Христийн тооллын өмнөх XIII зуунд эртний Египетийг захирч байсан Тутанхамон фараоны бунхантай нуугдмал танхим тус улсын зүүн хэсэгт орших Луксор хотын хаадын хөндийд байх магадлал 90 хувь байгаа хэмээн албаныхан үзэж байна.
Мөн Тутанхамон фараоны өмнө эрх барьж байсан Эхнатон хааны хатан Нефертитийн булш ч фараоныхтой хамт байгааг судлаачид итгэл төгс тэмдэглэв. Их Британийн Египет судлаач Николас Рийвес энэ талаарх өөрийн таамгаа наймдугаар сард гаргаж байжээ. Тэрбээр есдүгээр сард радар болон дулааны дүрслэлийн тусламжтай бунхны хана болон булш тавьдаг хадан орыг шинжилсэн аж. Шинжилгээгээр Тутанхамон фараоны булштай танхимын хойд хэсэгт дахин нэг өрөө байгаа бөгөөд үүнийг Нефертит хатны булш байх магадлал маш өндөр гэдгийг Египетийн Эртний соёл иргэншлийн яамны албаны хүмүүс бямба гарагт мэдэгдсэн байна.
Археологич Рийвесийн аргаар Тутанхамон фараоны бунханд Египетийн эртний соёл иргэншлийн асуудал хариуцсан яамны томилсон эрх бүхий шинжээчид гурван долоо хоногийн өмнө шинжилгээ хийсэн байна. Дээжийг Япон руу нэг сарын хугацаатай нарийвчилсан шинжилгээнд явуулсан гэнэ.
Нефертити хатан, Тутанхамон фараон нар МЭӨ XIV-XII зуунд буюу эртний Египетийн хамгийн ороо бусгаа цаг үед төр барьж байжээ. Тухайн үед Египетийн төрийн эрхийг Хоремхеб генерал тэргүүтэй цэргийнхэн булаан авч, Нефертити, Тутанхамон нарын нэр албан ёсны эх сурвалжаас арчигдаж, өөр нэрээр тэмдэглэгдсэн гэдэгт судлаачид санал нэгтэй байдаг аж.
Мөн Австрийн археологийн хүрээлэнгийнхэн эртний Египетийн нийслэл Аварис хотод 3500 жилийн настай, 500 метрийн урттай, долоон метрийн өргөнтэй аварга элсэн хашаа байгааг олж тогтоосон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих