Ирэх долоо хоногт үнэн мөн шийдэгдвэл хар гэрээс гарах, үгүй бол цааш дахин хоёр сар хоригдож үнэн мөнөө тогтоолгох Г.Шийлэгдамбын үлдээсэн Эрүүл мэндийн спортын сайдын суудалд аль намын хэн суух нь тун тодорхойгүй байна.
Одоогоор Шадар сайд Ц.Оюунбаатар уг суудлыг давхар хашиж байгаа билээ. Харин энэхүү ЭМС-ын сайдын суудлыг АН-ын гишүүд улайм цайм сонирхож байгаа нь нэгэнт ил болоод байна.
Г.Шийлэгдамбын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт явуулсан захидлын дараа уг суудлыг өөрийн болгох хүсэлтнүүд эхнээсээ ил гарч эхэлсэн. Ийнхүү Г.Шийлэгдамбыг огцрох өргөдлөө өгсөн даруйд нь МАХН-ынхан Эрүүл мэнд, спортын сайдад хэнийг нэр дэвшүүлэх эсэхээ дотроо хэлэлцэж эхэлсэн бөгөөд Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлэхээр тохирсон гэх мэдээлэл гарч эхэлсэн.
Гэтэл АН-ын гишүүнээс цочир сонин мэдэгдэл гарсан. Өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, одоо УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөхийн алба хашиж яваа С.Ламбаа АН-ын гүйцэтгэх зөвлөл, цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж Эрүүл мэнд, спортын сайдад АН-аас хүн томилохыг сануулсан мэдэгдэл гаргав.
Түүнийхээр өнгөрсөн гурван жилд АН ЭМСЯ-ыг МАХН буюу "Шударга ёс” эвсэлд хариуцуулснаас болж тус салбарын ажил уналтад орсон гэнэ. Мөн одоо гурав дахь удаагаа тус салбарын сайдаар МАХН-ын хүнийг томилох ёсгүй гэж үзжээ.
Түүнийхээр багш мэргэжилтэй С.Ламбаа өөрөө л уг салбарыг хөгжүүлээд байсан бололтой юм. Өөр хүмүүс тэр тусмаа мэргэжлийн эмч хүн тус салбарт гай удах бололтой.
Нэг иймэрхүү үзэл бодолтой, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгчих сэтгэхүйгээсээ болоод АН-ынхан өнөөдөр "фракц”-гүй болж чадахгүй байгааг хэн хүнгүй харж байгаа.
Ийм л учир жанцангаар Н.Энхбаяр, Р.Гончигдорж нарын хоршил АХ эвслийн гурван Засгийн газрыг огцруулж дөрөвдэхтэйгээ 2000 оны сонгуульд орж байсан цаг бий. Тэгэхээр энэ удаа С.Ламбаагийн амбиц Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг үнэхээр "Шийдлийнх” болохыг нь нотолж магадгүйд хүрээд байна.
МАН-ыг Засгаас хөөж "Шударга ёс"-той хамтарсан АН Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамруулах амлалтаасаа татгалзаж хэлсэн амандаа хүрээгүй гэгдсэн. Одоо тус эвслийн тэр дундаа МАХН-ын "квот" бүхий ЭМС-ын сайдын суудлыг булааж авах юм бол Засгийн газар огцрохоос өөр замгүй л болох байх.
АН-ын дарга З.Энхболд сүүлийн гурван жил их л түрэмгий байгаа, энэ удаа өөрийн зөвлөх С.Ламбаагийнхаа бичгийг өмнөө бариад хүч түрвэл байдал эвгүйдэх магадлал тун өндөр.
Г.Самбаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих