"Олимп” сургуулийн хашаан дотор нэгэн гүрж эр хөшөө тэврэн уйлан зогсоно. Уулын хүчирхэг эр юуны учир хаа байсан Монголд хөшөө тэврэн уйлав. Тэрээр Аугаа бас Аймшигт удирдагч Сталиныхаа хөшөөг тэврэн уйлах аж.
Хэдэн онд ч билээ жанжин Д.Сүхбаатарын хөшөөг "Улсын төв талбай дээр байлгах нь зохисгүй” хэмээн монголчууд хоёр тал болон үзэлцээд авсан байдаг. Д.Сосорбарам тэргүүт нөхөд "Хөшөөг өөр газар босгоё” гэснээс болоод ах дүү, амраг садангууд хүртэл маргасан.
"Жанжин Сүх Өвөр монголоос нүүж ирсэн үзэмчин монгол. Ирээд энд байсан Манж Чин улсын шоронд ажиллаж байсан. Түүнийг нас барахаар нь Хятад иргэдийн оршуулгын газар нутаглуулсан , Сүхбаатар бол архичин, луйварчин, авгай нь янхан” гээд үзэж тарж билээ.
Хөөрхий Сүх жанжин монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж, байлдаж, дайтаж явахдаа үр сад, элэг нэгт Монголчууд нь өөрийг нь ингэж хараах юм гэж тэр үед зүүдлээ ч үгүй биз. Иймэрхүү маргаануудыг бичээд л байвал дуусашгүй.
Р.Чойном яруу найрагч мөн-биш, Галдан бошигт-Өндөр гэгээний хэн буруутайв, орон гэрээсээ хөөгдөж явсан Барон Унгерн Ардын баатар, Дамбийжаа Үндэсний хувилгаан, Сүхбат-Өсөхөөгийн хэн Дархан аварга, Увсын бөх" Халхын бөх, Хакүхо урвагч япон авгайтай гэх мэтээр.....Гайхалтай мэтгэлцээн ч ард түмэн ажээ. Хамгийн сүүлд Жүдогийн холбооны шийдвэрээр Казахстаны нэрийн өмнөөс барилдах болсон Г.Отгонцэцэг хүртэл урвагч нэр зүүсэн............
Р.Чойном гэдэг хүний тухай асуухаар ганц ч шүлгийг нь мэдэхгүй, Галдан бошигт-Өндөр гэгээн хоёрыг биш Лигдэн хааны үеэс эхлээд Зүүн талаасаа Манжид хэн, ямар аймгууд дагаар орсон гэхээр өөдөөс мэл гайхах, Сүх жанжны оронд Барон Унгерны хөшөөг босгоод нуусан алтыг нь олоод өгвөл Улсаа худалдаж мэдэх "Цөвүүн цаг” ирсэн гэлтэй.
Монголчууд бид өөрсдийгөө л "Их л оюунлаг” улсууд хэмээн хөөргөдөг. Гэтэл Монголынхоо төлөө зүтгэж явсан бүхнээ хараах явдал өдгөө ч байсаар. Маргааш Монголын төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал гэдэг хүнийг цагаатгах нь зөв үү сэдвээр халз мэтгэлцээн явуулна гэнэ.
Хамгийн "Эмгэнэл”-тэй нь МАН болон Ан намын гишүүд хоёр тал болж мэтгэлцэх юм гэнэ шүү. Ямар ч улс үндэстэн өөрийн удирдагчидаа сайн муу байсан ч өмгөөлдөг, хамгаалдаг. Эх орноосоо урваагүй, зугтаагүй л бол чээжээрээ хамгаалдаг. Үүний тод жишээг Сталинг тэвэрч уйлсан гүржийн жүдоч харуулна. Их гүрэн байгуулж чадаагүй, Кидан, Хан, Монгол, Япон,Манж нарт дарлуулж явсан Солонгосчууд хүртэл түүхэн драмаараа өөрсдийгөө МАГТАН ДУУЛНА.
Гэтэл Их хааны үр сад хэмээн чээжээ дэлдэгч Монголчууд бид юунд ингэж хоёр тал болон зүтгэнэ вэ. Монгол улсад бүртгэлтэй бүх намууд Их хаан Тэмүүжингээ булаацалдаад, өмчлөөд Намын батлахаа гардуулж, Залуучуудын холбооны гишүүн болгох л үлдэж байх шиг. Хэрэвзээ тийм юм болдогсон бол Их хаан бүгдийг нь дөрвөн мөчнөөс нь сураар уяж байгаад шараар тэлүүлж алах байсан буй за.
Тээр үеийн Их хаан ч яахав. Соц үед Зөвлөлт засгийн үед улс орноо удирдаж явсан бүхнээ хараан зүхэх нь оюуны сэтгэлгээ шалдаа унасаны гэрч болоод байгаа нь энэхүү үйл явдал харуулж байна. Ямар ч улс орны удирдагч өөрийн орон зайгаа бий болгож, улс орноо удирдаж явахдаа алдах онох юм бишгүй л нэг байдаг. Тэр хүн тэнгэрээс бууж ирээгүй болохоор, бие хүн болохоор алдаа оноо зөндөө л байсан биз. Өөрийн удирдлагыг бий болгох гэж явахдаа Удирдагч нар хэдэн ч хүн хэлмэгдүүлсэн юм, үүнийг зөвхөн түүх шүүнэ.
ЗХУ-аас заавар өгнө, Монголоо хөгжүүлэх гэж ухаан зарна, дээгүүр доогуурхи нөхөд хов зөөнө гээд их л юм байсан. Энэ хүний алдаа оноог одоо байгаа УИХ-ын гишүүд шүүнэ гэвэл УХААН нь хол дутна. Ардчилал үүссэнээс хойш Улс орон, төр түшилцэж яваа та бүхэн ч гэсэн Монгол түүхийн нэгэн хуудас шүү гэдгээ бүү март. Үр хойч тань таны шарил руу нулимах зүйлийг л хийлгэхгүй байхын төлөө та бүхэн эхлээд өөрсдөө санаа тавьсан дээр буй за.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэвтрүүлэгт орохдоо хэлж байсан "Монголчууд бид төр барьж байсан хүмүүстэй хатуу” гэж. Энэ хатуу байдлыг зөөллөж ядаж үхсэн хойно нь "Ясыг нь өндөлзүүлэхгүй" байвал биднээс тэдэнд үзүүлж буй ганц буян болох байх.
"БУРХАН ХАЛДУН” УУЛЫГ ГАДНЫХАН УХСАНЫГ СОНСЛОО
БУРУУ ХҮНЭЭР ТӨРӨӨ ТҮШҮҮЛСЭНДЭЭ ТҮҮНЭЭС Ч ИХ ХАРАМСЛАА
БАХАРХАН ШҮТЭХ ТҮҮХГҮЙ АРД ТҮМЭН
БАЛРАН ДОРОЙТДОГГЫГ САНАЛАА
ХАРАМСАЖ БАЙНАА БИ
Ч.Амартүвшин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих