Ирэх жил сонгууль болно. Ард түмний өмнө хариуцлагатай үүргийг оновчтой биелүүлэх мөч ойртсоор. Харин намууд ямар нэгэн сурталчилгаа хийх нь хуулиар хориотой. Энэхүү хуулийн энэ заалтад тушигдсан улс төрийн намууд ирэх сарын 31-ний өдрөөс урьтаж, өрсөлдөгч намуудын эсрэг чадах бүхнээ хийж байгаа нь нууц биш.
Мөн УИХ-ын чуулганаар энэ өдрүүдэд Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж байна. Дөрвөн өөр хуулийн төслийг парламентад суудалтай намуудын төлөөлөл өргөн мэдүүлээд байгаа. Хууль тус бүрээр нь хэлэлцэх хугацаа байхгүй учир өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр гишүүд өргөн мэдүүлсэн аль хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлмээр байгаагаа дурьдаад яриад явсан.
Энэ бол иргэдийг доромжилсон үйлдэл боллоо гэж шууд үзэж болох юм. Сонгуулийн өмнөх жил бүр энэ хуулийг өөчрлөх шаардлага байхгүй. Харин эрх барьж байгаа хүмүүс нь өөрсдөө дараагийн дөрвөн жилд дахин сонгогдох ямар боломжтой байна гэдгийг тусгаж, баталсан хууль болох мэдээж юм.
Сонгуулийн хуулийн төслийн тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Ардчилсан намаас УИХ-ын гишүүнд сонгогдсон Д.Ганбат: "Сонгуулийн хуулиар сонгогчдод зориулсан өөрчөлтүүдийг сайн хийх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулсан хууль гаргаж болохгүй. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд жагсаалтдаа үлдэх маягтай хуулийн төсөл явж байсан. Хамгийн гол нь ард түмнээсээ асууж, жагсаалт байлаа гэхэд иргэдийн санал асуулга хэлбэрээр явуулах горим руу явсан дээр байх.
Сонгуулийн хуулийг сонгууль бүрийн өмнө өөрчлөх ёсгүй. Техник технологийн дэвшлийг сонгууль явуулахдаа ашиглаж байна. Үүнийг зөв гэж үзэж байгаа ч сонирхсон хүмүүс нь дахин нягтлах боломжийг бүрдүүлэх ёстой” гэсэн ажээ.
Харин МАН-аас УИХ-ын гишүүнд сонгогдсон Д.Сарангэрэл: "Р.Бурмаа гишүүний ахалсан Сонгуулийн хуулийн төсөлд санаатай юм уу, санаандгүй байдлаар орхигдсон зүйл байна. Монголын ард түмэнд төрийн эрхээ барьж, хэрэгжүүлэхэд тус дэм болдог, сонголт хийхэд нөлөөлдөг том зэвсэг бол сонин. Гэтэл сонгуулийн сурталчилгаанд сонин оролцохгүйгээр хуулийн төсөл боловсруулагдсан байна. Сонин айлаас айл руу, сумаас сум руу, багаас баг руу очдог, хэвлэл мэдээллийн анхдагч зэвсэг. Гэтэл өнөөдөр сонгуулийн сурталчилгаанд сонинг оролцуулахгүйгээр хийсэн байна. Хуулийн төслийн 83, 84-т радио, телевиз, интернэт орчинд сонгуулийн сурталчилгаа хийнэ гэжээ. Сониноор сонгуулийн сурталчилгаа хийхгүй гэж шууд бичээгүй ч 71.5-аараа бусад арга хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэдэг нь үндсэндээ сониноор сурталчилгаа хийхийг хориглосон гэсэн үг. Та бид өдөр тутам ширээн дээрээ тавьж мэдээлэл авдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч зэвсэг болсон сониныг сонгуулийн сурталчилгаанаас хасчихаад бид юу бодож суух юм. Хоёрдугаарт, 76 гишүүн өөрсдийгөө энэ Их хуралд дархлах гэсэн сонирхол байна уу гэж харагдаж байна. Өмнө нь сурталчилгааны хоног 45 байсныг 21 хоног болгосон. Одоо 14 хоног болгох нь. Хэрэв шинэ хүмүүс орж ирвэл ард түмэндээ яаж танигдах юм. Сонголтоо хийх эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өгдөг юм” гэсэн байна.
Ер нь УИХ-ын гишүүд тэгж их ард түмний эрх ашгийг бодоод байгаа юм бол (УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулсан хууль гаргаж болохгүй” гэж хэлсэн) намын жагсаалтаар гарч ирдэг хэсгийг хасахад л болно. Гэхдээ ийм зүйл болохгүй байх. Өнөө л УИХ-д сууж дадсан хэдэн нөхөд дахиад л гарч ирэх магадлалтай тулс иргэд сонголтоо зөв хийж, хяналтаа сайн тавихгүй л бол дахиад дөрвөн жил бидний амьдрал хэр хэмжээнд доройтохыг мэдэхгүй билээ.
Г.Төмөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих