
Турк улс 11-р сарын 24-нд Оросын "Су-24" цэргийн онгоцыг сөнөөжээ. Оросын бөмбөгдөгч онгоц Сирийн нутаг дээгүүр нисч байхад Туркийн "F-16" сөнөөгч онгоцоос "агаар-агаар" пуужингаар харваж устгасан байна. "Су-24" онгоцоос катапультаар үсэрсэн цэргийн нисгэгчдийг "Сирийн босогчид" буудаж байгаа бичлэг интернэтэд тавигджээ. Нэг нисгэгч амь үрэгдсэн, нөгөөгийн хувь заяа тодорхойгүй байна. Оросууд өөрийн онгоцыг 6000км өндөрт Сирийн нутаг дээгүүр Туркийн хилээс 1км зайд нисч явсан гэж тайлбарлажээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотод Иорданы хаан II Абдаллатай уулзах үеэр энэ талаар мэдэгдэл хийлээ. "Манай Су-24" онгоц, манай нисэгчид үнэндээ Турк улсад ямар ч аюул учруулаагүй. Энэ мэдээжийн хэрэг. Тэд Сири улсын нутагт "Исламын улс" хэмээх террорист бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан. Энэ эмгэнэлт явдал Орос-Туркийн харилцаанд маш сөрөг үр дагавар авч ирнэ" гэж Путин мэдэгдэв.
Путин "Оросын бөмбөгдөгч онгоц хойд Латакийн ууланд бүгсэн орос гаралтай алан хядагчдыг устгаж явсан. "Су-24"-г сөнөөсөн нь терроризмын эсрэг тэмцлийн хүрээнээс хальж гарлаа. Алан хядагчдын хамсаатнууд бидний ар нуруу луу хутга шаалаа. Өнөөдөр болсон явдлыг би өөрөөр хэлж чадахгүй" хэмээжээ.
"Алан хядагчдын эзлэн түрэмгийлсэн нутгаас хямд нефть Турк руу ачигддаг. Ингээд асар их мөнгөөр террористуудыг тэжээж тэтгэдэг. "Исламын улс" ийнхүү нефтиэс сая сая, тэрбум тэрбум доллар олдог. Дээр нь бүхэл бүтэн улс орнуудын Зэвсэгт хүчний хамгаалалтыг нэм. Иймээс тэд (алан хядагчид) яагаад ингэж ичгүүр сонжуургүй, бүдүүлэг авирлан, хүмүүсийг хамгийн харгис аргаар тарчилгаж хөнөөдөг нь ойлгомжтой. Тэд яагаад дэлхий даяар, бүр Европын зүрхэнд алан хядах ажиллагаа хийдэг нь ойлгомжтой" гэж Путин нэмж хэллээ.
Сирийн агаарт мөргөлдөхөөссэргийлэн Орос, Америк хоёулаа хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд харин Турк нөгөө терроризмтай тэмцэж байгаа гэгддэг АНУ-ын эвсэлд багтдагийг Путин сануулав.
Путин "Турк энэ хэргийн дараа бидэнтэй холбоо барихын оронд НАТО-д ханджээ. Турк одоо НАТО-г "Исламын улс" бүлэглэлд хүчин зүтгүүлэх гээд байгаа юм байх даа? Орос улс эртнээс нааш Туркт ойрын хөрш, найрамдалт орны хувиар хандаж ирсэн. Бид болсон явдлыг анхааралтай судалж шинжилнэ. Орос ийм гэмт хэргийг огтхон ч тэвчин өнгөрөөхгүй. Энэ эмгэнэлт явдал Орос, Туркийн харилцаанд ноцтой үр дагавар авч ирэх болно" хэмээжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12906
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих