Өглөөний нарнаар будрах цаснаар төрсөн бодрол …
Анчин баавай Болод үүрийн таван жингээр анч нохдоо дагуулан гэрээс хөдлөн тэртээ баруун хойдох түнэ шугуйтай сундалласан өндөр уулсын хормойд хүрч олны хөлөөс зайдуухан жимээр давааны хяр өөд өгслөө. Халтар морины хөлд гишүү тасхийхээс өөр анир үгүй. Морины явдал даган шогшсон анч ноход хэлээ унжуулсхийн өвгөний сүүдэр бараадна. Үдшийн бүрийгээр хялмаалсан цасан үүр цайхтай зэрэгцэн танан цагаан хөнжлөө нөмрөх мэт хээр талыг бүрхэн хээлэв. Удалгүй шинэхэн өглөөний наран мандах гэж буйг илтгэн тэнгэрийн хаяа зүүн өмнө зүгт шаргалтан гэгээрч, орчин тойрны бараа харагдахтай болов.
Гэнэт халтар морь чихээ хайчлан солбилзуулан зогтусав. Шинэхэн орж буй цасанд аглаг хөвчийн ууланд эзэн бий хэмээх шиг тамгалсан хэсэг мөр тааралдах нь тэр. Анчин баавай Болод гуай эмээл дээрээ өндөсхийн суудал засч, хойноо яваа анч нохдын зүг гар зангав. Эртлэн гарч халтар морины хатираа гүйцэх гэсэн мэт шогшин явсаар хэлээ унжуулах шахаж, хүзүү сунган явсан хоёр нохос зүг зүг тийш сортолзон харснаа бургастай жалганы судаг руу харайлган одлоо. Халтар морь ч ухасхийн нохдын араас ергүүлэн орлоо.
Уухилан хүрхрэх, архирах чимээнээр хүрч очвол шинэхэн орсон цаснаа хуяглахаар шороотой, цастай хөрсөнд хөрвөөсөн залуу бодон анч хоёр нохостой дээр дороо оролцон ноцолдож байв. Өвгөн мөрөвчилсөн оодон шарыг сурмагхан гэгч нь мултлан авч, яаравчлан сумлан хараалаад зохистой цагийг хүлээн морины амыг татан, эмээлийн бүүргэнд жолоогоо хантарч буув.
Пидхийх дуунаар нугдгасхийн унасан бодонг орхин хоёр анч ноход халтар морийг бараадан эргэлээ. Өвгөн ч ухасхийн мориноос бууж бүсэн дэх чинжаалын иш рүү гар сунган алхлав … Мандах нарны шаргал туяа уулын энгэр хормойд тусч, Нэмнийн хөндий тэр чигээрээ гялтганан цайвалзахыг ажин суусан Болод гуай монцгор мөнгөн трүүвкэний толгойг гутлын хоншоор луу тогшин түрийлээд өндийлөө.
Г.Төмөрчулуун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих