Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай уулзаж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Өдрийн мэнд хүргэе. Мөн уншигчдийнхаа мэндийг эрж, өнөтэй сайхан өвөлжихийг ерөөе.
Монголын Залуучуудын Холбоо олон жил анир чимээгүй байснаа сүүлийн 3 жил сэрж байх шиг?
Өнөөдөр болж бүтэж байгаагаас гадна, бүтэхгүй болохгүй байгаа зүйл олон байна. Энэ бол ажил санаачилж хийх шалтгаан. Монголын хүн амын 60 гаруй хувь нь залуучууд. Залуучуудын асуудал бол Монголын асуудал. Өнөөдөр залуучуудад тулгарч буй бэрхшээл Монголын маргаашийг бараантуулна. Өнгөрсөн 3 жилд манай холбоо олон ажил санаачилж, ажил хэрэг болгохын тулд тууштай хичээж ажиллалаа.
Сүүлийн үед "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлж, улс төрчдийг хар цагаанаар нь жагсаах гэж байгаа гэсэн?
Бид олон ажил санаачилж хийсэн дээ. Салбар, салбар бүрт асуудал байна. Шийдлийг нь олох гэсэн оролдлого бүтэлгүйтэх нь энүүхэнд. Энэ бүтэлгүйтлээс үүссэн дүгнэлт бол "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн.
Дүгнэлтээс үүссэн том санаачлага гэж болно. Жишээ ярья л даа. Бид "Спирт үү? Спорт уу?”, "Авлига би авахгүй, өгөхгүй” аянаас эхлээд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хүмүүжил боловсролын талаар томоохон ажлууд хийсэн. Хийсээр ч байгаа. Мөн эндсэн, зовсондоо туслах сайн үйлсийг олон удаа өрнүүлсэн. Гэвч энэ бүхэн зөвхөн тухайн үед нэг, хоёрхон хүний асуудлыг шийдэхээс хэтрэхгүй, цаг үеийнх болчихдог. Бүх ажил нийгмийн согогийг бүрэн засах хэмжээний өрнөж чадаагүйд бид их гутарсан л даа. Гал унтрааж байгаа мэт бүх зүйлийг хойноос нь хөөж хийнэ гэдэг буруу юм байна. Нийгмийг, тогтолцоог, хэв маягийг гээд бүх асуудлын шалтгааныг олж, ултай суурьтай шийдэх ёстой юм байна. Энэ бүхний шалтгаан нь төрийн бодлого, ёс суртахуун, нийгмийн эерэг хандлага юм байна гэсэн дүгнэлт хийсэн.
Бүх асуудлыг шийдэх гарц тэгээд хар цагаан жагсаалт гэж үү?
Тийм. "Монголд хямрал биш хулгай нүүрлэсэн” гэдэг манай уриаг та сонссон уу? Харамсалтай нь өнөөдөр бүх хүн хулгайтай эвлэрсэн. Энэ бол ёс суртахууны доройтол. Ард түмний татварыг захиран зарцуулах эрхтэй хүмүүс хувьдаа, хамаатандаа хумслахаасаа санаа зовж, ичихээ больсон. Гэтэл бид насаараа төрийн ажил хийсэн хэрнээ тэрбумтан болчихсон нөхрийг мэдсээр байж, төрд нь ажиллуулаад, сонгоод, сонгуульд нь дэмжээд байх уу? Чи юу гэж бодож байна? Энэ бүхэн дуусах болов уу?
Сүүлийн үед залуус төрд, улс төрд орох гээд улайрч байна шүү дээ. Тэнд хялбар баяжих боломж байна гээд. Тэднийг буруутгах аргагүй. Хэн ч амар хялбар амьдрахыг, баяжихийг хүсэх нь мэдээж. Энэ бол нэг л жишээ.
Тийм л дээ. Гэхдээ Хар цагаан жагсаалт, Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг өрнүүлээд бүгдийг нь хийчихнэ гэдэг хэцүү л дээ? Тийм үү?
Асуултыг асуултаар хариулчихсан уу? Яавал нийгэм эрүүлжих вэ? гэсэн асуултын шалтгаан, гутарлаас үндэслээд том дүгнэлт нь "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн гэж би дээр хэлсэн дээ. Монгол Улсад хүн бүр, байгууллага, хамт олон бүр, төрийн хэмжээний хулгайч арга барил, хулгайч сэтгэлгээ, хулгайчдыг дэмждэг тогтолцооны хохирогчид. Хулгайгаас бүх Монгол хохирч байгаа.
Даапаалаад ч байгаа юм шиг санагддаг. Татварийн мөнгөнөөс хумсалчихаад, тэр мөнгөөр нь өөрсдийг нь дайлаад явах нь эрүүл үү? Энэ бол солиорол. Хулгайн мөнгөөр гавьяа байгуулахыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.
Тиймээс хулгайчгүй болохыг зорьсон. Шулуухан хэлэхэд өнөөдрөөс хойш хулгай хийвэл хэцүүдэх юм байна гээд хулгайчдыг сайн дураараа төрөөс холдоосой гэж боломж олгож байгаа хэрэг шүү дээ. Тэгэхгүй бол энэ чигээрээ яваад байвал нэг хэсэг нь амархан хөрөнгөждөг, мөнгөждөг энэ байдал өмчийн эрс ялгааг бий болгож, иргэдийн бухимдлыг хүргэнэ. Өмчийн ялгаа, бухимдал хоёр хүчирхийлэлд хүргэх вий гэдгээс залуучууд бид үнэхээр эмзэглэж байна.
Нөгөөтэйгүүр хүн болгон дор бүрнээ өөрөө өөртөө дүгнэлт хийгээд хулгайч сэтгэлгээгээ таягдан хаях хэрэгтэй гэсэн үг. "Хулгайчгүй Монгол” болъё гэдэг энэ санаачлага олон нийтийн дэмжлэгийг авч, тэр дэмжлэг нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрэн илэрч, төрийн шийдвэр гаргах түвшний шийдэл болсон цагт Монгол хариуцлагатай улс болох зүг рүү хандана гэж харж байгаа. Хаа хаанаа хариуцлагажаад ирэхээр хөрөнгө оруулалт оновчтой, шийдэл нь эрүүл болно. Хөгжлийн эрчим бүрдэж, хүмүүсийн урам сэргэнэ гэж хүлээж байна.
Аливаа зүйлийн хариуцлага гэдэг хүмүүсийн харилцаа, хамт олны дунд харагддаг. Илрэл нь эв нэгдэл. Өнөөдөр бид эв нэгдэлтэй байж чадаж байна уу? Эвлэлдэн нэгдэж чадахаа больсон гэдгийг дунд сургуулийн хүүхдээс наян настай буурал мэднэ. Эвлэлдэн нэгдэж чадахгүй байна гэдэг бол энд хулгайч нарын тогтолцоо бүрэн утгаараа ажиллаад байна гэж ойлгож болно. Товчхон хэлбэл, гуравхан сая хүнтэй, 1,5 сая квадрат метр газар нутагтай, тавин сая малтай, ийм сайхан түүхтэй ард түмнийг ийм ядуу дорой байлгаж байгаа хулгайч нарын ухаанаар "бахархъя” л гэж хэлье.
- "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн бол Ардчилсан хувьсгалын хоёр дахь том давалгаа гэж та нэгэн ярилцлагандаа хэлсэн байсан?
Тэгж хэлсэн. Тэгж харж байгаа. Энэ бол Ардчилалын хоёр дахь давалгаа гэж. Ардчилсан хувьсгалын эхний давалгаа бол ардчилал зөв байсан учраас ардчиллыг сонгож эхэлсэн давалгаа биш. Социализм хамгийн ядмаг зүйл гэдгээ батлаад өөрөө нурж унасны дараагаар өөрөө автоматаар эхэлсэн зүйл.
Одоо бол харин бидний сонгож авсан ардчилал зөв байсан юм байна. Харин буруу нутагшуулбал хулгайч нарын хөгжих, баяжих, таргалах, өөрсдийгөө буруутгахгүй бултаж чаддаг ийм хөрс нь байдаг юм байна гэдгийг л бид нар ойлгож авлаа. Тэгэхээр ардчилал хүний юм байсан. Харин социализм муу байсан учраас л бид нар ардчиллыг хүссэн хүсээгүй сонгож авсан. Одоо 25 жилийн дараагаар ардчиллыг ухамсартайгаар сонгох, цааш нь зөв авч явах түүхэн цаг үе дээрээ ирчихээд байна.
Энэ агуулгаараа ардчиллын хоёр дахь давалгаа яах аргагүй мөн. Энэ бол маш их ухамсартайгаар хийгдэх сонголтын асуудал. Өнгөрсөн 25 жил бидэнд ардчилал гэж юу юм, ардчиллын гол үзэл суртал, үнэт зүйл нь юу вэ, ардчиллын боловсрол, соёл гэж юу юм, ардчиллыг хэрхэн хариуцлагаар баталгаажуулах ёстой юм, өрх гэр, аж ахуйн нэгж, манай улсад өгч байгаа үр шим нь юу юм гэсэн энэ бүх зүйлийг бодитоор хэлэх боломжийг өгч байгаа юм.
Энэ агууллагаараа бид гажуудсан уу? ухарсан уу?, зогссон уу? гэдгээ зөв үнэлж дүгнэх боломж 25 жилийн дараа л олдож байна шүү дээ. Харин 1989 оны хувьсгал хийж байсан хүмүүст ийм боломж байгаагүй.
Харин үндэсний уламжлал дээрээ суурилж, Монголын онцлогтой ардчиллаар энэ их далайд хөлөг онгоцоо хэрхэн зөв авч явах вэ? гэдэг нь өнөөдрийн залуучууд бидний ажил, зайлшгүй хийх үйл хэрэг.
Олон нийтийн сүлжээгээр энэ мэт зүйлийг сонгууль дөхөхөөр хийж байгаа таны өөрийн сурталчилгаа гэж хэлэх хүн байх юм билээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
Яахав, үеийн үед өөрсдийнх нь сэтгэж чадаагүйг сэтгэсэн нэгнийгээ ад үздэг. Ийм хандлага, ийм арга барилыг манж, оросууд бидэнд өгсөн л дөө. Нэгийг нь нөгөөгөөр нь хорлуулдаг зэвсэг мэт зүйл. Тэрийг нь халж хаяж чадахгүй байгаа тийм хүмүүсийг өршөөхөөс өөр яалтай билээ.
Энэ бүх ажлыг эхлүүлэхийн өмнө би албан ёсоор сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ бүхнийг эхлүүлснээрээ өдөр бүр өөртөө дайсан нэмээд явж байгааг зарим хүмүүс харж чадахгүй байх шиг байгаа юм. Яг өнөөдрөөр тооцвол Монголд хамгийн олон дайсантай нь бид болсон байх аа.
Чухам ямар нөхдүүдийг "хулгайч” гэж нэрлэх вэ? Дээр хэлсэн таны хэлсэн зангаар хэн нэгнийгээ хар цагаанд оруулах гэсэн асуудал гарч байна уу?
Нэг талаас хүмүүс энэ талаар яриад, хэн нэгнийг оруулж байгаа нь биднийг зөв үйл эхлүүлсний баталгаа. Нөгөө талаас энэ 25 жилд нийгмийн бүхий л салбарт ёс зүй, ухамсар, үнэлэмж дээр нь үнэн худлын хэмжүүрээ алдчихсан. Энийг бид юугаар сольсон бэ? гэхээр эрх мэдэлтэй хүнийх үнэн, эсвэл чи баян бол, эсвэл чиний төлж байгаа авлигын хэмжээ өндөр бол үнэн худал эсэх нь шийдэгдэх шахуу. Ингэж бид нар хэмжүүрээ сольсон.
Тэгэхээр ядаж өнөө социализмын үеийнх, үгүй бол ардчиллынх нь хэм хэмжүүртэй болох ёстой биз дээ. Хулгайчгүй Монгол хөдөлгөөн бол нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ёс зүй, үнэлэмж, үнэн худлын хэм хэмжүүрээ босгож ирэх гээд оролдож байгаа оролдлого. Энэ дотор онох нь ч бий байх, алдах зүйл ч бий байх. Хамгийн чухал нь нийтээрээ үнэний эрэлд хөдөлж эхэлсний хамгийн сайхан жишээ гэж ойлгож болно.
Тухайн намын нэр дэвшигчдийн 50 хувь нь хар жагсаалтад орсон бол, намын төлөө саналаа өгөхгүй байхыг уриална. Тэгэхээр хар жагсаалтад орсон этгээдийг олноор нь нэр дэвшүүлэх юм бол тухайн нам олон нийтийн дэмжлэг авахгүй гэсэн үг” гэж Та хэлсэн байсан л даа?
Нам гэдэг үзэл бодол нэгдсэн хариуцлагатай хүмүүсийн нэгдэл шүү дээ. Гэтэл өнөө хүмүүс нь үзэл бодлоосоо төөрч, хариуцлага нь байхгүй болчихож. Намууд өөрсдийгөө юугаар тогтоож барьж байна вэ гэвэл, өгч буй хандив, барьж буй мөнгөөр. Хамгийн тод илрэл нь намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог болсон явдал. Үндсэн хуулинд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалт бий. Шууд сонголтыг ард түмэн хийх ёстой биз дээ. Гэтэл одоо нам сонгож байгаа. Сонгохдоо ард түмний үнэлэмжээр биш тухайн хүний намдаа өгч байгаа мөнгөний хэмжээгээр сонгож байгаа. Яг "мөнгөөр сонгоогүй ээ” гээд надтай шүүх дээр маргах намын дарга байвал шүүхэд хандаж болно.
Тийм учраас бид нэр дэвшүүлж байгаа 76-гийн чинь олонхи нь хар жагсаалтад орсон хүн байх юм бол бид нар сонгогчдод тухайн намыг битгий дугуйлаарай гэж уриална гэж байгаа юм. Ердөө л энэ.
"Цагаан жагсаалт”-д мөнгө төлөөд л орчихно гэсэн ойлголт, яриа гарах юм. Энэ тал дээр юу хэлэх вэ?
"Цагаан жагсаалт” их ойлгомжтой. Чи өөрийгөө хулгай хийгээгүй л гэж байгаа бол нэр дэвшихдээ цагаан жагсаалтад өөрийгөө оруул гэж байгаа юм. Өөрөө өөрийгөө нэр дэвшүүлж болно. "Цагаан жагсаалт”-ыг ил зарлана. Харин хулгай хийсэн нь илэрвэл "Хар жагсаалт”-руу орно.
Тэгэхээр нэр дэвшихээс буцах нэг зам бий. Эсвэл "хар жагсаалт”-нд ороод нэр дэвших нэг боломж бий. Өөрөөр хэлбэл Мөнхбатад мөнгө төлчихөөд, өөрийгөө хулгайч гэж дуудуулах гээд явах тэнэг байхгүй байх. Харин үнэхээр хулгай хийгээгүй цэвэр хүн бол монголын залуучууд, бидэнтэй хамтран ажилладаг байгууллагын гишүүд чамд санал өгнө өө л гэсэн үг.
-Хэр зэрэг дарамт ирж байна вэ?
Ер нь одоогоор хамгийн олон дайсантай нь бараг бид болсон гэж дээр хэлсэн дээ. Бүх төрлийн шахалт ирж байгаа л даа. МЗХ хийж байгаа ажлаа хандив тусламжаар хийдэг. Гэтэл шууд болон шууд бусаар тусалдаг байсан компаниудын эзэд чинь бүгд л улстөрчид.
Өнөө тусламж дэмжлэгүүд одоо бол бүгд тэг болсон. Тэгэхээс өөр арга байхгүй. Өөрийг нь хулгайч гээд байгаа байгууллагад яасан гэж мөнгө өгөх вэ дээ. Дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллагууд бид нараас жаахан жийрхдэг болж байна. Сэтгүүлч өөрийн итгэл үнэмшилээрээ ярилцлага авахад уг ярилцлага нь нийтлэгдэхгүй байх зэрэг зүйл байгаа. Цаашдаа жагсаалтын нэрс эцэслэгдээд зарлагдах үед дээд оргил руугаа хүрэх нь ойлгомжтой.
Мөн манай холбооны аймаг орон нутгийн салбаруудад нэг ахтай ч юмуу, эсвэл намтай нэг нөхөр явж байгаа. Ахынх нь, намынх нь ашиг сонирхолтой зөрөлдсөн их олон зүйл үүснэ. Энэ утгаараа манай байгууллага ч гэсэн өөрөө өөрийгөө цэвэрлэж авах, цаашид улсынхаа, залуусынхаа төлөө явдаг лидерүүдтэй болоход ч гэсэн тустай.
Энэ зөвхөн хулгайч нартай хамаатай асуудал биш, монголын дараагийн удирдагч нар, монголыг авч явах олон залуус өөрсөддөө дүгнэлт хийх ийм л том ажил болж байгаа юм. Эхэлсэн ажил маань үр дүнтэй байгаа.
-Та айж байна уу?
"Айвал бүү хий. Хийвэл бүү ай” гэдэг байх аа. Айсан бол хийхгүй байсан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих