Эрдэмтэд, номчид нь ийн өгүүлж байгаагаас үзэхэд тэд түүхийн хуудсыг зоргоороо өөрчилж, угаасаа л бурхан тэнгэрээс хэн ч халдашгүй дархан заяатай байсан мэтээр ухуулах болсон нь өнөө оросуудын жинхэнэ, увайгүй мөн чанар ажгуу.
Тэдний үздэгээр бол өнөөдөр Монголчуудын гарт Москва огт шатаагүй юм байх, тэр атугай оросууд Куликовын талд Монголчуудтай тулалдаагүй, Монголчууд тэдний түнэр их ой шугуйтай газар оронд хөл тавьж байгаагүй болж таарав. Энэ мэтээрээ бол тэд, удахгүй Напелеон Москва хүрч чадаагүйгээр барахгүй Монголчуудын түүхийг давтаж галдан шатаагаагүй гэх мэтээр "гөрдөх” шинжтэй, яваандаа тэгэх ч биз. Оросууд эх түүхээ шинэчилж байгаа нь энэ аж. Гэтэл биднийг тойрон хүрээлэх хөрш зэргэлдээ улс үндэстнүүд түүхийг өнөөдөр үгүйсгэн гөрдөж эхэлсэнтэй оросууд агаар нэгэн болжээ. "Нохойн толгойг ширээн дээр тавихад шороон дээр” гэдгийн үлгэр энэ.
Үүнийг харин хэнээр ч хэлүүлэлтгүй бид өөрснөө мэддэг хэрнээ, он цагийн уртад алдран холдсоор байгаа эх түүхээ эргэж, шүүрдэн тунгааж чадахгүй байгаагийн эрхэнд хөл гараа битүү даруулан, ширлүүлж орхигдсон мэт. Тэр бүхнийг гэрчилсэн нэгэн баримтат кино саяхан "ЕТV” телевизээр гарсныг түмэн олон харсан байлгүй. Үзэж хараагүй нь харин тус телевизэд хүсэлт тавьж дахин гаргуулмаар юм. Ёстой эгдүү, зэвүү хүрмээр кино. Уг кино зурган дээрээс харахад Оросын эрдэмтэн мэргэд амны зоргоор аашилж байнаа. Тэр дундаас Андрей Подойницын гэх нэгэн эдийн засагч Монгол татаруудын довтолгоог ул суурьтай удтал тайлбарласны эцэст оросуудын цусанд Монголчуудын ДНК огт илрээгүй явдал орос оронд Монголчууд халдан довтолсон гэдэг түүх эндүүрэл болоод зогсохгүй, ерөөс Монголчууд энэ газар нутагт хөл тавьсан гэдэг нь худлаа гэнэ. Нэр төртэй бусад эрдэмтэн судлаачид ч түүний энэ санааг дуу нэгтэй баталж, олон талаас тайлбарлаж байх юм. Жинхэнэ орос сэтгэлгээ гэдэг энэ аж. Бүхий л цаг үеийнхээ түүхэнд оросууд ийм байсаар ирсэн, тийм ч байх болно. Харин уг кино зургийг үзсэнээр бидэнд Орос ах нар шиг түшиг тулгуур хаа ч байхгүй гэж элээ халаг болдог сэтгэлгээгээ эргэцүүлж тунгаах боломж олдоно.
"Незавоёванная Русь" (" Түрэмгийлэлд автаагүй Орос") 2015 оны шинэ бүтээл.
Ийм л байна, оросуудын үздэгээр эцэг өвгөдийн минь түүх. Үүнийг дахин нотлох нэгэн баримт бол дэлхийн түүхэн дэх эзэрхэг их гүрэн байгуулж явсан Топ-20 улс үндэстнүүдийн жагсаалт. Тэдний үзэл бодол сэтгэлгээгээр оноож жагсаасан уг жагсаалтыг сонирхвол:
20. Ромын эзэнт гүрэн
Нутаг дэвсгэр: 6,5 сая км²
Ид мандсан он цаг: 117 он.
IV зуун гэхэд энэ эзэнт гүрэн Өрнө болоод Дорнод Ром (Византи) гэсэн хоёр хэсэгт хуваагдсан билээ.
19. Арабын халифат
Нутаг дэвсгэр: 6,7 сая км²
Сэргэж мандсан он цаг: 661 он.
18. Японы эзэнт гүрэн
Эзлэн түрэмгийлсэн газар нутаг: 7,4 сая км²
Ид цэцэглэн мандсан он цаг: 1942 он.
Японы эзэнт гүрний мөхөл дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөлд хүргэсэн билээ.
17. Сасанидуудын эзэрхийлэл
Нутаг дэвсгэр: 7,4 сая км²
Ид мандсан он цаг: 620 он.
VII зууны дунд үеэс Сасанидуудын эзэрхийлэл бутарч Арабын халифатуудад ууссан байдаг.
16. Ахеменидуудын эзэрхийлэл
Нутаг дэвсгэр: 8 сая км²
Цэцэглэн мандсан он цаг: Манай эриний өмнөх 480 он хүртэл.
Персүүдийн үндэслэн байгуулсан энэ гүрэн улс манай эриний өмнөх 331 оны аравдугаар сарын 1-нд Гавгамелийн ойролцоо болсон тулааны үеэр захирч засаж асан олон улс үндэстнүүдийн хамт македоны армид бут цохигдож нэгмөсөн нуран унасан байна.
15. Бразилын эзэнт гүрэн
Нутаг дэвсгэр: 8,5 сая км²
Ид цэцэглэн мандсан он цаг: 1880 он.
Энэ цагийн Бразил улсын нутаг дэвсгэр дээр оршин тогтнож асан уг гүрнийг эзэн хаан Педро I болон түүний хүү Педро II нар захиран засаглаж байсан бөгөөд 1822 онд үүсэн байнуулагдсан цагаас хойш 1889 он хүртэл 67 жил оршин тогтнож бүгд найрамдах улсын засаглал тогтсоноор төгссөн байдаг.
14. Америкийн колончлолын гүрэн
Нутаг дэвсгэрийн хэмжээ: 9,8 сая км²
Оршин тогтносон цаг хугацаа: 1899 он хүртэл.
1898 онд гарсан испани-америкийн дайнаар үүсэн байгуулагдсан түүхтэй.
13. Португалийн колончлолын гүрэн
Нутаг дэвсгэрийн хэмжээ: 10,4 сая км²
Ид цэгцэглэн мандсан он цаг: 1815 он.
Энэ гүрний эзэрхийлэл 1975 онд хүртэл үргэлжилсэн билээ.
12. Аббасидийн халифат
Нутаг дэвсгэрээрээ: 11,1 сая км²
Цэцэглэн мандсан он цаг: 750 он.
Хоёр зууны хугацаанд мандан бадарсаар ирсэн Аббасидууд Түрэгийн их цэрэг, мамлюкүүдийн довтолгооныг сөрж дийлэлгүй бутран сарнисан байна.
11. Францын хоёр дахь үеийн колончлолын гүрэн
Нутаг дэвсгэр: 13 сая км²
Оршин тогтносон эцсийн хугацаа: 1938 он.
Дэлхийн дахины газар нутгийг хуваан эзлэх капиталист гүрнүүдийн тулаанд Франц улс идэвхийлэн оролцож байсан билээ.
10. Омейядийн халифат
Нутаг дэвсгэр: 13 сая км²
Ид цэцэглэн мандалтын үе: 720-750 он.
Аббасидууд уг гүрнийг 750 онд уулгалан довтолж, уг гүрнийг үндэслэн байгуулсан халиф Хишам Абд ар-Рахманы ач хүү, дараагийн цаг үедээ Испанид (Кордовийн халифат) улс үндэслэсэн хунтайжаас бусад бүх Омейядуудыг толгой дараалан устгасан гэх түүхтэй.
9. Түрэгийн хаант улс (хаганат)
Нутаг дэвсгэр: 13 сая км²
Цэцэглэн мандсан цаг хугацаа: 557 г.
Түрэгийн хаант улс 603 онд задарч Өрнөд түрэгийн болон Дорнод түрэгийн хаганат гэсэн хоёр төрт улс болсон байна.
8. Юань гүрэн
Нутаг дэвсгэр: 14 сая км²
Цэцэглэн мандсан цаг хугацаа: 1310 он.
Монголчуудын засаглан мандуулсан энэ гүрэн «Улаан туузтануудын бослого» -оор 1351-68 онд задран унасан түүхтэй.
7. Оросын хаант улс
Нутаг дэвсгэр: 14,5 сая км²
Цэцэглэн мандсан он цаг: 1721 он.
Москвагийн их тайж Иван Васильевич IV хаан ширээнд заларсанаар Оросын эзэнт гүрэн үүсэн байгуулагдах эхлэл тавигдсан гэдэг.
6. Цин гүрэн
Нутаг дэвсгэр: 14,7 сая км²
Ид мандаж асан он цаг: 1790 он.
Манжийн засаглалын төгсгөл. 30 жилийн дотор энэ гүрэн Хятадыг бүхэлд нь болон Дундад Азийн хэсгээс эзлэн авсан түүхтэй.
5. Испанийн эзэнт гүрэн
Нутаг дэвсгэр: 20 сая км²
Цэцэглэн мандалтынх нь оргил үе: 1790 он.
1580-1640 онд Португалийг хүртэл колончлолдоо багтааж байсан уг гүрэн XIX зуун эхэн үеэс эзэмшил газар нутгаа алдаж эхэлсэнээр Латин Америкийн олонхи улс орнууд тусгаар тогтнолоо олж, XX зууны дунд үе гэхэд задран унав.
4. ЗСБНХУ буюу СССР
Нутаг дэвсгэр: 22,4 сая км²
Цэцэглэн мандсан он цаг: 1945—1990 он.
Социалист улс орнуудыг нэгтгэсэн дэлхийн түүхэн дэх хамгийн том гүрэн гэгддэг.
3. Оросын эзэнт гүрэн
Нутаг дэвсгэр: 23,7 сая км²
Мандалтынх нь оргил үе: 1866 он.
Тив орон зайдаа урьд өмнө оршин тогтнож байгаагүй (крупнейшая континентальная монархия) их гүрэн гэж үздэг байна.
2. Монголын эзэнт гүрэн
Нутаг дэвсгэр: 38 сая км²
Цэгцэглэн мандалтын цаг үе: 1265-1361 он.
1206 онд Чингис хааны үндэслэн байгуулсан энэ их гүрэн Япон тэнгисээс Дунай мөрөн хүртэл, Новгородоос Камбож хүртэлх уудам газар нутгийг эзэлж, хүн төрөлхтний бүхий л түүхэнд байгаагүй аугаа их эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй.
1. Британийн эзэнт гүрэн
Нутаг дэвсгэр: 42,75 сая км²
Цэгцэглэн мандалтын оргил үе: 1918 г.
Британийн эзэнт гүрэн урьд өмнө байгуулагдаж байгаагүй их хүчирхэг төрт улс бөгөөд хүн төрөлхтний түүхэнд бүх газар нутаг, тивүүдэд колончлолоо тогтоосон ганц улс орон гэж үздэг байна.
Сэтгүүлч Л.Отгонбат
E-mail: etugen68@yahoo.com
mongolcom.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих