгийн том агаарын тулалдаан Дорнод аймагт болж. Дээрээс нь байгалийн чулуугаар барьсан асар том Жанрайсаг бурхан мөн л энэ нутагт байна. Ганцхан Монголын зүүн хязгаарыг холбосон засмал замгүйгээс болоод тэнд аялал жуулчлал тийм ч сайн хөгжөөгүй байгаа юм. Ядаж л дотоодын аялал жуучлалын урсгалыг тийш татахад зам хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл далай хүртэл засмал зам тавьчихсан байгаа.
Аялал жуулчлалын томоохон төв гэдэг утгаар нь зам тавьж өгч, дэд бүтцийг нь хөгжүүлсэн байх. Тэгвэл Буйр нуурт Хөвсгөлөөс дутаад байх зүйл огт алга. Зуны аль ч цаг үед очсон нуурын усанд булхаж, эргийнх нь элсэн дээр хэвтэж амрах боломжтой. Ёстой л гадаадад очоод, далайд сэлж байгаа мэт мэдрэмжийг тэндээс авч болохоор байна. Хөвсгөл далайд бол хэр баргийн хүн сэлээд байж чадахгүй шүү дээ. Хүйтэн. Харин Буйрын давуу тал бол усанд ороод, элсэн дээр хэвтээд амрах боломжийг олгож байгаа юм.
Энэ давуу талыг нь л ашиглах хэрэгтэй. Бизнесмэнүүд тэнд тохь тухтай, хүний хэрэгцээг хангахуйц амралтын газруудыг байгуулмаар юм билээ. Хөвсгөлийг бодвол тэнд аялал жуучлал хөгжөөгүй. Гэхдээ нэг үеэ бодвол Буйр нуурыг зорих гадаад, дотоодын аялагчид чамгүй нэмэгдэж эхэлж. Хэрвээ засмалтай болчихвол бүр ч их нэмэгдэх биз. Нөгөө талаасаа тэнд аятайхан амралтын газар алга. Хамгийн гол нь монголчууд зах зээлээ Өвөрмонгол, цаашлаад Хятадуудад алдаад дуусч байна. Буйр нуурын эрэг дагаад цөөнгүй хэдэн амралтын газар байдаг юм билээ. Амралтын газар ч гэж дээ, хэдэн гэр барьчихсан, мотор асаагаад гэрэл асаадаг л газрууд юм уу даа, янз нь. Зах зухтай танилцахад тийм л харагдсан. Гэхдээ тэдний ихэнх нь Өвөрмонголчууд болоод Хятадуудынх.
Монгол хүн ажиллуулж байгаа ганцхан л газар байдаг талаар нутгийн хүмүүс ярьж байсан. Тэр сайхан үзэсгэлэнт нутаг, нүд алдам тал урд хөршийнхний мэдэлд албан бусаар, чимээгүйхэн орсоор байгаа юм биш үү. Өнөөдөр Өвөрмонголчууд, Хятадууд тэнд амралтын газар байгуулж байна. Яваандаа байшин барилга болгоод, эцэстээ манай газар нутаг гэж ч дайрах юм бил үү, хэн мэдлээ. Тийм болохоор монголчууд өөрсдөө амралтын газраа бариад, тийшээ явах засмал замаа тавиад, үзэсгэлэнт газар, нүд алдам талдаа эзэн нь болоод, аялал жуучлалаа хөгжүүлмээр байна.
А.ОЧ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12483
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих