Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зарим супермаркетууд хэрэглэгчдийг мэхэлж, илүү мөнгө авдаг байсан нь
тогтоогдож, ШӨХТГ-аас нэр бүхий хэдэн дэлгүүрт торгууль ногдуулаад байсан билээ. Тодруулбал, "Миний дэлгүүр”, "Номин супермаркет”, "Замбала”, "Макс” зэрэг нэр бүхий хэд хэдэн томоохон дэлгүүрүүдэд худалдаалж байгаа бүтээгдэхүүний лангуун дээрх үнэ нь кассын үнээс зөрүүтэй байсан нь тогтоогоод байсан юм. Тиймээс ШӨХТГ-аас "Миний дэлгүүр”-ийг 450 сая төгрөгөөр, "Номин” супермаркетыг нэг тэрбум 168 сая төгрөгөөр торгож байсан нь саяхан.
Тэгвэл "Номин супермаркет” өнөөдрийг хүртэл худалдан авагчдыг мэхэлсэн хэвээр байна.
Энэ талаар нэгэн үйлчлүүлэгч гомдол гаргаж, бидэнд хандсан юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн баасан гаригт Их дэлгүүрийн Номин супермаркетаар үйлчүүлжээ. Ингэхдээ гэр ахуйн барааны тасгаас дөрвөн ширхэг цэвэр усны сав худалдаж авсан байна. Ингээд кассан дээр очоод тооцоогоо хийтэл өнөөх усны сав нь лангуун дээр байсан үнээсээ даруй 1000-3000 төгрөгөөр нэмэгдэж бичигджээ. Өөрөөр хэлбэл, лангуун дээрээ 5999 төгрөг байсан усны сав нь кассан дээр бичүүлэхэд 1000 төгрөгөөр нэмэгдэж 6999 төгрөг болсон байна. Мөн 4999 төгрөг гэж байсан усны сав нь 3000 төгрөгөөр нэмэгдэж 7999 төгрөг болжээ. Үүнийг анзаарсан үйлчлүүлэгч кассчин болон тухайн тасгийг хариуцсан худалдагчид хэлтэл тэд 3000 төгрөгөөр нэмэгдсэн усны савыг нь шинэ бараа хэмээн тайлбарлаад үнийг нь тавьж амжаагүй байгаагаа учирлажээ. Үйлчлүүлэгч ч үгэнд нь итгэн, үнийн зөрүүтэй байгаа хоёр саваа солих гээд дахин лангуун дээр очиж үнийг нь лавлаж хартал яалт ч үгүй лангууны үнэ кассын үнээс зөрж байж.
Үүнийгээ тэд үнээ солиогүй, шинэ үнээ тавиагүй гэсээр үйлчлүүлэгчийн мөнгийг буцааж өгчээ.
Энэ бол ганцхан жишээ, олон тоотой бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа үйлчлүүлэгчид тэр бүр барааныхаа үнийг тулгаж үздэггүй нь ойгомжтой. Манай сайтад гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хувьд ердөө 20000 орчим төгрөгийн худалдан авалт хийхэд л 4000 төгрөг илүү бичигдсэн байх юм.
Тэгэхээр тус супермаркетаар өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж, нэг үйлчлүүлэгч дунджаар хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг билээ. Долоон буудлын Дулмаа нэг талх авах гэж тийш очихгүй нь мэдээж. Шулуухан хэлэхэд олонх нь боломжийн амьдралтай, нэг удаагийн худалдан авалт хийхдээ л сагс дүүрэн хүнс авдаг нь нууц биш.
Өдөрт 1000 үйлчлүүлэгч үйлчлүүллээ гэж бодоход хамгийн багадаа нэгээс нь 1000 төгрөг илүү авахад нэг сая төгрөг болно. Ингээд бодохоо "Номин” супермаркетынхан иргэдээс хэдий хэмжээний мөнгө залилж байгааг ШӨХТГ-ынхан дахин хараандаа авах цаг болжээ.
А.Ариун
Eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих