Өнгөрөгч амралтын өдрүүдэд С.Зориг агсны эхнэр Д.Булганыг баривчилсан гэх мэдээлэл олон нийтэд хүрлээ. Эх сурвалжийн хэлж буйгаар түүнтэй хамт Эрдэнэтээс хоёр хүнийг саатуулсан гэх мэдээлэл ч байгаа. Ямартай ч энэ мэдээллүүдийг албаныхан бататгаагүй ч бас үгүйсгээгүй юм.
Тэгвэл дээрх мэдээллүүдээс харахад С.Зориг агсны хэрэг сөхөгдөж эхэлсэн бололтой. Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг нэг л өдөр бусдын гарт учир битүүлгээр амиа алдаж Монгол улсад нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Хэрэг явдал гарснаас хойш түүний аллагын хэргийг одоо хэр нь хаагаагүй ч эзэн холбогдогчийг нь олж, илрүүлээгүй юм.
20 орчим жил шалгагдсан уг хэргийн цорын ганц гэрч гэгддэг түүний гэргий Д.Булганыг бүх хэргийн учгийг мэднэ гэдэг ч тэрбээр нэг ч удаа хэргийн талаар ам нээж байгаагүй. Хуулийнхан ч амнаас үг сонсож, түүнийг холбоотой эсэхийг ч олж мэдэж чадаагүй юм. Магадгүй мэдсэн ч байж болох юм. Учир нь уг хэрэгтээ холбогдсон гэрчүүд, хэрэг дээр ажиллаж байсан цагдаа, хуулийн байгууллагынхан гээд нэлээд олон хүн учир битүүлгээр амиа алдах нь алдаж, ор сураггүй алга болох нь болсон.
Тодруулбал хэргийн газар анх очиж талийгаачийн эхнэр Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Хэргийг осол гэж үзээд хаасан. Алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад "Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу "маш чухал гэрч” учир битүүлгээр сураг алдарсан. Дээрх мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан бөгөөд Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байсан гэдэг. Ингээд цогцосыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан.
Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан гэх мэт хардлага төрүүлэх олон баримтууд бий.
Тэгвэл хуулийнхан 17 жилийн өмнөх С.Зоригийн аллагын хэргийн учгийг атгасан бололтой. Түүнээс биш энэ олон жил дарагдсан хэргийн цорын ганц гэрчийг гэнэт нэг өдөр баривчлан хорих шалтгаан байхгүй. МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: Б.Сансар olloo.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12708
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих