Дорнодын тал дуусахгүй...
Догдлох сэтгэлд цаашлан өртөөлөх
Довтлох хүлэгт цэлийн алслах
Дорнодын тал дуусахгүй
Дорнодын их тал
Тулах цэг
Домогт Халхын гол
Хүрэх цэг...
Эрх чөлөө
Талаар дүүрэн
Энд яавч
Бодол давчдах нь үгүй
Дов сондуулгүй
Донсолгоо чичрээ ч үгүй
Дорнодын талаар
Довтолгох урамтай
Гэвч энд бөмбөг шургасан нүх
Гэнэтийн хар аюул бий
Газрын шарх, дайны сорви
Гай тарихаар отож бий
Зовлон мэдэхгүй эр юмуу
Жолооч залууд айдас алга
Зоримог мугуйд нөхөр юмуу
Цочих бусгах унхиа алга
Эх оронтой хүний зан
Эмээж айх юу ч алга
Энх тэнгэрийн доорхи хүн
Энэ хархүүд зовлон алга
Эрх чөлөө гэвэл
Энэ тал л байх
Эзэн хүн ёстой
Ийм л байдаг байх
Хандсан зүгтээ өнжин давхих
Нутаг миний өмч!
Хаа л бол буйраа дугуйлах
Эх орон бидний өмч!
Эзэн хүн нээрээ
Ийм л байдаг байх
Эрх чөлөө гэж
Энийг л хэлдэг байх!
Догдлох сэтгэлд цаашлан өртөөлөх
Довтлох хүлэгт цэлийн алслах
Дорнодын тал дуусахгүй
Дорнодын их тал
Тулах цэг
Домогт Халхын гол
Хүрэх цэг
1983 он
Г.ЛхагвааТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих