Улс төрийн намууд улсын төсвөөс буюу иргэдийн халааснаас жил бүр санхүүжилт авдаг. Гэхдээ энэхүү санхүүжилтийг хэрхэн авч, юунд зарцуулдаг нь өнөө хүртэл тодорхойгүй байсаар...
Намын санхүүжилт нь гишүүдийн татвар + төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг + хандив гэсэн ерөнхий бүтэцтэй. Сүүлийн жилүүдэд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого гэх санхүүгийн шинэ эх үүсвэр нэмэгдэж байгаа.
Гишүүдийн татвар нам болгонд байдаг ч төлдөг нь ховор. Тиймээс нэг их орлого олдоггүй биз. Харин төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг ард иргэдийн халааснаас буюу улсын төсвөөс гардаг талаар хүн бүхэн мэдээд байдаггүй.
Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг 2 төрөл байдаг.
1. УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд нэг удаа мөнгөн дэмжлэг
2. УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд буюу 4 жил улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан байдаг.
Тэгэхээр 2012 оны сонгуулиар 1 сая 235 мянга 760 иргэн хүчинтэй санал өгснөөс:
Ардчилсан нам – 399194 санал буюу 399 сая
Монгол Ардын нам – 353839 санал буюу 353 сая
МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл – 252077 санал буюу 252 сая
Иргэний Зориг Ногоон Нам – 62310 санал буюу 62 сая гэхчлэн төрөөс нэг удаагийн санхүүгийн дэмжлэг авчээ.
УИХ-д авсан суудлын тоогоор жилд 10 сая төгрөг буюу жилд 76 гишүүнд 760 сая төгрөг олгодог:
АН жилд 350 сая
МАН жилд 260 сая
Шударга ёс эвсэл 100 сая
ИЗНН 20 сая төгрөг жил бүр авдаг гэсэн үг.
2012 оны сонгуулийн дараа нэг удаагийн дэмжлэг 1 тэрбум 235 сая төгрөг, мөн 3 жилийн хугацаанд 2 тэрбум 280 сая төгрөг нийтдээ3 тэрбум 515 сая төгрөгийг улсын төсвөөс улс төрийн намуудад хуваарилж өгсөн байх нь.
Бусад орны туршлага
1960-аад оны үеэс барууны орнуудад улс төрийн намуудад төрөөс санхүүжилт өгч эхэлсэн. Хамгийн анх тухайн үеийн ХБНГУ намуудыг төрөөс санхүүжүүлэхийг хуульчилсан бол 1960-аад онуудад Франц, Австри, Швед, Дани, Финлянд, 1970-аад оноос Итали, Норвеги, Канад, АНУ-д намуудад төрөөс санхүүжилт олгож эхэлжээ. Уг санхүүжилт сонгуульд ялсан намууд болон сонгогчдын өргөн дэмжлэг авсан намуудад томоохон дэмжлэг болохоор хэмжээтэй байдаг байна. Төрөөс олгох санхүүжилтийг үндсэндээ 2 янзаар хийж байна. Сонгуульд авсан саналын тоогоор (ХБНГУ, Итали, Австри) юмуу парламент дахь мандатын тоогоор (Дани, Швед, Финлянд, Франц, Бразил) нь санхүүжүүлэх гэсэн хоёр аргаар санхүүжүүлж байна. Үүнээсээ хамаарч төрөөс санхүүжилт олгоход тодорхой босго тогтооно. Жишээлбэл, Германд Бундестагийн юмуу Европарламентын сонгуульд сонгогчдын 0.5 хувиас доошгүй санал авсан намуудад санхүүжилт олгодог бол Францад сонгогчдын 5 хувиас доошгүй санал авсан нам санхүүжилт авна. Улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх нь мөн нилээд сөрөг талуудыг авчирдаг байна. Германд намуудын аппарат хэт олшрох, хүнд суртал газар авах, намууд хэт үнэтэй сонгуулийн кампани явуулах, төсвөөс аль болох их хөрөнгө олж авах эрмэлзэл бий болох зэрэг сөрөг талууд ихээр илрэх болсон тул намуудад нийтэд нь улсын төсвөөс өгөх мөнгөний дээд заагийг хуульчилан тогтоожээ. Мөн төрийн зүгээс намуудад үзүүлэх бусад төрлийн дэмжлэгүүд бий. Татвартай холбоотой хөнгөлөлт, үйлчилгээ, телевизийн эфирийн цаг үнэгүй олгох г.м.
Б.Бат-Эрдэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих