- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Компанийнхаа талаар товчхон танилцуулаач?
- Манай компани Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал Матад, Халхгол сумын нутагт. "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн технологийн тээврийг гэрээлэн гүйцэтгэдэг тээврийн компани.
- Урьд нь Монгол компаниуд тэнд гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй байсан санагдана. Хэзээнээс ийм эрх нээгдэв ээ?
- 2012 он хүртэл тийм байсан. 2012 оны найм дугаар сард Монгол компаниуд гэрээт ажлыг гүйцэтгэх боломж бүрдсэн. Ингээд манай компани болон "Зөв боломж” зэрэг хэд хэдэн Монгол компани гэрээлэн гүйцэтгэгчээр ажиллаж байна.
- Орон нутагт нь үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд нутгийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр ямар бодлого барьж байна?
- Манайд 200 гаруй ажилтантай. Үүний 40-50 хүн нь Дорнодын болон, Матад, Халхгол сумын иргэд. Аль болохоор орон нутгаас түлхүү хүмүүс авахыг боддог. Манайд ихэвчлэн жолооч, туслах ажилтан, тогооч гэсэн ажлын байр бий. Миний нэг бодол байдаг. Монголчууд яагаад заавал хар бор ажлыг хийх ёстой гэж. Монголын үндэсний компаниуд бүх төрлийн нарийн мэргэжлийн ажлуудыг хийх боломж бий гэж хардаг.
- Ингэхийн тулд манайхан чадваржих хэрэгтэй байх. Мэргэжил боловсрол гээд?
- Манай залуус чадна гэж бодож байна. Яагаад бид Монгол хүнийхээ үнэлэмжийг дээшлүүлж болохгүй гэж. Энэ тал дээр орон нутаг, төр засаг маш их анхаарал тавьж ар өврийн хаалга, нам улс төр гэхгүйгээр хийвэл давахгүй даваа биш шүү дээ.
- Нууц биш бол танай ажилчдын дундаж цалин хэд байна?
- Манай доод цалин 300 мянгаас сая таван зуун мянгын хооронд байна. Энэ нь ажлын ачаалал, мэргэжлийн шатлалаас шалтгаалж харьцан адилгүй гэсэн үг.
- Гурван жил үйл ажиллагаа явуулж. Энэ хооронд хөл дээрээ хэр босож чадав?
- Ажил амжилттай явах тусам эргээд энэ нь манай компани болон ажилчдад үр өгөөжөө өгнө. Боломжийн явж байна. Хамгийн гол нь Петро Чайна компаниас авч байгаа мөнгө Монголдоо үлдэж монгол хүмүүстээ зарцуулагдаж байна. Энэ нь чухал. 200 хүний ард хэдэн хүн байгаа билээ. Тэдэнд цалин нь зарцуулагдана. Тэр нь эргээд дэлгүүр хоршоо бизнес эрхлэгчдээ дэмжинэ.
- Тулгамддаг асуудал?
- Монгол хүн Монгол аж ахуй нэгжийг авч ажиллуулна гэдэг үгэнд нэг цоорхой байгаа юм. Нөгөө хуулийн цоорхой ашиглана гэдэг үг чинь биеллээ олж байна. Жишээ нь нэг хятад хүн Монголд компани байгуулаад гэрээлэгчээр ордог. Яах аргаггүй Монголд үйл ажиллагаа явуулдаг. Татвараа төлдөг, монгол хүн ажиллуулдаг. Тав гурван цаасны цалинг бидэнтэй л адил өгдөг. Гэтэл тухайн хүн ашиг орлого олж л таараа. Тэр ашиг хаачих вэ?. Монголд л лав үлдэхгүй нь тодорхой. Дээр нь цашид тогтвор суурьшилтай ажиллах, Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах тал дээр сэтгэл гаргах эсэх нь эргэлзээтэй. Энэ тал дээр манай төрийн байгууллагууд анхаармаар санагддаг. Ядаж Монголчуудын ажиллах нөхцлийн стандарт шаардлагад нийцэхүйц байлгах гэх мэт.
- Төрийн байгууллагын хяналт шалгалтын дарамт ирэх үү?
- Төрийн байгууллагууд шалгаж л байдаг. Харамсалтай нь шалгалтын үр дүн санаанд хүрдэггүй. Нэг жишээ дурдахад энэ зун томоохон шалгалт Газрын тосонд ирсэн. Би өөрөө очоод манайхыг шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Шалтгаан нь би өөрөө төгс хүн биш. Алдаа дутагдал байж л таараа. Тэрийгээ мэдэж авъя гэж бодсон хэрэг. Гэтэл нөхдүүд над дээрээ баахан торгууль тавьчихаад яваад өгсөн. Харин хажууханд минь Хятад эзэнтэй манайх шиг компани асар бохир орчинд Монгол хүнийг ажиллуулж байхад тэднийг яаж торгосон юм бүү мэд. Энэ мэтчилэнгийн үл ойлголцол гарч л байдаг.
- Компанийн нийгмийн хариуцлага гэдэг юм чухал санагддаг. Энэ тал дээр хэр анхаарч байна?
- Аливаа бизнес эрхэлж ашиг олж байгаа нөхцөлд эргээд тэр бялгийг бүтээж байгаа хүмүүстээ наалдацтай байх хэрэгтэй. Мөн цаашид өсөн дэвжих боломжийг нь хангах, урт удаан тогтовортой ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх нь чухал. Манай компанийн хувьд ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Манай ажилчид эхнээсээ өөрийн гэсэн унаа тэрэгтэй болж байна. Машинаа нь эргээд өөрийн компанидаа түрээслэж тухайн хүндээ хөрөнгө оруулалт хийж байна. Орон байртай болоход нь дэмжлэг үзүүлж байрных нь урьдчилгааг олгох гэх мэт олон ажлыг эхлүүлж байгаа. Манайх жилд хоёр удаа наадам, шинэ жилээр ажилчдадаа цалингийн урамшуулал олгодог. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд жил бүр хамруулдаг.
Цаашид аймаг орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах томоохон ажил хийхээр зураг төсвийн шатандаа явж байна.
- Газрын тосны зам там боллоо гэж иргэд эмзэглэдэг. Тээвэр хийхэд хүнд биз?
- Тэгэлгүй яахав. Эрсдэл их. Манай ачааны машин 50-70 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл ачиж яваа ачаа нь хэдэн зуун сая, тэрбумын үнэтэй. Жаахан эвдэрч гэмтэхэд асар их хохирол хүлээнэ. Дээр нь зам харгуй хэцүү. Бэрхшээл бол их. Бид яагаад технологийн тээвэр гээд байгаа нь учиртай. Бүх зүйлийн техникийн аюулгүй ажиллагаа, асар их хариуцлага үүрч хийдэг учраас ингэж нэрлэж байгаа юм. Замын хувьд бол засмал тавих ямар ч боломжгүй. Яагаад гэвэл тогтсон маршрутгүй учир. Харин Баянхошуу чиглэл юм уу тосны тээвэрт бол боломжтой. Эхнээсээ тавьж байгаа. Баянхошуу руу 100 орчим км зам тавиад байгаа.
- Монголчууд тэнд ажиллах боломж байна гэж та хардаг юм байна. Жаахан тодруулаач?
- Монгол хүн Монгол газартаа ажиллах боломж байлгүй яах вэ. Нарийн мэргэжлээр хүмүүсээ сургаад технологийн салбарт нь ажиллах боломж байна. Чадвартай эмч, инженерүүдээ ажиллуулах хэрэгтэй. Гагцхүү төр засаг, орон нутгийн зохицуулалт чухал. Дээр нь ханган нийлүүлэх тал дээр ажиллах орон зай тэнд байна. Хүлэмжинд ногоо тариад Хятадуудын нутагтаа иддэг ногоог нийлүүлж болно, гахай өсгөөд нийлүүлж болно. Олон боломж харагддаг. Дээр нь тэнд энэ чиглэлээр ажиллах хүмүүсээ дэмжээд өгвөл болохгүй юм байхгүй шүү дээ.
- Ярилцлагынхаа төгсгөлд ярианыхаа сэдвийг таны хувь ертөнц рүү хандуулья. Нутаг ус хаанах вэ?
- Улаанбаатарт төрсөн. Аав маань Дорнод аймгийн Баян-дун сумын уугуул. Баярсайхан гэж зураач барималч мэргэжилтэй, уран бүтээлч хүн бий. Миний өвөө Батзориг тус суманд зоотехникчээр ажиллаж байсан. Нутгийн зон олон андахгүй ээ. Би Нийслэлийн 51-р дунд сургуулийг дүүргээд 2003 онд гадаад хэлний коллежийг хятад хэлний багш, орчуулагчаар төгссөн. 2009 онд Тайванийн "Chengkung” Их сургуульд мэргэжил дээшлүүлж ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн Их сургуулийг далд уурхайн хөдөлмөр хамгааллын чиглэлээр төгссөн. Залуу насанд сурах мэдэхийг эрхэмлэх нь чухал гэж үг байдаг даа. Одоо Монгол улсынхаа ШУТИС-д олборлолтын чиглэлээр сурч байна. Эхнэр, охины хамт амьдардаг.
Бидний урилгыг хүлээн авч үзэл бодлоо илэрхийлсэн Танд баярлалаа. Амжилт хүсье.
Н.Мөнхсайхан
dnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих