Монголын ядуу тарчиг амьдрал хэрээс хэтэрч, хоногийн хоолныхоо төлөө хөлдүү мах биедээ ороож амь эрсдэх тохиолдол ихэсчээ. Тодруулбал, өвөлжилт хүндрэх сургаар ченжүүд малчдын гар дээрээс малын махыг хамгийн хямдаар буюу нас бие гүйцсэн эр хонийг 40 мянгаар, адууг 400 мянган төгрөгөөр авч нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байгаа.
Нэг талаар хэдэн жил бүхэл хонины мах, битүү хонины шөлнөөс хол явсан Нийслэлчүүдэд махны үнэ хямдарсан нь таатай хэрэг болсон ч нөгөөтэйгүүр малчдын амьдрал хүндэрч, өр зээлэндээ байдгаа барахад хүрээд буй.
Гэтэл урд хөршид нэг килограмм хонины мах 90 юань буюу монгол мөнгөөр 28 мянган төгрөг байна гэх сургаар малчид хөлдүү мах биеэрээ ороож хил гарах гэж байгаад амь эрсдэх тохиолдол нэг биш нэлээн хэд бүртгэгджээ.
Тухайлбал, энэ сарын 01-нд нээлтээ хийсэн Хатанбулаг сум дахь Монгол, Хятадын Ханги-Мандал авто замын боомтоор Дорнод аймгийн иргэн Г ямааны мах нөмөрч, мах биедээ ороон хил гарах гэж байгаад шалган нэвтрүүлэх дээр нас баржээ.
Мөн Н гэгч эмэгтэй биедээ хөлдөө мах ороон скочдоод Хятад улсын хилээр гарсан боловч, биедээ ороосон махаа салгах гэж яарч байгаад хутгаар гэдсээ бүлж, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Ингэж амь нас эрсдэх нь хөлдүү мах биедээ ороож хамаг дулаанаа алдчихаад дулаан газарт орж шоконд орох зэргээс үүдэлтэй аж. Гэвч хэд, хэдэн удаа давтагдсан эл байдалд нутгийн удирдлагуудын зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй гэдгийг нутгийн иргэд хэлсэн юм.
Ханги-Мандал авто замын боомтоор хоногт дунджаар 1000-1200 зорчигч, 150 гаруй тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг бөгөөд эдгээр иргэдийн хэд нь амьдралаа залгуулахын тулд хөлдүү мах биедээ ороон гарч байгааг хэлэх аргагүй билээ.
Х.Маргад
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих