ОХУ-ын байлдааны Су-24 онгоцыг Туркийн зэвсэгт хүчний зүгээс буудаж унагасан тухай өрнөдийн хэвлэлүүд шуурхай мэдээ түгээж эхэллээ. CNN агентлагийн мэдээлж байгаагаар Туркийн агаарын хилийг зөрчсөн хэмээн Оросын онгоцыг буудсан байна.
Хоёр нисгэгчтэй Су-24 онгоц Турк Сирийн хилийн дагуух Бэеирбукак хэмээх газар байлдааны даалгавар гүйцэтгэж явсан аж. Туркийн Анатолу агентлагийн зүгээс мэдээлэхдээ Су-24 онгоц тус улсын агаарын хилийг давж орж ирсэн тул богино хугацааны дотор 10 удаа анхааруулга өгсөний эцэст шууд арга хэмжээ авсан гэжээ. Харин ОХУ-ын төрийн мэдлийн Спутник агентлагт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ асуудлаар тодруулга өгсөн байна.
Оросын албаныхны үзэж байгаагаар Су-24 онгоц Сирийн хилийн дотор талд 6000 метрийн өндөрт үүрэг гүйцэтгэж явсан гэнэ. Онгоц буудуулж газарт унахаас өмнө хоёр нисгэгч шүхэр ашиглан амьд гарсаныг албаныхан баталжээ.
Оросын онгоцууд Сирийн нутагт цохилт өгөх явцдаа Туркийн агаарын хилийг нэг бус удаа зөрчиж үүний хариуд цөөнгүй анхааруулга өгч байсныг CNN агентлаг онцолсон байна.
Ингээд энэ удаа Туркийн тал Оросын онгоцыг шууд буудлаа. Өмнө нь яг энэ районд Сирийн засгийн газрын байлдааны онгоцыг мөн Туркийн хилээр давсан хэмээн буудан унагасан тохиолдол гарч байв.
ОХУ Сирийн нутаг дэвсгэр дэх Исламын улс бүлэглэлийн байрлалуудад агаарын цохилт өгсөөр багагүй хугацаа өнгөрч байна. Оросын иргэний агаарын тээврийн Когалымавиа компанийн Airbus-321 онгоц Исламын улс бүлэглэлийн террористуудын гарт сүйрсэн нь батлагдсанаар оросууд цохилтынхоо хэмжээг хоёр дахин ихэсгээд байсан.
Мөн Парисын халдлагатай холбоотойгоор Франц улс Газар дундын тэнгис дэх Шарль де Голь нисэх онгоц тээвэрлэгч хөлгөөсөө хүчтэй агаарын цохилтыг Сирид өгч байгаа. Францын тал Оросын тагнуулын мэдээлэлд үндэслэн Исламын улсын чухал байршлуудад маш хүчтэй цохилт өгч буй талаар хэвлэлүүд мэдээлж байгаа. Ингэснээр Франц, ОХУ хүссэн хүсээгүй Исламын улсын эсрэг хийж буй цохилтоо хамтатгаж байна. Өрнөдийн эвслийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг ийнхүү оросуудтай хамтарч эхэлснээр АНУ ч мөн нэгдсэн хүчээр Исламын улсын эсрэг тэмцэх гарц хайж эхэлжээ. Тиймээс НАТО-гийн гишүүн орон болох Турк Оросын хийж байгаа агаарын цохилтод таагүй хандах хандлагаа өөрчилж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байсан юм. Тэгвэл ийнхүү Оросын онгоцыг буудаж унагасанаар хоёр улсын хооронд Сирийн хямралтай холбогдон үүсээд байсан таагүй харилцаа улам хурцдах шинжтэй байна.
Саяхан Туркт болж өнгөрсөн Их хорийн уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэлээн битүү утгатай үгсээр Режеп Тайп Эрдоганыг дайрсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа. Их Хорийн орнууд дунд Исламын улс бүлэглэлийн санхүүжүүлэгчид байгааг тэрээр онцолсон нь үнэн хэрэгтээ Туркийг хэлсэн хэрэг хэмээн ажиглагчид санал нэгтэй бичиж буй. Өмнө нь ч Москвад Туркийн элчин сайдыг дуудаж ширүүхэн үгсээр дайрсан тухай мэдээлэл цацагдаж байсан юм.
Тэгвэл хоёр улсын хооронд үүсээд байгаа дипломат харилцааны сөргөлдөөн ийнхүү бодит байдал дээр шууд бууж эхэлсэн нь ажиглагчдыг түгшээж байгаа тухай олон улсын хэвлэлүүд бичжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих