Энэ хийд Дорноговь аймагт байдаг. Аймгийн төвөөс урагшаа 40 гаруйхан
км давхиад оччихно. Говийн дэржигнүүртэй зам ядаргаатай байвал зуурт
тань жуулчны бааз бий. Амарч ингэний сүүтэй цай амтархан, говын таана
амтагдсан махтай хоол зооглож, алжаалаа тайлахад сэргээд ирнэ. Цаашлаад
алсаасаа өндөрлөгч, өөр дундаа намхан хар толгодын дунд энгэр дээр
хийдийн бяцхан сүмүүд торойн харагдана. Аймгийн удирдлага, нутгийн олны
санаачлагад тушиглэн 1998 оноос хийдийг сэргээх ажлыг эхлүүлж анхны
сүмийг босгож, аравнайлжээ. Хамба ламтан заларч байнгын хурал номтой
болсноор сүсэгтний хөл тасрахаа больж, хийд дэгжин дэвжсээр байгаа.
Хамрын хийдийн суурийг 1821-1823 онд V ноён хутагт буюу олноо Догшин хутагт хэмээн алдаршсан Лувсанданзанравжаа өөрийн шашин номын хийд болгохоор тавьжээ. Ядуу ардын хүү Равжаа угаасаа сэргэлэн төржээ. Түүнийг таван настайд нь лам "жинтүү" Гончиг IV ноён хутагтынхаа хойт дүрээр тодруулж, ном эрдэмд шамдуулаад 10 настайд нь хошууны томчууд V ноён хутагтаар өргөмжлүүлэхээр Богдод бараалхуулах гэтэл Богд болон түүний дэргэдийнхэн элдвээр цааргалсан аж. Иймд хошууны шашин номыхон 1000 лан өргөж дахин хүсэмжилсэнд Равжаа хүүг хүмүүжүүлэгч Ажаа гэгээний хамт Богд хүлээн авч, юу сурсан мэдсэн тухай айлтгалыг сонсч зөвшөөрөөд Ноён хутагтын хойд дүр болохыг баталж "Ялгуулсан чин зоригт цол" таван олбог, хутагтын эрх ямбыг шагнаж Лувсанданзанравжаа нэр хайрлажээ.
Мөн түшээт ханаар зөвшөөрүүлж хоёр олбог шагнуулсан гэдэг. Ийнхүү ядуу ард Өлзийтийн хүү Түшээт ханы Боржигон цэцэн вангийн хошууны өргөмжит хутагт болсон. Хошууны залагдсан хутагт нь тухайн хошууныхаа сүм хийд, шашны асуудлыг эрхлэн хариуцах үүрэгтэй байжээ. Дараах арваад жилд Равжаа хутагт өөрийгөө боловсруулах эрдэм номд шамдан суралцсаар нас биед хүрч шашин, ертөнцийн талаар өөрийн үзэл бодолтой, олон талын авьяас увдистай, жинхэнэ ард түмний хутагт болж төлөвшжээ. Равжаа суддаач эрдэмтэн доктор Л.Хүрэлбаатар "Равжаа сүм хийдэд сууж гэцэл гэлэнгийн нарийн цаазат сахил санваарт ч баригдсангүй, шашин номын дотоод нарийн үйлчин болж, хамба, цоржийн өндөр суудлыг ч эрсэнгүй, гагцхүү ертөнцийн хар бор амьдралд орж эгэл хүмүүстэй уулзан учирч, Монгол нутгийнхаа цэцэгт хөндий, униарт талаар тэмээн тэрэгтэй аялан жуулчилж явжээ" гэсэн байдаг.
Зөвхөн Монголоороо хязгаарлаагүй Манж, Төвд орон Өвөрлөгчийн олон хошуугаар явж төр, шашны томчуултай уулзан учирч ном сонсч, ном тавьж, ад чөтгөр дарж, өвчин барцад арилгаж, хур бороо оруулж, увидас, эрдэм чадлаа гайхуулан нэр төрөө өргөж чухам л "юм үзэж, нүд тайлсан" билэг танхай хутагт, хувилгаан, уран бүтээлч, сэтгэгч шүүмжлэгч болох замаа тавьжээ. Равжаа өсч хөгжиж, соён гэгээрүүлэх үйл ажлаа эхэлж байх залуу зандан цагтаа өөрийн хийдийг босгохоор Өвөр хамрын газрыг сонгожээ. Хожмоо Говь мэргэн вангийн хошууны сүм хийдүүдийн удирдлагын төв болсон Хамрын хийд байгуулагдсан түүх ийм нэг. Равжаа хутагт нэг газар тогтож суулгүй, эрхэлсэн үүргийнхээ дагуу байнга явж олон газар сүм хийд байгуулж, гол шүтээн, гол уншлагыг нь зааж, дэг жаягийг нь тогтоосон байдаг.
Тэдгээрийн дотор Тулгатын уулын гурван хийд Хамрын Чойлингийн, Сорогжиддурхэнхэнлин, Галбын гурван хийд Дэмчигийн, Цагаан толгойн, Улаан сахиусын,Онгийн голын гурван хийд Хотол өглөгч, Хутагт ламын, Сонин гаихамшигт зэрэг Монголын говь нутгийг хамарсан олон хийд ордог. Энэ олон хийдийг өөр өөрийн онцлогтой байгуулсны дотор Хамрын хийдийг соён гэгээрүүлэх үйл ажилгааныхаа төв болгон хөгжүүлжээ. Шашин номын уншлагын хувьд Хамрын хийдийн хачин нь буддын шашны нэгэн урсгал болох улааны ёсны сүм, уншлагатай байсан явдал юм. Улааны урсгал нь ертөнцийн олон талт амьдралыг зөвшөөрдөг, эмэгтэйчүүдийг ялгаварладаггүй, архи сархадыг ч нүгэл хилэнц болгодоггүй, хүний ёсонд илүү ойр ном сурталтай байжээ. Өөрөө шарын шашны асуудал эхэлдэг атлаа эсрэг урсгалыг нь үл орхин сүм дуганыг нь хийддээ байгуулж, ном суртлыг нь дэлгэрүүлж байснаараа Равжаа тухайн цаг үеийн хүлээсийг тасар татсан, чөлөөтэй сэтгэгч, Азидаа томд орох соён гэгээрүүлэгч мөн биз ээ.
Энэ байдлыг нь ард олон мэдэрч "Догшин" цол гуншин өргөмжилж байхад дээдсүүд түүнийг элдвээр муулах, хардах "галзуу", "солиот", "согтуу" - аар цоллож, Монголын шашин төрийн тэргүүн Богд хүртэл уулзаж учрахаас жийрхэж байж.
Нүүдэлчдийн цорын ганц театр Хамрын хийдэд байв. "Намтар дуулах дацан" нэртэй энэхүү театрын зураг төслийг Равжаа өөрөө гаргаж, мод материалыг нь хүрээнээс авчруулж туслахыг Боржигон цэцэн вангийн жанжин ноёноос хүсчээ. Хүсэлтийг хүлээн авч зохих туслалцаа үзүүлснээр 1832 оноос эхлэн өөрөө удирдан дацангаа бариулж, хоёр жилд багтаан дуусгасан аж. Энэ хооронд "Саран хөхөө" жүжгийнхээ дэг сургуулилалтыг өөр хийдийн газар хийж бэлэн болгожээ. Намтар дуулах дацан хоёр давхар, од эрхэс харагдах, шөнө болох зэрэг үзэгдлийг харуулдаг аргагүй л театрчилсан барилга байсныг судлаачид тэмдэглэдэг. Энд зуны дунд сарын шинийн нэгнээс "Саран хөхөөний намтар" жүжгийг 30 хоног тоглодог, үзэгчид нь нутгийн ард, мөн хол ойроос ирэгсэд байж. Уг жүжигт хөрөгчин, дохиочин, хөшигчин гэх мэт 200-гаад хүн оролцон тоглодог байсан нь тухайн уран бүтээлийн цар хүрээг харуулна. Жүжгийн гар бичмэл, хувцас, хэрэглэлээс нь одоо Равжаагийн музейд байдаг юм. Нэрт найруулагч Э.Оюун, ОХУ-аас ирсэн мэргэжилтэн Уварова нар "Саран" театрыг "Монголын өвөрмөц сонин үзэгдэл. ..." хэмээн тэмдэглэсэн нь бий.
Хийдэд мөн "Бүтээлийн сүм" байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй. Энэ нь одоогоор бол уран бүтээлийн үзэсгэлэнгийн газар аж. Зураг урлалаа тус сүмд тавьж олонд үзүүлдэг, шалгарсан сайнд нь "олбог" шагнаж урамшуулдаг, урлаж бүтээх сэдлийг нь дэмжиж хөгжүүлдэг байсан аж. "Равжаа сан" энэхүү бүтээлийн сүмийг сэргээх ажилд орж хандив тусламж авч, ажиллаж байгааг дэмжүүштэй. Хамрын хийд гэгээрэл боловсролын нэгэн төв болж "Хүүхдийн дацан" буюу сургуулийн газартай байжээ. Энэхүү сургуульд үндэсний болон төвд бичиг үсгийг хүүхдүүдэд эр, эм, харц ардын гэж ялгалгүй зааж сургаж ирсэн түүх бий. Равжаа хутагт өөрөө монгол бичгийн цагаан толгой үйлдэж дээрх сургуульд зааж байсан бололтой.
Манай
төрийн том зүтгэлтэн Дорноговийн уугуул С.Лувсан гуай:
"Данзанравжаагийн
цагаан толгойгоор бичиг заалгаж эхэлсэн тухай" дуртгалдаа бичсэн
байдаг. Тус сургуульд "Саран хөхөө" театрын жүжигчдийг бэлтгэж, бичиг
үсэгт тайлдаг байсан байх магадлалтай. Учир юу вэ гэвэл намтар жүжигт
тоглогч бүрийн хэлэх, дуулах, хийх үйлдлийг дэвтэрлэн бичсэн байдаг
бөгөөд зөвхөн бичиг үсэгтэй хүн уг дүрд тоглох нь мэдээж хэрэг юм.
Хутагтад өргөн барьсан болон өөрийнх нь цуглуулсан баялаг ном бүхий "Шаштирын сүм" хоёр давхар байсан гэх яриа бий. Юутай ч ном эрдмийг эрхэмлэсэн энэ их хүн хувийн номын сантай, уншиж тэмдэглэх нь их, ном эрдмийн хэлхээ холбоо өргөн байснаас олон газраас ном их цуглажээ. Хутагт дигваранзын дүрс бүхий хувийн номын тэмдэгтэй байснаас үзвэл тэрбээр номыг эрхэмлэн дээдлэгч болох нь ойлгомжтой. Хийдийг тараасан 1930-аад оны сүүлчээр тус хийдэд орос царгүүд байрлах болж шаштир сүмийг суллан, номыг овоолон шатааснаар энэ их баялаг устжээ. Овоолготой ном шатахгүй зовоож, сар шахам байсхийгээд самарч, хутгаж тэр нь говийн салхиар тарж бутран, гуу жалгаар нэг тасархай түлэнхий хуудсууд хийсч байсан гэж нутгийнхан ярихыг сонссон. Хамрын хийд Монголын нэгэн бясалгальш төв байсан байж болох талтай. Хийдийн арын барсгар хар толгод, жалга, сархиагт олон агуй оромж бий.
Хийдээс баруун хойш Хутагтын санаачилсан "Шамбалын орон" бий. Энэ нь чухамдаа сэтгэлийн там, нүглийг арилгаж, муу бүхнээсээ салж ариусах газар байсан аж. Говьд хаа ч элбэг таарах мээмэн бор толгой. Энгэр дэвсэг дээр нь чулуун гортиг. Үүдэндээ хоёр том дааман хаалгатай. Энэ бол Шамбалын орон. Бие, сэтгэл чилээрхэж, нүглээ наманчлах сэтгэлээр аврал айлтгал хүсч ирсэн хүнийг хүлээн авч Шамбалын оронд "зочлуулна". Тэр хүн буртагтай хаалгаар орж, хийсэн нүгэл, үйлдсэн хар үйл, хамаг зовлонгоо бичигтэй нь бичиж шатаагаад, бичиггүй нь "зүүн хойш харсан хар нүхэнд" шившиж домноод хоймор голд толгойн орой дээр олбог, явган ширээ тавиулан залрах Догшин хутагтаас адис, авшиг ерөөл хүртэж "цэвэр" буюу нөгөө хаалгаар гарч одно. Ийнхүү шамбалд орж нүгэл хилэнцээсээ салсан хүн бие сэтгэл хөнгөрч, хийсэн гэмээ огоорч, цаашдаа өөдрөг сайн сайхан амьдралын төлөө тэмцэх зориг эрмэлзлэл дүүрэн болдог байна.
Чухамдаа сэтгэл заслын газар байжээ. Хутагтын "Шамбал" ойр, холд нэрээ гаргаж хүмүүс их зорьж ирдэг болжээ. Энэтхэг, Төвдийн оронд "Хойд шамбал" нэрээр шашны утга зохиол, судлаачдын дуртгал тэмдэглэлд орж байсан байгаа юм. Шашны номлолд Шамбал бол ариун дагшин газар гээд зөвхөн сэтгэлийн гэгээрэл ариуслаар хүрч болно гэдэг байна.
Шамбалын орноос холгүй тэмээн хад
бий. Энэ газар байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, Агуй нүх, хад асга,
хадан хавцлыг Ноён хутагт хүний эрүүл мэндийн төлөө "махан биеэ засах"
хүчний газар болгон ашиглаж байсан бололтой. Тэнд авирах, уруудах,
мөлхөх, зэргээр дасгал сургууль хийх газар болгож байсныг хийдийнхэн
тайлбарладаг. Энд ирсэн хүн эхийн умайгаар шургаж, тэмээн хаданд авирч,
элгэн хаданд жигнүүлж, асга хадны дундуур хавцал уруудсаар төгсгөлд нь
байгалиас заяасан усан санд хадан тогоонд ороод гардаг байж. Тухайн
цаг үед энэ хавцлаар урсч байсан булаг одоо татарчээ. Харин сайн
ажиглавал голдирол нь хэвээр ажгуу.
Хийдийн сонин хачинд хуьагтын рашаан, үлэг гүрвэлийн яс зүй ёсоор орно. Хийд төвлөрсөн энэ газар нь хүрмэн чулуу бүхий говийн аараг толгодын дундах бяцхан энгэр талбай бөгөөд дээр үед булаг урсдаг байсан гэх элсэрхэг сайр зүүн талаар нь эмжин гарна.
Саяхандаа 60-аад оны үед нефтийн хайгуул хийж байсан өрөмдлөгийнхөн сайрын зүүн энгэрт өрөмдлөг хийжээ. Гэтэл өрөм сул эргээд явахаа байсан гэнэ. Орос инженерүүд өрмөө сугалж толь зоосон байна. Гэтэл юу харагдсан гээч. Хоосон хоолойгоор ус урсаж байсан гэнэ. Тийм учраас өрөм хоосон эргэж хөрс шороо нь сул эргэлт өгөөд байж. Энэ тухай Дарханы Ц. Жалбаа дурсан ярьдаг. Тухайн үедээ нефть хайгуулын өрмийн мастер явжээ. Хийдээс баруун өмнө баруунаас зүүн урагш дэллэсэн хярын ар сэрвээн дээр хутагтын "рашаан худаг гарсан нь хэний ч багтмааргүй. Голын сайр, элсийг дагуулж ухаад худаг гарахгүй байхад энэ хярын ар сэрвээ дээрээс гарчээ. Энэ рашаан худаг хоёр зуунд ундарга тасарсангүй.
Усыг яаж олсон тухай
хэд хэдэн домог яриа байдаг Хутагт нум сумаар харваад сум туссан газраа
ухуулсан гэдэг бол нөгөө нь хийдэд ус хэрэгтэй болж хутагт шинжлэн явж
эн, ух гэхэд шавь нар нь "Овооны оройгоос у хэзээ гардаг билээ" хэмээн
цааргалаха, тэрбээр "толгойн чинь хуйхыг шалбалба цус гарна биз дээ"
хэмээн ухуулаад энэ рашаан худаг гарсан гэх. Гүн нь гурван метр
хүрдэггүй ч ундарга сайтай. Одоо хийдийн рашаан хэмээн очсон хүн бүр
сүсэглэн хүртдэг аман ус болжээ.
Хийдээс зүүн хойш өнөөх элсэрхэг сайрын захад чуулуужсан мод бий Түүнийг авчирч тавьсан бололтой. Цаахна нь шаварлаг энгэр дээр үлэг гүрвэлий яс тодхон харагдана. Аварга энэ амьтан хэвтээ чигээрээ нурууны яс нь нумран байна. Үүнийг хэн хүнд үзүүлэхээ байсан гэнэ. Учир нь урт гартнууд өвөр түрийдээ хийчих гээд байдаг юм гэж хэлж байсан шүү.
Хамрын хийдэд ирсэн хүн Хан Баянзүрх уулаар заавал ордог. Учир нь говийн ХутагтууДЫН сүнс оршдг хэмээн үздэгээс тэр гэнэ. Хийдийн баруун хойно орших энэ уулыг нэрээр нь хэлэхээсээ илүү Шарилын уул гэнэ. Сүм хийд устаж шүтлэг хязгаартай болсон цаг үед ажин түжин байснаа шүтлэг сэргэсэн 90-ээд оноос хөл хөдөлгөөнд дарагдах болжэз Орчиндоо сүрлэг, холоос бараатай зүрхэн хэлбэрийн шовх хар уул хүний хүслийг гүйцэлдүүлдэг домогтой. Тиймээ говьд ирсэн хэн боловч энэ ууланд ирж нандин хүсэл, гуйлтаа хэлдэг болжээ. Шарилын уул харын тахилгатай, архи сэржимтэй болохоор чанасан мах, архи хадаг, мөнгө өргөж гуйлт хүслээ чангаар хэлдэг ёстой гэнэ. Тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэж Сайншандад наадам болсон өдрүудэд гэхэд л энэ ууланд 44 машин хөлөглөсөн 500 гаруй хүн ирлээ гэж бяцхан сүмийн сахиуа эмэгтэй ярьж байсан. Хамрын хийдийн энэ уултай холбогдох сэжим нь бас л Ноён хутагт гэнэ. Хутагт хийд дээрээ лам хувраг, ард иргэд, шавь нараа цуглуулаад "Энэ ертөнцийн амьдрал төгсч байгаагаа мэдэгдсэн гэдэг. Ийнхүү салах ёс хийгээд Өвөрлөгч орон руу яваад удалгүй нас барсан аж Салах ёс хийхдээ "Надад хэлэх юмаа энэ ууланд хэлж байгаарай" хэмээн захисан гэх олноос уламжлагдсан яриа говийнхны дунд тархсан нь Шарилын уулыг амилуулах, шүтэн дээдлэх нэг сэжим болжээ.
Борж-Овоот Пагмын ГЭНДЭНЖАВ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих