Өнөөдөр ХДХВ/ДОХ-ын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Хэдийгээр энэ өвчинтэй дэлхий нийтээрээ тэмцэж байгаа ч өнөөдрийг хүртэл бүрэн эмчлэх аргыг олоогүй, тархалт нь ч буурахгүй байгаа юм. Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд 20 гаруй жил өнгөрчээ.
2015 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэний 26 нь нас барсан байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар халдварласан нь тогтоогджээ. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж. НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу манай улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ДОХ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай гэнэ.
Энэ бол улсын хэмжээний статистик. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Дорнод аймгийн 7 иргэн ДОХ-ын халдвар тээсэн гэх мэдээлэл бий. ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү өнгөрсөн жил Дорнод аймагт ажиллах үеэрээ ийнхүү мэдэгдэж байсан юм. Гэхдээ эдгээр иргэд Дорнод аймагтаа амьдарч байгаа юу, энэ тоо нэг жилийн хугацаанд өөрчлөгдсөн үү гэхчилэн мэдээлэл хомс байна.
ХДХВ болон ДОХ хоёр адил ойлголт биш юм. ХДХВ-ын халдвар тээгч хүн бүр ДОХ-той байх албагүй. Харин ДОХ-той хүн бүр ХДХВ-ын халдвар тээж байдаг. Иймд ХДХВ-ын халдвар авсан хүн бүрийг ДОХ-той гэж ярьж хэлэх нь өрөөсгөл ойлголт юм. Цөөн тохиолдолд зарим нэг хүмүүст ХДХВ-ын халдвар авсаны дараахан дархлааны CD4 эсийн тоо буурч, болзолт халдваруудаар ДОХ шууд илрэх нь бий. Гэхдээ ихэнх хүмүүст ХДХВ-ын халдвар 10 хүртэл түүнээс олон жил ямар нэг шинж тэмдэг илрэхгүйгээр явагддаг. Иймээс хэн нэгнийг ХДХВ-ын халдвартай эсэхийг гаднаас нь хараад таних боломжгүй. Харин ХДХВ тээгч хүн шинж тэмдэггүй үедээ ч бусдад халдвар дамжуулж болно. ХДХВ-ын халдвар авсныг эрт илрүүлж, эмнэлгийн хяналтад байх нь өвчинг даамжрах явцыг сааруулж халдвартай хүмүүсийн амьдрах хугацааг уртасгахад тустай бөгөөд халдвараа бусдад тараахаас сэргийлэхэд ч мөн ач тустай байдаг.
ХДХВ-ын халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүү зэрэг биеийн шингэнүүдэд вирус агуулагдаж байдаг. Иймд зөвхөн эдгээр ХДХВ-ийн халдвартай шингэнүүд өөр хүний цусны урсгалд орох нөхцөлд л вирус дамжин халдана. Ийм маягаар халдвар хүний биед шууд нэвтрэн орж болох үүд хаалга гэвэл (1) үтрээ, шулуун гэдэс, амны салст бүрхэвч болон эр бэлэг эрхтэний сүвээр; (2) судсаар тариа хийхэд; (3) арьсан дээрх шарх шалбархай зэрэг юм. ХДХВ нь ихэнхидээ дараах замуудаар дамжина:
1. ХДХВ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох / үтрээгээр болон шулуун гэдсээр/
Хэдийгээр эмэгтэйгээс эрэгтэйд халдвар дамжиж болох ч эмэгтэйчүүд үтрээгээр бэлгийн хавьталд орох үедээ ХДХВ-ын халдвар авах эрсдэл нь эрчүүдээс илт өндөр байдаг. Шулуун гэдсээр (эрчүүд эрчүүдтэйгээ болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд аль алинд нь ) хавьталд орох үед үрийн шингэн авч буй хүн илүү эрсдэлтэй. Учир нь шулуун гэдэсний салст бүрхэвч маш нимгэн бөгөөд хялгасан судсаар баялаг байдгаас хурьцлын үед тэдгээр нь амархан хагарч гэмтдэг.
2. ХДХВ-ын халдвартай хүнтэй амаар хамгаалалтгүй хавьтах
Үтрээгээр болоод шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед халдвар дамжихтай харьцуулахад маш цөөхөн боловч амаар секс хийх үед ХДХВ дамжсан тохиолдол байдаг. Ялангуяа хавьталд орох үед үрийн шингэн аманд орсон тохиолдолд халдвар дамжих эрсдэлтэй. БЗХӨ-ний улмаас болон шүдээ эвгүй сойздоход юм уу, ам гэмтсэн үед үүссэн шарх, шалбархай нь цусанд вирус орох боломжийг бүрдүүлдэг.
3. ХДХВ-ын халдвартай хүнтэй зүү тариураа дамжуулан хэрэглэх
Лабораторийн судалгаагаар ХДХВ нь ашигласан зүү тариурт сар түүнээс ч илүү хугацаагаар хадгалагддаг болохыг тогтоосон. Иймд ашигласан бохир зүү тариур, ус болон мансууруулах бодис бэлтгэсэн хэрэгслийг хэзээ ч дахин хэрэглэх болон бусадтай дамжуулан хэрэглэж болохгүй. Героин гэх мэтийн мансууруулах бодис, мөн стрериодын бэлдмэлийг хууль бусаар судсаар тарихад хэрэглэсэн зүү тариур үүнд хамаатай. Мөн шивээс хийх, чих цоолох зэрэгт ашигласан бусад төрлийн зүү багаж хэрэгсэлд ч ХДХВ-ын халдвар агуулагдаж болно.
4. Жирэмсэн болон төрөх үед, эсвэл хөхний сүүгээр халдах / эхээс хүүхдэд дамжих халдвар/
Хэдэн жилийн өмнө ч бай өөрийгөө ХДХВ-ын халдвар авсан байж болзошгүй гэж бодож байгаа ямар ч эмэгтэй хүн жирэмсэн болсон эсвэл жирэмсэн болохыг завдаж байвал шинжилгээ өгч, зөвлөгөө авах хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд ХДХВ-ын шинжилгээнд хамрагдаж, шинжилгээгээр эерэг гэж оношлогдсон эмэгтэйчүүдэд халдвар дамжихаас сэргийлэх эм өгч, хөхөөр хооллохгүй байхыг зөвлөдөг болсонтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд эхээс хүүхдэд дамжих халдвар буурсаар байна.
ХДХВ ямар нөхцөлд дамжихгүй вэ ?
ХДХВ нь нэг хүнээс нөгөөд амархан халдварладаг вирус биш. Энэ нь хоол хүнс болон агаараар / ханиах, найтаах гэх мэт/ дамждаггүй. Халдвартай хүний гэрийнхэн, хамаатан садан, хамт ажиллагсад болон найз нөхөд нь тэдэнтэй нэг тогооноос хооллож, ариун цэврийн өрөөгөө хамт хэрэглэж тэвэрч үнсэх зэргээр өдөр тутам харьцаж байхдаа халдвар авсан тохиолдол нэг ч гараагүй. / Ихэнхи эрдэмтэд Франц маягийн үнсэлт буюу удаанаар озон үнсэлцэх үед ХДХВ-ын халдвар дамжиж болох юм гэж үздэг ч энэ нь бараг л боломжгүй юм/
Донорын цусанд ХДХВ-ын шинжилгээ хийснээр цус сэлбүүлэх үед ХДХВ-ын халдвар авах эрсдлийг үндсэндээ устгаад байна. (Цусны төвүүд болон донорын цус цуглуулдаг газруудад цусаа өгснөөс болж та ХДХВ авахгүй.) Хөлс, нулимс, бөөлжис, хүний өтгөн шингэн ялгадас зэрэгт ХДХВ ямар нэг хэмжээгээр агуулагддаг боловч эдгээрээр бусдад ХДХВ-ын халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна (хүний өтгөн ялгадасаар арьсны ил шархаар дамжин халдварласан 2 тохиолдлыг эс тооцвол). ХДХВ нь шумуул, нохой бөөс болон бусад төрлийн шавьжаар дамжин халдварладаггүй.
Сэтгэгдэл бичих