Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Лхагвасүмбэрэл хэмээх залуугийн цогцсыг энэ сарын 11-нд Хөвсгөл нуураас олсон байдаг. Харин тэрээр энэ сарын 5-ны өдөр автомашинаа тавихаар гэрээсээ гараад сураггүй болсон талаар ар гэрийнхэн нь мэдээлж буй. Тэгвэл түүнийг юуны учир амиа алдсан болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр талийгаачийн гар утсанд хүмүүстэй маргалдан "Би та нараас амь гуйхгүй” гэж хэлсэн бичлэг үлдсэн гэх мэдээлэл олонд дэлгэгдлээ.
Уг бичлэг талийгаач Л-ийн аав Ж.Төмөрсүхэд байсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагад өгсөн талаар тэрээр ярьжээ.
-Аав нь хүүгийнхээ үхэлд уул уурхайн компанийг сэжиглэв-
Талийгаач залуугийн аав Ж.Төмөрсүхийн хэлж буйгаар хүү нь хэд хэдэн удаа гадны дарамт шахалтад өртөж байсан аж. Тэрээр хүүгээ дөрөвдүгээр сард барьцаалуулж, бүр хутгалуулж байсан талаар "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлснээр хүү нь хутгалуулсныхаа дараа эмчилгээ хийлгэж байгаад удалгүй ажилдаа орсон ч ийн амиа алдсан байна. Мөн "Өмнө нь арваннэгдүгээр сарын 02-ны өдөр телевизээр ярилцлага өгч байхад нь нууцалсан дугаараас залгасан байсан. Дараа нь хүүгээсээ сонсоход 03-ны өдөр хүүг минь ахин барьцаалж, тэд нүүр тулсан юм шиг байна лээ” гэжээ.
Зарим эх сурвалжууд талийгаачийг камерт өртсөн хулгайн анчид барьцаалж, заналхийлсэн гэж байгаа ч аав нь Гурвантэс суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг сэжиглэж байгаа юм. Учир нь, талийгаач Л тус сумын бүсэд байгаль хамгаалах чиглэлээр олон судалгаа хийж байжээ.
Түүнчлэн "Ирвэс хамгаалах сан”-гаас гаргасан эмгэнэлд талийгаачийг "бусдын дарамт шахалтаас болж амиа алдлаа” хэмээн бичсэн байсан юм. Эл хэргийн талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Энэ хэргийг сайн шалгах хэрэгтэй” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэж байв.Тэрээр Ирвэс хамгаалах сангийн гишүүн юм.
Түүний цогцсыг Хөвсгөлөөс олсон гэдэг ч...
Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд "Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн энэ сарын 05-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болжээ. Гэвч зургаа хоногийн дараа буюу энэ сарын 11-ны өдөр биологич залуугийн машиныг Хөвсгөл далайн эргээс аймгийн цагдаа олсон байдаг. Харин талийгаачийн цогцсыг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид маргааш нь нуураас олсон байна.
Гэртээ байж байгаад машинаа байрлуулахаар гарсан залуу ийн хөдөөд амиа алсдан байдалтай олдсон нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэх таамаг хөвөрч байгаа юм. Цагдаагийн байгууллага түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргасан бөгөөд түүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж буй аж.
Харин Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас амиа алдсан байж болзошгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
Талийгаач Л Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосонбумбын нуруу руу судалгааны ажилдаа явах гэж байсан гэх. Тэрээр Ирвэс хамгаалах санд биологичоор ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлсэн нэгэн байжээ.
-Тэр ажлаа чин сэтгэлээсээ хийдэг нэгэн байжээ-
Талийгаач Л цоохор ирвэсийн бэлчээр газарт судалгаа хийж, түүнийг хамгаалах ажилд идэвхтэй ажилладаг байсан талаар дотны хүмүүс нь ярьж байна. Цоохор ирвэс манайд төдийгүй дэлхий нийтэд анхаарлын төвд орсон ховор амьтан билээ. Тэр ч утгаараа талийгаач Л "Тостын нуруу бол янгирын нүүдэл газар бөгөөд ирвэсийн гол нутаг. Тэнд биологийн төрөл зүйл ургамал, шувууд, ан амьтан бүгд байдаг, байгалийн үзэсгэлэнт газар. Тиймээс Говь гурван сайхны байгалийн цогцолбор газартай залгаа оршдог энэ хавийн газрыг улсын хамгаалалтад авах шаардлагатай” гэх саналыг гаргаж байжээ.
Түүний саналыг тус сумын удирдлагууд, ард иргэд нь дэмжиж улмаар таван жилийн өмнө Тост, Тосонбумбын нурууг аймгийн тусгай хамгаалалтад авсан гэнэ. Гэсэн ч тэрээр улсын хамгаалалтад тус газрыг авах саналыг удаа дараа гаргасаар байжээ.
-Талийгаач хайртай амьтдаа эргэхээр ингээд явдаг байжээ-
2013 оны байдлаар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрс олборлолтын чиглэлээр"Монголын Алт” МАК ХХК, "Чинхуа МАК-Нарийн сухайт” хамтарсан компани, "Өмнийн говийн элс” компаниуд уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж.
2013 оны наймдугаар сард уул уурхайн салбарт хүний эрх, байгаль орчны аюулгүй байдал хэрхэн алдагдаж байгаа тухай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж "Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2.8 сая га нутаг дэвсгэрийн 1.1 сая га буюу нийт нутгийн 40 гаруй хувьд тусгай зөвшөөрөл олгосноос 11 аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж үүнээс гурван компани нүүрс олборлож эхэлсэн байгаа юм. Хэрэв үлдсэн найман компани өөрийн эзэмшил газартаа олборлолтоо эхэлбэл тус сумын нутагт мал аж ахуй эрхлэх ямар ч боломжгүй болж, нүүдлийн мал аж ахуй эндээс эхлэн устаж алга болно” гэж ярьж байжээ.
Дашрамд дурдахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд 28 ирвэс л байдаг аж.
П.Мөнхжаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих