Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хил
боомтын үндэсний зөвлөлийн дарга С.Баярцогтыг гаалийн байгууллагын
томилгоон дээр анхаарлаа хандуулаач гэж хүсэх байна.
Учир нь сүүлийн үед хууль хяналтынхан авлига, хээл хахууль, албан
тушаалын гэмт хэрэгт орооцолдсон гаалийн нөхдийг гороолж эхэлсэн. Бүр
тодруулбал, хэрэгт холбогдон шалгагдаж буй гаалийн байцаагчид бүгд
О.Ганбат даргын мэдэлд байсан хүмүүс. Тухайлбал, саатуулагдсан гэх
гаалийн ажилтнууд болох Замын –Үүдийн гаалийн Улсын ахлах байцаагч
С.Насанбат, үнэлгээний байцаагч Д.Ганзориг, Насанжаргал, Эрдэнэбаатар
нар хуурамч бүрдүүлэлт хийж татвараас бултуулсан гэх хэрэгт холбогдсон.
Харин ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч
Б.Баттогтох, байцаагч Оргилмаа, Сургалт судалгааны төвийн дарга
Оюундэлгэр нарыг бусдаас авлига авсан байж болзошгүй гэх асуудлаар
шалгаж эрүүгийн хэрэг үүсгэчихээд байна. Угтаа бол дээрх нэр бүхий
хүмүүсийн холбогдсон хэргийн нэг нь бусдыг татвараас зайлсхийхэд нь
тусалсан, харин нөгөө нь гаалийн байцаагчдийг сэлгэн томилгоо хийхэд
тэднээс хахууль авсан гэх хэргүүд дээр тус тус сэжиглэгдэж байгаа билээ.
Бид өнгөрсөн сарын 18- ны өдөр гааль дотроо сэлгэн ажиллахад аль
ашигтай гэсэн боомт руу явахын тулд удирдлагууддаа хэдий хэрийн
хэмжээний мөнгө өгч байж хүссэн газартаа явдаг талаар мэдээлж байсан.
Тухайлбал, Замын-Үүд, Хотын гаальд газар хэлтэс, албаны даргын албан
тушаалд очихын тулд 20-25 сая төгрөг, ахлах байцаагч болохын тулд 10-12
сая, энгийн байцаагч нь газар орны байршлаасаа хамаарч хамгийн ихдээ
6-12 сая төгрөг өгч байж хүссэн албан тушаалдаа очдог гэдгийг олон
байцаагч хэлж буй юм.
Гэтэл өнөөдөр салбарынх нь долоон хүн авлига, хээл хахууль, албан
тушаалын гэмт хэрэгт орооцолдчихоод байхад О.Ганбат дарга амандаа ус
балгасан мэт дуугуй сууж байгаа нь хачирхалтай. Магадгүй ард нийт яагаад
ийм олон байцаагч ар, араасаа дагалдан хуулийнхний овоо хараанд өртөх
болов гэж гайхаж байж магадгүй. Гаальд байсан хээл хахуулийн нууцлагдмал
энэхүү явдлыг тус газраас халагдсан ажилтнууд нь нотлох баримт
бүрдүүлэн АТГ-т аваачиж өгснөөр ийнхүү олноороо шалгагдах болсон нь энэ
аж. Өөрөөр хэлбэл, ажлаас халагдсан гэгдэж буй 69 байцаагчийн зарим нь
авлига авсан албан тушаалтнуудынхаа нэрийг тус газарт өгөөд байгаа аж.
Нагац ах нь дүүгээ өөд нь татаж боомтын дарга болгожээ
Тэгвэл бусад байцаагч нар нь хүссэн газраа очихын тулд дарга,
даамлууддаа хэд гурван төгрөг өгч байж албан тушаал дээр очиж байхад нэг
ч төгрөг өгөхгүйгээр мөрөөдлийн албан тушаал дээр очсон нь ч бас байна.
Мэдээж гэрлийн хурдаар саадгүйгээр албан тушаалд очиж буй эрхмүүд
УИХ-ын гишүүн, яам агентлагийн дарга болон ГЕГ-ын нэр нөлөө бүхий
эрхмүүдийн гарын хүмүүс торох юмгүйгээр ахидаг гэдгийг бид бүгд мэднэ.
Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Гаалийн байгууллага хэрхэн төрлийн
алба болсон тухай холбогдох сайд, дарга нарынх нь нэр устай нь зарлаж
байсан түүх ч бий. Тэгвэл өнөөдөр насаараа гаальд үнэнч шударгаар
ажилласан олон мянган байцаагч гудамжинд гарч, зарим нэг нь орчин цагийн
"намаа дагавал алзахгүй” гэх үг шиг гаалийн байгууллага дээр сандайлан
сууж, удирдах ажил хийгээд явж байгаа нь харамсалтай.
Эдгээр эрхмүүдийн нэг нь Дорнод аймгийн гаалийн дарга Ганбаяр. Тэрбээр
ГЕГ- ын дарга О.Ганбатын төрсөн эгчийн хүүхэд аж. Тиймээс л түүнийг өмнө
нь болж бүтэхгүй зүйлд нэр холбогдож байсныг нь эс тоон О.Ганбат дарга
өнгөрсөн есдүгээр сард ажлаа буцааж авангуутаа шууд л даргын местэнд
тохоон томилжээ. Ганбаяр нь тус аймгийн Хавиргын боомтын салбарын
эрхлэгч болохдоо бас л нагац ахынхаа дэмжлэгээр энэ албан тушаалд
томилогдож байжээ.
Тэрбээр тус боомтын салбарын эрхлэгчийн албан тушаалыг хашиж байхдаа 20
вагон болон чингэлэг бараа таваарийг гаалийнхны хэлдгээр гайгүй сайн
"Өшиглөж” улсад үлэмж их хэмжээний татварыг гувчуулсан хэрэгт холбогдож
байсан аж. Ямартай ч өнөөдөр намтар түүх нь хараар бичигдэж байсан нэгэн
эрхэм нагац ахынхаа нэр нөлөөгөөр Дорнодын гаалийн газрын дарга нь
болсон нь энэ аж.
Тиймээс Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,
Хил боомтын үндэсний зөвлөлийн дарга С.Баярцогт та ГЕГ- руу анхаарлаа
хандуулж тус газрын албан тушаалын асуудлыг цэгцлэх цаг нь болсон
бололтой.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13067
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих