Нөхрөө хөнөөх захиалга өгсөн эмэгтэйг олж илрүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Эмэгтэйн нөхөр Н анх энэ оны гуравдугаар сард цагдаагийн байгууллагад "Манай эхнэр намайг алуулах гээд байна. Шалгаж өгнө үү" гэх хүсэлтийг гаргаж байжээ. Хүсэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгалт явуулж, нөхрөө хөнөөх захиалга өгсөн эмэгтэйг олж илрүүлэн мөн захиалга биелүүлэхээр мөнгө авсан этгээдүүдийг ч олж тогтоон харьяаллын дагуу СХД-ийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын байгууллагад шилжүүлэхэд хяналт тавьж буй прокурор нь "Энэ хэрэг биш. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна" хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тиймээс уг залуугийн өмгөөлөгч гомдолтой байгаагаа илэрхийлж, прокурорын байгууллагад дахин шалгуулах хүсэлтийг хоёр удаа гаргаснаар хэргийг дахин шалгаж эхэлсэн байна. Гэтэл хяналт тавьж буй прокурор нь өмнөх шалтгаанаараа дахин хэрэгсэхгүй болгож хааснаар уг хэрэг одоо шалгагдахгүй байгаа аж.
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Ийм зүйл байж болохгүй. Дахин шалга" гэж анхааруулж байсан ч хяналт тавьж буй прокурор нь энэ хэргийг "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэх шалтгаанаар ийнхүү гурван ч удаа хэрэгсэхгүй болгож хаагаад байна.
Нөхрийг нь хөнөөхөөр 2.5 сая төгрөгний урьдчилгаа авсан ч зугтжээ
Баттай эх сурвалжийн мэдээлснээр, эмэгтэй мөрдөн байцаалтын явцад шунахайн сэдлээр нөхрөө хөнөөх захиалга өгч байснаа мэдүүлж байжээ. Уг эмэгтэй гурван хүүхэдтэй бөгөөд нөхөр нь өөрийн гэсэн жижиг компани болон эд хөрөнгөтэй гэнэ. Эхнэрээсээ салахаар шийдсэнээ эхнэртээ хэлсэнээр ийнхүү эхнэр нь нөхрөө хөнөөхөөр бэлтгэж эхэлсэн байна. Тэрбээр нөхрийнхөө мөнгө болон компанийг авахын тулд"нөхрөө алуулах"-аар захиалга өгсөн аж.
Эмэгтэй эхлээд бөөд хандсан тухайгаа мэдүүлж байжээ. Тодруулбал, тэрбээр өмнө нь үзүүлдэг байсан бөө дээрээ очиж, "нөхөртөө хараал хийлгэмээр байна, болж өгвөл алчихмаар байна" гэдгээ хэлсэн гэнэ. Гэтэл бөө нь зөвшөөрөөгүй уурлаж гаргасан байна. Харин бөөгийн нөхөр, өмнө нь ял эдэлж байсан Н гэгч сонсоод эмэгтэйтэй уулзжээ. Тэрбээр эмэгтэйд хандан нөхрийг нь хөнөөвөл хэдэн төгрөг өгөхийг ярилцаж тохирсон байна. Эмэгтэй ч түүнд нөхрийг нь хөнөөчихвөл 4.5 сая төгрөг өгөхөө амлаж, урьдчилгаа болгож 2.5 сая төгрөг өгчээ. Улмаар Н гэгч нь Дорнод аймагт хамт ял эдэлж байсан найзруугаа залгаж, энэхүү хэргийн тухай хэлсэн байна.
Гэхдээ урьдчилгаа 2.5 сая төгрөг авсан тэд нөхрийг нь хөнөөгөөгүй төдийгүй эмэгтэйгээс зугтаж эхэлсэн гэнэ. Эмэгтэй ч тэдэн рүү байнга залгаж, нөхрийг нь хурдан хөнөөж өгөхийг сануулан залгаж байснаар уг бичлэг хийгджээ.
Мөн үүнтэй зэрэгцэн нөхөр нь өөрийгөө алуулах гээд байна гэж цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж байсан нь энэ аж. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг ч хяналт тавьж буй прокурор нь хэрэгсэхгүй болгож байгааг албаны эх сурвалжууд онцоллоо. Одоогоор хаагдаад байгаа энэхүү хэргийг дахин шалгах эсэх, хэрхэн шийдэгдэх талаар бид эргэн мэдээлэх болно.
Г.Лхагваа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих