"Исламын улс" хэмээх террорист бүлэглэлийн эсрэг дэлхийн 60 орон эвсэл байгуулан тэмцэж байгаа. Дээр нь Орос нэмэгдсэн, гэхдээ оросууд эвсэлд биш тусдаа, бие даан байлдаж байна.
Гэтэл энэ бүхэн "Исламын улс"-т багадсан бололтой, одоо террористууд Хятадыг өдөөн хатгаж эхэлжээ.
"Исламын улс" террорист бүлэглэл сая сурталчилгааны шинэ бичлэг цацаж, Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө мэдэгдлээ. Террористууд энэхүү бичлэгтээ өөрсдийнх нь эсрэг дайтаж байгаа эвсэлд ордог улс орнуудын төрийн далбааг нэг бүрчлэн тоочжээ. Тэгэхдээ эдгээр тусгаар улсын төрийн далбааны дунд Тайваний тугийг бас харуулсан байна.
Харин Хятад улс Тайванийг өөрийн газар нутаг гэж үздэг билээ. Хятадууд Тайванийг бослого гарган салан тусгаарласан өөрийн нэг муж гэж мэдэгдэн, тохиромжтой байдал үүсмэгц буцаан авна гэдэг. Иймээс террористуудын шинэ клип Хятадын дургүйцлийг төрүүлэх нь гарцаагүй. Хятадууд ямар байдлаар хариу өгөх нь харин дэлхий нийтийн сонирхлыг татаж байна.
Өмнө нь "Исламын улс" бүлэглэл хятад хүнийг цаазалсан. Хятадын Гадаад яам үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийснийг манай сайт өмнө нь хүргэж байсан билээ.
Тайваний Мэдээний төв агентлаг өөрийнх нь тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэнэтийн энэ мэдэгдлийг яагаад ч юм АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдэлтэй холбон авч үзжээ. Обама Зүүн өмнөд Азийн улс орнуудын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтан дээр "Тайвань бол Исламын улсын эсрэг тэмцэж байгаа эвсэлд багтаж буй Ази, Номхон далайн бүс нутгийн нэг орон" гэж хэлсэн билээ.
НҮБ болон манай улс ч гэсэн Тайванийг Хятадын бүрэлдэхүүнд багтдаг хэмээн хүлээн зөвшөөрдөгийг дашрамд дурдъя. Тэгээд ч Тайванийг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон орон маш цөөхөн байдаг.
Террористуудын энэхүү бичлэг нь Хятадын төрийн тэргүүн ба Тайваний удирдлага уулзсанаас хэдхэн долоо хоногийн дараа цацагдаж байгаагаараа онцлог. 60 гаруй жилийн дараа Сингапурт болсон тэрхүү уулзалтыг түүхэн үйл явдал хэмээн талууд мэдэгдэж байсан юм.
Түрүүч нь: http://www.mnews.mn/news/7/single/25889
www.mnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих