ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын сэргээшийн дуулиан дэгдлээ
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаануудад оролцохыг хориглох шаардлагатай хэмээн мэдэгдсэн нь дуулиан тариад байна. Тус агентлаг Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо, Сэргээшийн эсрэг холбоо болон ОХУ-ын Спортын яамтай хамтран ажилласан үйл ажиллагаандаа аудит хийснээр олон асуудал илрүүлсэн гэжээ. Оросын хөнгөн атлетикийн тамирчид сэргээшийн эм бэлдмэл өргөнөөр хэрэглэдэг, түүнийгээ нуун дарагдуулах олон төрлийн арга саам хэрэглэдгийг баталсан гэнэ. Тухайлбал Сэргээшийн эсрэг Москвагийн хорооны лабораторийн дарга Григорий Родченков тамирчид сэргээш хэрэглэсэн нотолгоо болох 1417 шалгалтын баримтыг устгах тушаалыг 2014 оны арванхоёрдугаар сард өгч байсан аж.
Тиймээс Оросын сэргээш байнга хэрэглэдэг тамирчдыг бусад орны тамирчдын эрхийг хохироох вий хэмээн сэрэмжилж тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасахыг шаарджээ. Хэрвээ олон улсын спортын байгууллагууд уг шаардлагыг хүлээн авбал Оросын тамирчин 2016 оны Рио де Жанейрогийн зуны олимпод оролцож чадахгүйд ч хүрнэ.
Харин ОХУ-ын спортын байгууллагуудын зүгээс энэ бол улс төрийн шинж чанар агуулсан гүтгэлэг, бохир явуулга хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. Улмаар ОХУ-ын Спортын яам болон Засгийн газартаа энэ асуудлаар чангахан дуугарах хэрэгтэй гэдгийг сануулсан байна.
Олон улсын хэвлэлүүдийн бичиж байгаагаас үзвэл энэ асуудал цааш даамжирч ОХУ-ын зүгээс Рио де Жанейрогийн олимпийг бойкотлох хэмжээнд ч хүрч болзошгүй хэмээн санаа зовниж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ойрын хугацаанд ерөнхийлөгч В.Путин мэдээлэл хийж магадгүй болжээ.
ОУОХ-ны Ёс зүйн Хорооноос 1999-2015 онуудад ОУХАХ-ны ерөнхийлөгчийг албыг хашиж байсан, Сенегал улсын иргэн, 82 настай Л.Диакийг сэргээш илэрсэн тамирчдын дүнг нуун дарагдуулж хуульчийн хамт 1 сая еврогийн авилгал авсан, хоёр хүү нь сэргээш илэрсэн зарим орны тамирчдыг айлган сүрдүүлж мөнгө нэхэж байсан нь нотлогдсон учир ОУОХ-ны Хүндэт гишүүний албан тушаалаас түр түдгэлзүүлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Тэрчлэн Зуны "Лондон-2012” олимпийн наадмаас медаль хүртсэн Оросын тамирчидад сахилгын арга хэмжээ авахыг ОУХАХ-ноос шаардсан байна.
WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас томилсон Бие даасан комиссийн дарга Ричард Паунд дээр дурдсан илтгэлдээ "Өвлийн "Сочи-2014” олимпийн наадмын сэргээшийн шинжилгээний дээжүүдийн дүнтэй холбоотой явуулга байгаагүй гэж бүрэн итгэлтэй хэлж чадахгүй.” гэж дурдсантай холбогдуулан "Өвлийн "Сочи-2014” наадмын сэргээшийн шинжилгээний дүнд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй.” гэж ОУОХ-ноос мэдэгджээ.
Москва хот дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг зогсоож захирлыг нь огцруулжээ
ОХУ-ын Спортын сайд В.Муткогийн тушаалаар, Москва хот дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг зогсоож захирал Г.Родченког огцруулж захирлын үүрэг гүйцэтгэгчээр Марина Дикунецийг томилсон байна.
Огцорсон захирал Г.Родченко нь нь ВАДА-гийн шалгалт ирэхээс 3 хоногийн өмнө 1417 сэргээшийн шинжилгээний дээжийг устгасан гэх үндэслэлээр ажлыг нь өөрчилжээ. Иймд тус лабораторид ВАДА-тай холбоотой сэргээшийн шинжилгээ хийхгүй болж, тус лабораторид байгаа сэргээшийн шинжилгээний дээжүүдийг өөр итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх юм байна. ВАДА-гийн дүрэм ёсоор, сэргээшийн шинжилгээний дээжийг доод тал нь 10 жилийн хугацаагаар хадгалж байх ёстой ажээ.
ВАДА-гийн Сахилгын хороо тус лабораторид олгосон тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны чиг үүргийн талаар ойрын үед тодорхой шийдвэр гаргана. Тус лаборатори нь ВАДА-гийн Сахилгын хорооноос тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийн талаарх гомдлоо 21 хоногийн дотор Лозанна хот дахь Спортын арбитрын шүүхэд гаргаж болно.
Өвлийн "Сочи-2014” олимпийн наадам эхлэхээс гурван сарын өмнө буюу 2013 оны арван нэгдүгээр сард ВАДА-гийн Сахилгын хорооноос, Москва дахь Сэргээшийн шинжилгээний лаборатори нь сэргээшийн дээжийн шинжилгээ хийхдээ алдаа зөрчил гаргаж байгааг илрүүлсний дараа гадаад орны мэргэжилтнүүд тус лабораторид шалгалт хийж байжээ.
Москва дахь Сэргээшийн шинжилгээний лаборатори нь Швейцар улсын Лозанна, ХБНГУ-ын Кёльн, Канад улсын Монреаль хотууд дахь Сэргээшийн шинжилгээний төвүүдтэй энэ зэрэгцэх сэргээшийн шинжилгээний томоохон байгууллага юм.
ВАДА-гийн Бие даасан комиссиос ОУХАХ-ны ерөнхийлөгч асан Л.Диакийн
хэргийг ИНТЕРПОЛ-д шилжүүлжээ
ВАДА-гийн Бие даасан комиссиос ОУХАХ-ны ербнхийлөгч асан Л.Диакийн хуульч Хабиб Сиссегийн хамт 1 сая еврогийн авилгал авсан хэргийг ИНТЕРПОЛ, Олон улсын эрэн сурвалжлах цагдаагийн байгууллагад шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсчээ. Түүнээс гадна хөнгөн атлетикийн спорт дахь сэргээш хэрэглэсэн асуудлыг улс хооронд зохицуулах хүсэлтийг мөн хүргүүлжээ.
АНУ, Австралийн тамирчид гомдол гаргаж олимпийн алт, хүрэл медалийг нөхөн олгохыг шаарджээ
ВАДА-гийн зүгээс мөрдөн шалгалт явуулж Оросын хөнгөн атлетикийн тамирчид нь дасгалжуулагч нарынхаа заавраар сэргээш хэрэглэж байсныг тогтоосон мэдээлэл гарсны дараа зарим үндэсний хөнгөн атлетикийн холбоо, тамирчид гомдол гаргаж эхлэжээ.
Австралийн Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Филд Жонс мэдэлдэл хийж "Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглох тухай ВАДА-гийн зөвлөмжийг дэмжиж байна. Оросуудыг Рио-гийн олимпийн наадамд оролцуулахгүй болбол хөнгөн атлетикийн нэр хүнд өснө.” гэжээ.
Австралийн спорт алхааны тамирчин, Лондонгийн олимпийн наадмын мөнгөн медальт Жаред Таллент тус наадмаас алтан медаль хүртсэн Оросын тамирчин С.Кирдяпкиний амжилтыг хүчингүй тооцож алтан медалийг нь өөрт нь олгох шаардлагыг ОУОХ-нд явуулсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих