Манай улс 2013 онд ДНБ-ийн 15 хувийг ХАА-н салбараас бүрдүүлжээ. Ажиллах хүчний 30 гаруй хувь нь Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна гэсэн статистик мэдээ бий. Тэгвэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 88 хувийг мал аж ахуйн салбар дангаараа бүрдүүлж байгааг ҮХААЯ -нд болсон "Монгол мал” хөтөлбөрийн үндэсний хорооны хурал дээр онцоллоо.
2010 оноос манай улс "Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. 2015 он хүртэл хэрэгжих эл хөтөлбөрийн хүрээнд багагүй ажил өрнөж буйг салбарын мэргэжилтнүүд тодотгов. Малын зүй бус хорогдлыг багасгах, малын тоо толгойг нэмэгдүүлэх, шилмэл сүргийг бий болгох, малчдын амьжиргааг дээшлүүлэх, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг сайжруулах гээд олон зорилт дэвшүүлсэн эл хөтөлбөр эхнээсээ үр дүнгээ өгч эхэлжээ. Анх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсын төсвийн 3 хувийг зарцуулахаар төлөвлөж байж. Харин хөтөлбөр хэрэгжих явцад дээрх төлөвлөлт өөрчлөгдөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын багцаас санхүүжихээр болсон байна. Энэ онд хөтөлбөрийн хүрээнд нийт 65 тэрбум төгрөг зарцуулахаас малын чанарыг сайжруулахад 300 сая төгрөг төсөвлөжээ.
"Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд арьс шир, ноосны урамшууллыг олгосноор малчдын орлого нэмэгдэхээс гадна дахин боловсруулах үйлдвэрүүд сэргэхэд чухал нөлөө үзүүлснийг албаныхан хэллээ.Түүнчлэн эл хөтөлбөр хэрэгжиж ирсний нэг давуу тал нь бүх аймагт Мал эмнэлгийн үржлийн газар байгуулагджээ. Шилжилтийн үед мал хувьчлал өрнөж дан дангаараа мөр хөөсөн малчид хоршоо, фермер байгуулан нэгдэж эхэлсэн байна. 1995 онд хөдөө аж ахуйн салбар ДНБ-ийн 38 хувийг эзэлж байсан бол мал аж ахуйн салбар 85.2 хувьд хүрч байжээ. Эндээс үзвэл мал аж ахуйн салбараас олж буй орлого багасаагүй байна. Харин малчин өрхийн тоо 15 мянга, малчны тоо 41 мянгаар тус тус буурчээ. Үүнд салбарын зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг хуралд оролцогсод хэлж байв. Одоогийн байдлаар манай улсад 145.3 мянган малчин өрх, 285 мянган малчин байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн жилээс Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхэлснээр малын гаралтай түүхий эд арилжиж ханшийн хэлбэлзэлгүй болсныг малчид сайшааж байгааг хэллээ.
Өнгөрсөнд онд манай улс түүхэнд байхгүй төл хүлээн авчээ. Тодруулбал 15.2 сая төл авч малын тоог нэмэгдүүлж 45 сая мал тоолуулж, нийт малын тоо 12.2 хувиар өссөн. Үүнээс тэмээ 400 мянга болж өссөн бол ямаа 19.2 сая болжээ. Мөн мал аж ахуйг хөгжүүлэхэд уур амьсгалын өөрчлөлт чухал нөлөөтэй. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд сүргийн бүтцэд гол анхаарлаа хандуулж буй аж. Тухайлбал адуу тэмээ нэг, үхэр 7, хонь 10, ямаа 3 нийт 22 үүлдэртэй болжээ. Шилдэг омгийн мал гэхэд 789 мянгад хүрчээ. Мөн үржлийн таван хэсэг байгааг хурлын үеэр дурдлаа. Хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үндсэн чиглэлтэй эл хөтөлбөрийн хүрээнд энэ онд цэвэр үүлдрийн малын тоо толгойг өсгөх, малын сүүний гарцыг нэмэгдүүлэх, үйлдвэр фермерийн аж ахуйн хэрэгжилтэд анхаарч ажиллах юм байна.
Дашрамд дурдахад "Монгол Улсын малчин” үнэмлэх, энгэрийн тэмдгийг 310 мянган малчинд олгожээ. Түүнчлэн улсын хэмжээнд 2100 гаруй хоршоо бүртгэгдсэний 955 нь малчдын хоршоо юм байна.
Б.Заяа montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих