-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом уналаа. Танай компани хэрхэн ажиллаж байна вэ?
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаад байна. Өнгөрсөн долоо хоногт манай үйлдвэрийн төлөөлөгчид Шанхайн биржийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. Өмнө нь 10 дугаар сарын эхээр Лондонгийн металийн бирж дээр уулзалт, танилцуулга явагдсан. Сая дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зэсийн үйлдвэрлэлтэй холбоотой хүмүүс уулзлаа. Ойрын хугацаанд зэсийн үнийн өсөлт харагдахгүй байна. 2016 оны нэгдүгээр улирлыг дуустал өнөөгийн байгаа түвшнээс өсөхгүй байх гэсэн хандлага яригдлаа. Хэн нэгэн алх цохиод үнэ тогтоочихгүй, зах зээлийн үндсэн зарчмаараа бодит хэрэглээнээс хамаараад зэсийн үнэ өсөх, буурах нь тодорхойлогдож байна. Ойрын хугацаанд хэн нэгэн хөдөлгөчихнө гэсэн найдвар алга. Шанхайн биржийн чуулга уулзалтад цугласан бүх хүн хэмнэлтийн бодлого барих ёстой гэдэг дээр санал нэгдсэн.
Өнөөдөр байгаа 4500-5000 ам.доллар манай үйлдвэрийн 1 тн зэс үйлдвэрлэх дундаж үнэ гэж харж байгаа. Тиймээс хэмнэлтийн бодлого сайн барьж байж үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг хэвийн авч үлдэнэ гэдэг асуудлыг бүгд ярилаа. Яаж бага зардлаар оновчтой үйл ажиллагаа явуулах вэ гэдэг дээр анхаарч байна. Өнөөдрийн ашиглалтад оруулсан бүтээн байгуулалт бодитой хэмнэлт болно.
-Зэсийн үнэ хэдэн ам.долларт хүрвэл Эрдэнэт үйлдвэрт ашиггүй ажиллах эрсдэл бий болох вэ?
-Манай эдийн засгийн хэлтсийнхний хийсэн судалгаа бий. Тэрүүгээр зэсийн үнэ 4500 ам.доллараас доош орох юм бол Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж, алдагдалд орно гэдэг тооцоо байгаа. Мэдээж мөнгөн урсгалын хувьд зэсийн үнэ унах тусам манай бодит орлого буурч байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгөн хомсдол бий болж байгаа. Бид технологийн шинэчлэл хийхээс илүү үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн барих, технологийнхоо үндсэн материалуудыг таслахгүй авч явах зорилготой байна. Ингэхдээ аль болохоор цомхтгол хийгүй, ажилчдынхаа цалин хөлсийг бууруулахгүй байхыг хичээнэ. Зэсийн үнэ дээр хэлсэн үнэд хүрвэл байдал маш хүндэрнэ. Гэхдээ 2013 оны эхний байдлаар үйлдвэрлэх 1 тн цэвэр зэсийн өөрийн өртгийг 6625 ам.доллар байна гэж тооцсон байсан. Харин 2015 оны эхний есөн сарын тайлан гарахад зэсийг үйлдвэрлэж байгаа өртөг 5035 ам.доллар болсон байгаа. Тэгэхээр бид энэ хоёр жилийн хугацаанд 1 тн зэсийн өөрийн өртгийг 1600 ам.доллараар бууруулж чадсан. Энэ бол манай хамт олны том амжилт.
-Зэсийн үнэ унаж байгаа ч танай үйлдвэр нэг жилийн дотор хоёр томоохон үйлдвэрлэлийг нээлээ.
-Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бодлого концевцийг бид боловсруулж ирсэн. Дунд шатных нь энэ 2015 оны төлөвлөгөө хэрэгжээд үндсэндээ дуусаж байгаа. Нэлээн олон зүйлийг төлөвлөж хийсэн, амжаагүй ажил ч байна. Ажлын баг гараад ойрын 10 жил Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бодлого боловсруулж ирэх 12 дугаар сард болох "Совет”-ын хурлаар танилцуулж, батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Технологийн нэлээн өөрчлөлтүүдийг багтаасан. Урьдын 10 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ санхүү эдийн засагтайгаа маш бага холбож ирсэн. Тиймээс манай ашиг бол хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болж хувирчихаад байсан. Гэтэл үйлдвэр хөгжүүлэх эх үүсвэрт бага мөнгө тавьж өгсөн учраас технологийн хөгжлийг том хэмжээгээр хийж чадаагүй ирсэн асуудлууд бий. Тэгэхээр ойрын 10 жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөг эдийн засагтайгаа сайн холбож өгч, ногдол ашгийн бодлогыг өөрчлөх шаардлагатай гэдгийг хурал дээр ярина.
-Эрдэнэт үйлдвэрийн анх тогтоогдож байсан нөөцийн хэдэн хувийг ашиглаад байгаа вэ. Цаашид хэдэн жил ашиглагдах боломжтой вэ?
-Эрдэнэт үйлдвэр дахиад 30 гаруй жил ажиллах нөөц байгаа. Гэхдээ энэ нөөцийг ашиглахдаа мэдээж өнөөдрийн байгаа нөхцлөөр биш дахиж техник технологийн шинэчлэл хийх, үйлдвэрийг өргөтгөх замаар цаашид 30 гаруй жил ажиллах боломж бий.
-Тэгвэл Эрдэнэт үйлдвэр 30 гаруй жилийн дараа яах вэ. Шинэ удирдлагын багийн хэрэгжүүлж байгаа Хаалт хөгжлийн менежментийн талаар мэдээлэл өгөөч. 30-40 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн суурин дээр томоохон үйлдэр босгох боломж бий юу?
-Манай үйлдвэрийн хамт олны зүгээс барьж байгаа нэг том бодлого бол энэ хаалт хөгжлийн менежментийн асуудал байгаа. Хаалт хөгжлийн менежментийг нэг хэсэг ойлгож байсан. Энэ бол шинэ асуудал биш уул уурхай эхэлсэн цагаасаа эхлээд нөөцөө ашиглах, цаашдаа хөгжих асуудалтай холбогдож хөгжиж ирсэн. Ерөөсөө уурхайг нээхэд, хаасны дараа яаж хөгжих ёстойг Хаалт хөгжлийн менежментээр тодорхойлох ёстой гэж үздэг. Тэгэхээр зөвхөн нөөцийн хэмжээгээр тухайн үйлдвэр ажиллаад зогсохдоо биш нөөцийг ашиглахад бий болсон материаллаг бааз, мөнгө хөрөнгийнхөө боломж дээр тулгуурлаад цаашаа хөгжих нь хамгийн чухал. Үйлдвэрийн суурь бааз дээр өөр үйлдвэрлэл хөгжих, өөрсдийн олж авсан туршлага мэдлэгэр цаашид энэ салбарыг хөгжүүлээд явах боломжийг бид олж харах ёстой. Тиймээс Хаалт хөгжлийн бодлогыг эртнээс ярих хэрэгтэй. Нөөц дуусах үед дөхүүлээд яривал оройтчихсон, санхүү мөнгөний боломжгүй болчихсон байдаг.
Энэ асуудал өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт яригдаж байгаа нь цагаа олж байна. 30 жилийн дараа Эрдэнэт үйлдвэр яаж хөгжих ёстой гэдгийг өнөөдөр бид зөв харж, зөв төлөвлөх хэрэгтэй. Тэрэнд шаардлагатай хөрөнгийг Хаалт хөгжлийн менежментийн фонд гэдэгт тусгаж өгөх ёстой асуудал. Нөгөө талаараа цаашаа хөгжих боломжтой салбар юу байна гэдгийг олж харж боломжийг нээж өгөх. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Засвар механикийн завод. Энэ заводыг уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болгох. Эрдэнэт үйлдвэрийн геологийн нөөц дууссан ч уул уурхайн салбартаа тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, технологи хөгжүүлдэг чиглэлээр энэ заводыг цааш нь явуулбал гэж бид ярьдаг. Ер нь энэ асуудлын төлөвлөөд эхэлчихсэн хөгжлийн хэлтсийнхэн ажиллаж төлөвлөгөө боловсруулаад явж байна.
-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Үнэ өртгийг бууруулах боломжийг бид хайж, эрэлхийлж байна. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, болж өгвөл үйлдэрлэгчээс нь хямдаар олж авах чиглэлээр зарим ажил хийж байгаа. Ган бөөрөнцөг цувих цех 20 гаруй мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. Бүтээгдэхүүний тоо хэмжээ, орлогоо нэмэгдүүлэхээр өргөтгөлийн ажил хийсэн. Өөрийн хийж болох зүйлийг импортоор авахгүй байхаар Засвар механикийн заводынхан маань шинэ насос шахуургын зураг төсөл хийгээд үндсэн ажил эхлэх гээд явж байна. Бид хичээж байгаа.
-Дагавар металууд ямар ашиг өгч буй юм бол?
-Дагавар бүтээгдэхүүний хувьд молибдины баяжмалыг шинэ технологиор боловсруулдаг. 3600-4000 тн молибдины баяжмалыг дотоод болон гадаадад борлуулж байна.
-Эрдэнэт үйлдвэр дээр онцгой комисс байгуулагдан ажиллаж байгаа гэсэн. Тэд ямар ажил хийж байна. Цаашид зэсийн үнэ унавал яах вэ?
-Зах зээлийн үнийг зохицуулж чадахгүйгээс хэмнэлтийн бодлогоо барина. Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг хоёр жилийн өмнө боловсруулсан. Зэсийн үнэ ямар байхад яаж ажиллахыг нарийн тооцоолсон төлөвлөгөөний дагуу явж байгаа. Өөрийн чинь хэлсэн онцгой комисс гэдэг бол үйлдвэрийн техник, технологийн гол бодлого барьж байгаа 40 гаруй хүнээс бүрдсэн үйлдвэрийн хэвийн ажиллагаа явуулахад хамтын шийдвэр гаргадаг комисс. Онцгой комисс нь шахааны буюу энийг, тэрийг ав гэсэн асуудал байхгүй, үйлдвэрт хэрэгтэй шударга шийдвэр гаргаж үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй.
-Оросын талд өгөх ёстой хоёр жилийн ногдлол ашгийг хүлээн авагч тодорсон. Энэ мөнгийг оросын талд өгснөөр Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
-Нэгдүгээрт "Рос тех” нь Эрдэнэтийн 49 хувийг эзэмших нь сая баталгаажиж байгаа болохоос шинэ компани биш. Энэ үйл явдлаас болж үйлдвэрийн хэвийн ажиллагаад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. 47 сая ам.долларыг бид оросын талд төлнө. Энэ мөнгө манай үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөд байна. Үүнийг өгснөөр Эрдэнэт үйлдвэр дампуурахгүй. Манайх жилдээ 600-800 сая ам.долларын борлуулалт орлоготой байна. Манай үйлдвэр ашигтай ажиллаад түүнийхээ ногдолыг л өгөх гэж байгаа асуудал шүү дээ. Цагт нь өгчихөөд яваад л ирсэн. Энэ мөнгийг өгснөөр Эрдэнэтийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэснийг улс төрийн өнцгөөс тайлбар хийсэн гэж хараад байгаа. 2013, 2014 оны ногдол ашгийн зөвлөл хуралдаагүй учраас л хуваарилаагүй байсан юм.
-Эрдэнэт үйлдвэр "Шилэн дансны тухай хууль”-ийг мөрдөхгүй байна гэдэг асуудал яригдсан. Энд тайлбар өгнө үү.
-Ер нь бол Шилэн дансны тухай хуулийг төсвийн байгууллага, аж ахуй нэгжүүд мөрдөх чиглэл нь өөрөө заагдсан. Манайх энэ хуулиа мөрдөөд явж байгаа, байгууллагын цахим хуудаснаас харж болно. Энэ тухай ярьсан тэр залуу / "шилэн” Цогоо/ өөрөө Шилэн дансны хуулийг яаж мөрдөх талаар мэдээгүй, хуулиа уншаагүй юм шиг байна лээ. Эрдэнэт үйлдвэр ямар мэдэлэл тавих ёстой тэрийгээ тавьчихсан байгаа.
Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой: Бид Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээллээ ил тод тавьж байгаа. Мэдээж Нууцын тухай хууль ч үйлчилнэ. Гуравдагч этгээдэд задруулж болохгүй үнийн дүнтэй холбоотой заалт гэрээнд байдаг. Үйл ажиллагааны тодорхой хэсэг нууц байх тухай ч гэрээнд заасан бий. Та бүхэн ямар ч томоохон компанийн сайт руу ороод өөрсдийн бүтээгдэхүүний үнийн талаар тавьсан байхыг харахгүй байх.
Б.Буд
Эх сурвалж: Shuud.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих