Ингэснээр картаа худалдаж аваагүй иргэд хяналтын ажилтанд хянуулан нийтийн тээврээр 500 бус 700 төгрөгөөр зорчихоор болж байгаа аж. Гэтэл тухайн картыг худалдаж авах эсэх нь хувь хүний эрхийн асуудал байлтай. Эрхээ эдэлснийхээ төлөө 700 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг байж боломгүй зүйл юм. Хэдийгээр албаныхан "Иргэд эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэж байгаа ч зөвхөн карт худалдаж аваагүйнхээ төлөө нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд нэмж 200 төгрөг төлнө гэдэг зүйд нийцэхгүй.
Нөгөөтэйгүүр байнга алдагдалтай ажиллах болсноо зарлах болсон нийтийн тээврийнхэн шархаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаасанд гараа хийх гэж улайрч байна. Ингэж хардах ч хэд, хэдэн шалтгаантай юм.
Хэрэв уншигчид санаж байгаа бол, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн ажилчид байсхийгээд л ажил хаялт зохион байгуулж иргэдийг хохироодог. Хамгийн ойрын жишээ л гэхэд, өнгөрсөн аравдугаар сарын эхээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд түр зогсолт хийж, олон зуун мянган иргэдийн эрх ашгийг хөсөр хаясан. Үүнийгээ тэд "Улаанбаатар смарт картыг нэвтрүүлж эхэлснээс хойш түлшний мөнгөгүй болж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болсон учир ийнхүү түр зогсолт хийхээс өөр аргагүй боллоо” хэмээн тайлбарласан билээ.
Тухайн үед Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Улаанбаатар цахим картыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан. Хувийн хэвшлийнхэн сүүлдээ цалингаа тавьж, түлшээ авч чадахаа байлаа. Улсын компаниуд ч адилхан. Шатахууны компаниудад гурван тэрбум гаруй төгрөгийн өртэй” хэмээн ярьсан байдаг.
Энэ бүгдээс харахад "Улаанбаатар цахим карт”-ыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр алдагдалтай ажиллах болсон нийтийн тээврийнхэн шархаа нөхөхийн тулд иргэдийг хөлдөө чирэхээр шийдсэн нь тодорхой байна. Учир нь, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд автобусныхаа үнийг 700 төгрөг болгох аваас түүнийг дагаад олон сөрөг үр дагавар гарна. Жишээлбэл, өдрийн цагаар 500 төгрөгөөр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг микро автобусууд 700 төгрөгөөр үйлчилж эхлэх нь гарцаагүй. Тэд 700 төгрөгөөр үйлчилгээ үзүүлж эхэлбэл оройн цагаар, автобус зогссон үед хэдэн төгрөгөөр иргэдэд үйлчлэх нь ойлгомжтой биш гэж үү.
Үүгээр ч зогсохгүй үүнийгээ дагаад таксиныхан км-ийнхээ үнийг нэмж, эцэст нь өнөөх хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөг маань хоол, хүнсэнд бус унаанаас унаанд үрэгдээд алга болоход ойрхон байгаад иргэд бухимдалтай байна.
Б.Төрбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих