Европ тивд нүүрлэсэн цагаач дүрвэгчдийн хямралаас үүдэн Европын холбооны гишүүн орнуудын дунд Грекийг Шенгенийн бүсээс түр хасах албан бус санал гарч эхэлжээ. Төв Европын зарим улс орны удирдлага, тухайлбал, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо энэ саналаа илэрхийлээд байна.
Цагаач дүрвэгчдийн дийлэнх нь Грекээр Шенгенийн бүсэд нэвтэрч байгаа. Үүнээс үүдэлтэйгээр Грек улс хилийн хяналтаа чангатгах, цагаач дүрвэгчдийн урсгалыг сааруулахад эрчимтэй арга алхам аваагүй, улмаар хямралыг гааруулж байна гэж Европын холбооны бусад гишүүн орны зүгээс шүүмжлэл хүлээгээд байгаа юм. Хэдийгээр Грекийг Шенгенийн бүсээс хасах тухай албан ёсоор сөхөөгүй ч, энэ талаар дарамт шахалт их ирж байгаа тухай Грекийн цагаачлалын сайд Яннис Музалас ярьж байна.
Тус улсад энэ долоо хоногт айлчилсан Люксенбургийн Гадаад хэргийн сайд Жан Ассельборн Шенгенийн бүсээс хасах эсэх асуудал албан ёсоор сөхөгдөхөөс урьтаж, Грек цагаач дүрвэгчдийн асуудлаар Европын холбоотой нэгдсэн байр суурьт хүрч, хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр долоо хоногийн дараа Брюссельд Европын холбооны гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын ээлжит уулзалт болно. Тус уулзалтын үеэр энэ асуудлыг албан ёсоор дэвшүүлж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих