ЛОНДОН. /Ёнхап/. Эрүүл энх урт наслахын тулд жимс, хүнсний ногоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгосноос 40 хувь их хэмжээтэй идэх хэрэгтэй болохыг судлан тогтоожээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 400 гр жимс, хүнсний ногоо идэж байх хэрэгтэй гэж үздэг. Харин хүн өдөрт дээрх хэмжээнээс 40 хувь илүү буюу 560 гр жимс, хүнсний ногоо идэж байх нь бүх насныхны нас барах эрсдэлийг 42 хувиар бууруулдаг болохыг судалгааны дүн харуулсан гэж Британийн "BBC”-ээр мэдээлэв.
Лондоны их сургуулийн эрдэмтэд 2001-2013 оны хооронд Британийн 65226 хүний дунд явуулсан судалгааны дүнд дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Хүний өдөрт идэх жимс, хүнсний ногооны хэмжээ 400-560 гр бол нас барах эрсдэлийг 36 хувь, 240-400 гр бол 29 хувь, 80-240 гр болж 14 хувиар тус тус бууруулах боломжтой гэж тус сургуулийн эрдэмтэд үзэж байна. Түүнчлэн өдөрт 560 гр хүнсний ногоо иддэг хүн хорт хавдар, зүрхний өвчнөөс нас барах тохиолдол 25, 31 хувиар тус тус буурдаг байна. Харин жимсний шүүс, ундаа, лаазалсан жимс нь сахарын агууламж өндөртэй байдаг тул хүний нас барах эрсдэлийг 17 хувь нэмэгдүүлдэг аж.
Гэвч бусад судлаач хүний эрүүл мэндэд тамхи, нойр зэрэг олон хүчин зүйл үйлчилдэг атал Лондоны их сургуулийн судалгаа зөвхөн жимс, хүнсний ногооны үр дүнд гол анхаарлаа хандуулсан хэмээн шүүмжилж байна. Мөн зарим эрдэмтэн өдөр тутам жимс ногоо иддэг хүмүүс ихэнхдээ санхүүгийн боломжтой, боловсролтой, эрүүл мэндээ анхаардаг хүмүүс байдаг учир тэдний нас барах магадлал бага байдаг гэж үзэж байна.
А.Цацралт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих