Өчигдөр Францын нийслэлд эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын Бага хуралд 140 гаруй орны удирдагч, төлөөлөгчид оролцож байна. Бага хурлын үеэр олон улсын сэтгүүлчдийн анхаарлын төвд ОХУ болон Туркийн Ерөнхийлөгч нар ороод байна. Хэдийгээр олон улсын тэргүүнүүдийн оролцож байгаа энэхүү хурал нь уур амьсгалын өөрчлөлт буюу байгаль экологийн чиглэлээрх асуудлуудыг хэлэлцэж байгаа боловч Орос, Туркийн удирдагч нар хоорондоо хэрхэн харилцахыг сэтгүүлчид ихээр тандаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Оросын онгоцыг сөнөөсөнтэй холбоотойгоор хоёр улсын хооронд хурцадмал байдал үүссэн, ОХУ Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан зэрэг үйл явдлууд энэхүү бага хуралтай давхцаж байгаа.
Зохион байгуулагчдын зүгээс Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нарыг хурлын үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд ойр байлгахгүйгээр төлөвлөсөн нь Оросын Ерөнхийлөгчийн онгоц бага хурлын нээлтээс хожимдож Парист газардсан, ерөнхийлөгч нар хоорондоо уулзахаас татгалзсан зэргээс ажиглагдаж байна.
Тухайлбал хоёр ерөнхийлөгчийг ойр байлгахгүйг Оросын талаас хүссэн бололтой. Мөн уулзалтаас татгалзсан нь ч Оросын ерөнхийлөгч Владимир Путин гэнэ. Харин тэрээр Эрдогантай уулзахын оронд шууд л АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай орон нутгийн цагаар өнөөдөр өглөө уулзаж ярилцсан аж.
Обаматай хийсэн уулзалтынхаа тухайд Оросын ерөнхийлөгч ТАСС агентлагийн сурвалжлагчид ярихдаа "Бид Сирийн талаар, тухайлбал тус улсын Засгийн газрын эсрэг сөрөг хүчний тухай, мөн бидний террорист гэж үздэг байгууллагуудын талаар түлхүү санал солилцлоо” хэмээсэн байна.
В.Путин Барак Обаматай уулзсаныхаа дараагаар бага хуралд үг хэлэхдээ Туркийг "Исламын улс” бүлэглэлээс газрын тос худалдан авдаг хэмээн буруутгасан байна. Үүний хариуд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Турк улс газрын тос, байгалийн хийн импортоо хууль ёсны арга замаар хангадаг. ОХУ энэ мэдэгдлээ баталж чадвал би Туркийн Ерөнхийлөгчийн суудлаас огцроход бэлэн байна” хэмээн хэвлэлд яриа өгчээ.
Туркийн талаас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн хилийн ойролцоо Оросын СУ-24 байлдааны онгоцыг буудаж сөнөөсөн нь Сирийн асуудлаар зөрөлдөөнтэй байр суурьтай байдаг хоёр орны харилцаанд хүчтэй сэв суулгаад байгаа юм. Энэ хэргийн улмаас ОХУ Турктэй харилцаагаа зогсоож, эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа.
Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засгийн харилцаа холбоо зузаарах хандлага ажиглагдаж байсан. Европын холбооны зүгээс Украины хямралтай холбоотой асуудлаар Оросын эсрэг авсан худалдааны хориг арга хэмжээний дүнд Турк улсын Орост нийлүүлэх бараа, бүтэгэдэхүүний тоо хэмжээ огцом өсөөд байсан юм.
Тэгвэл Оросын талаас авсан хориг арга хэмжээ нь аль аль талдаа тодорхой хэмжээний хохирол учруулах юм. Эдийн засагчдын үзэж буйгаар Оросын эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Турк улс жилийн Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 0.5 хувьтай тэнцэх хэмжээний хохирол амсах гэнэ.
politik.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих