Нэг насныхаа ойтой золгоод удаагүй Ч.Сайханбилэгийн Засгийн газар дахиад л хайчин галд орлоо. Оруулсан шалтгаан нь маш энгийн. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан "хэрэг”-ээр Ч.Сайханбилэгт "ял тулгасан” Г.Уянга гишүүн тавдугаар сараас хойш Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барихаар гарын үсгийн эрэлд гараад байгаа. Тоолуур гүйж эхэлсэн өдрөөс хойших зургаан сарын хугацаанд Г.Уянга гишүүний автортай тогтоолын төсөл бүрэн албажиж амжаагүй ч хоёр, гуравхан хүний гарын үсэг дутуу гэсэн таамаглалтайгаар өнөөдрийг хүрсэн юм.
Харин Шийдлийн Засгийн газар нэг нас хүрснээс хэд хоногийн дараа буюу өчигдөр Г.Уянга гишүүн Ч.Сайханбилэгийгогцруулахаар гарын үсэг зурсан эрхмүүдийн нэрийг ил болгосноор нэгэнт хөдөлсөн галт тэргийг дараагийн араанд нь залгаж, хурдыг нэмж орхилоо. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсалд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд,
Ж.Батсуурь, Ц.Нямдорж,Ё.Отгонбаяр, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, "Шударга ёс” эвслээс О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга, бие даагч гурав, АН-аас Р.Амаржаргал нарын 16 гишүүн гарын үсгээ зуржээ. Албан ёсных болж, УИХ-ын даргын гарт хүргүүлэхэд гуравхан гишүүний гарын үсэг дутуу гэсэн үг. Эндээс Г.Уянга гишүүний тогтоолын төсөл УИХ-ын босго давах нь цаг хугацааны л асуудал болж байх шиг.
Анзаарсан бол Ерөнхий сайдыг огцруулахаар хөдөлсөн галт тэргэнд МАН-аас есөн гишүүн "суужээ”. Дубайн гэрээтэй холбогдуулж Б.Бат-Эрдэнэ гишүүн анхлан зурж, О.Содбилэг үргэлжлүүлснээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд МАН-аас Ерөнхий сайдад хаягласан гарын үсэг хэд дахин нэмэгдсэн нь энэ. Сөрөг хүчний 26 гишүүний бараг л гуравны нэг нь гэсэн үг. Су.Батболд гишүүний тухайд Аж үйлдвэрийн сайдтай ам зөрсөндөө эгдүүцэж, тогтоолын төсөлд нэгдсэн нэгэн. Ц.Нямдорж гишүүн гэхэд Засгийн газар Үндсэн хуулийн цэцийг авлигадсан гэсэн шалтгаанаар гарын үсгээ зурснаа ил тодоор мэдэгдэж байв. Ё.Отгонбаяр, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ж.Батсуурь нар ч Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсаар ирсэн гишүүд.
Гэхдээ МАН-аас гарын үсгээ зурсан нь л эдгээр эрхэм болохоос Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулах эрмэлзэл үлдсэн 15-д байгаа юу гэвэл мэдээж бий. Г.Уянга гишүүн эхлэлийг нь тавих үе буюу МАН-ыг Засгийн газраас хөөхийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд нэгдсэн гишүүн арав ч хүрээгүй байлаа шүү дээ. Харин саяхныг хүртэл нэрсийг нууцалсаар ирсэн Г.Уянга гишүүн гэнэтхэн бүгдийг нь ил гаргасан шалтгаан юунд орших вэ. Тэрбээр "Гарын үсэг цуглуулна гэдэг амаргүй юм байна. Барьцаа шаардагдаад байдаг юм биш үү” гэж хэлж байсныг нь бодолцвол гарын үсэг зурсан хүмүүсийн нэрийг илчлээд нэг үзэх гэсэн байж болох. Нөгөө талаар нэрсийн дийлэнхийг сөрөг хүчнийхэн бүрдүүлсэн байдлаас харахад зүгээр ч нэг улс төр биш гэдгийг ойлгож болох.
Нэг үгээр хэлбэл, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг чуулганаар хэлэлцэхэд товчлуурын дутуугаар "ялагдсан” МАН-ынхан Г.Уянга гишүүнээр халхавчлан ээлжит нэгэн улс төрөө хийж эхэлснийг үгүйсгэх аргагүй юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүйгээ ил тодоор зарлаж байгаа ч, асуулгын үр дүнгээр ард түмнээс дэмжлэг хүлээвэл шинэчлэлийг уяж улласан муу нэр МАН-д л очиж наалдана. Үүгээр далимдуулан сөрөг хүчиндээ хангалттай сөрөг оноо цуглуулахаас эхлээд Сонгуулийн хууль дээр ч хүч түрэх хангалтгай товчлуур АН-д бий. Үүгээр бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бойкотлож эхэлсэн МАН-ынхны өрсөж хийх улс төр нь АН-ын Ерөнхий сайд, Засгийн газар байх бололтой. АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нь Засгийн газраараа оролдохгүйгээ илэрхийлсээр байгаа ч сөрөг хүчний 26 гишүүн дээр эвслийн гурав, бие даагчдын гурван товчлуур нэмэгдэхэд л АН-д ч, Ч.Сайханбилэгт ч хохирол учруулах хэмжээний асуудал үүсэх нь тодорхой.
МАН-ынхан Ард нийтийн санал асуулгыг явуулахгүй байх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийлгүйгээр шинэ он гаргаж, АН-ын арын фронтод үүсээд байгаа хагарал, сөргөлдөөнөө нуун дарагдуулахын тулд наагуур нь хийж буй улс төр болох Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг асуудлыг нь гацаахын тулд нэн түрүүнд авах арга хэмжээ, цаг хожих арга нь Г.Уянга гишүүний тогтоолын төслийг, УИХ-ын даргын гарт атгуулах үйлдэл биз ээ.
Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд АН-аас гашрсан Р.Амаржаргал гишүүн гарын үсгээ зураад байгаа. Анхнаасаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцрох ёстой гэсэн байр суурийг баримталж ирсэн тэрбээр Г.Уянга гишүүнийг дэмжсэн нь АН-д бол ил байдаг үзэгдэл. Харин Р.Амаржаргал шигээ ил гардаггүй ч ар хударгаар нь хор найруулдаг, эрх мэдлийн төлөөх эрүүл бус тэмцэл АН-д хангалтгай бий. Ил болсноос нь дурдахад Б.Батзаяагийн баривчилгаатай холбогдуулж Х.Баттулга гишүүний "Үлдсэн хоёр гарын үсгийг "МоАХ” фракцын гишүүдээрээ зуруулаад Ч.Сайханбилэгийг огцруулна шүү” хэмээх Бүлгийн хуралдаан дээрх мэдэгдэл.
Х.Батгулга гишүүн мэдэгдлээ албан ёсоор баталгаажуулаагүй ч Засгийн газраа огцруулж дараагиин ээлжээ хоолтой золгуулах, өөрсдөө сайд болох эрмэлзэлтэй гишүүд ч АН-д цөөнгүй. Н.Алтанхуягийн танхимын хувь заяаг шийдвэрлэх үед чуулганы танхимд ирэлгүйгээр огцруулсан зарим гишүүн нь одоогийн Засгийн газарт "давхар дээл” нөмрөөд л явж байна. Эрх мэдэлд хүрэхээрээ талцдаг, хагаралддаг, нэгнийгээ барьдаг, хорьдог, Засгийн газраараа туг тахидаг нь АН-ын гэм биш зан болохоор Ч.Сайханбилэг хэдий болтол оршин тогтнох нь бас л цаг хугацааны асуудал байж мэдэх юм. М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан "арвин” туршлага АН-ын намтарт бий болохоор тэр шүү дээ.
Гагцхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн шинэ хуулийг хэрхэхийг харзнах, энэ хойгуур АН дотор болж буй үйл явдал хаашаа өрнөхийг хүлээзнэх нь АН-д төдийгүй гишүүдэд нь чухал учраас Р.Амаржаргалынхаа араас "цухуйхгүй” байгаа хэрэг. Хэрэвзээ МАН-ынхан Г.Уянга гишүүнээр "бамбай” хийж Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирвэл АН-ын дарга, Ерөнхий сайд хоёр "дэггүй” гишүүдийнхээ товчлуурыг бүрэн хянаж, зангидаж чадахгүй л болов уу.
Улс төрд түүх давтагддаг гэлцдэг. АН-ын үед бүрэлдсэн "Хөдөөгийнхөн”, МАН-аар үргэлжилсэн "Элсний 13”-ын удам залгамж АН, "Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газрын үед ч бий болсон. 1996-2000 онд "Ардчилсан холбоо” эвсэл эрх барьж байхад голдуу орон нутгаас сонгогдсон До.Ганболд тэргүүтэй 13 хүн эвлэлдэж, сөрөг хүчин МАН (МАХН)-тай хавсайдан Засгийн газраа ээлж дараалан унагаж л байв. Хожим нь 2007 онд М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед МАН дотор Л.Одончимэд, Ц.Шаравдорж, Т.Ганди, Ч.Улаан, Д.Тэрбиш-дагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид, Ч.Авдай Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нарын 13 гишүүн нэгдэж намаа шинэчлэх санаачилгаар туг дэрвүүлсэн ч эцэстээ гүйцэтгэх засаглалын тэргүүнээ сэнтийгээс нь буулгаснаар эцсийн зорилгоо гүйцэлдүүлсэн бизээ.
Харин энэ удаад АН-ыг засагаах үед дахин нэг сөрөг нэгдэл, гэхдээ нам намаас нийлсэн нэгэн бүлэг бий болоод удаж байна. Засагт хамтарч байгаа атлаа байсхийгээд бодлого, шийдвэрийг нь шүүмжилж, сөрдөг тэд мөнөөхөн "Элсний 13”-ыг санагдуулам. Тэдгээр гишүүдийн тоонд Р.Амаржаргал, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Ч.Улаан, Д.Тэрбшцдагва, Л.Цог, О.Баасанхүү, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун. О.Баасанхүү нар лав орно. Ч.Улаан, Д.Тэрбшццагва нар Г.Уянгын төсөлд гарын үсгээ зураагүй болохоос Ч.Сайханбитогийг огцрох ёстой хэмээн үздэг хэсгийн төлөөлөл.
Ч.Сайханбилэгийн "нэг насны ой”-д зориулсан Г.Уянга гишүүний бэлгийг задлахад ийм байна. Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн уур амьсгалд "дуниартаж” эхэлсэн УИХ-д Ерөнхий сайдыг огцруулж мэдэх чимээг Г.Уянга гишүүн өгсөн нь МАН-ыг ч, АН-ыг ч, "Шударга ёс” эвслийг ч энэ өдрүүдэд хөдөлгөөнд оруулах бололтой. Өчигдөр гэхэд АН-ын бүлэг хуралдалгүй гишүүд нь фракцынхаа тэргүүнүүдийн өрөөгөөр хэсч өнжсөн нь бас нэгэн улс төр явж эхэлсний дохио байсныг энд дурдах хэрэгтэй.
С.ГАНДӨЛ "ҮНДЭСНИЙ ШУУДАН"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих