Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Сирид явуулж буй ОХУ-ын агаарын цохилт шашин, үндэстний бүлгэмүүдийг онилж байна хэмээн буруутгалаа. Тодруулбал, Латаки дүүргийн ойролцоох Суннит шашинтнууд болон туркуудыг хороож байгаа гэв. Тэрбээр "Сирийн Засгийн газартай сайн харилцаатай байдаггүй суннитууд болон туркуудыг ОХУ устгахыг хүсэж байна” хэмээн Истанбулд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд өгүүлжээ.
ОХУ-ын агаарын цохилт "Исламын улс” болон бусад жихад бүлэглэлийг сүйрүүлж, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрыг хүчирхэгжүүлж буй нь үнэн. Гэвч Барууны шинжээчид, Сирийн сөрөг хүчнийхний өгсөн мэдээллээр Засгийн газрыг эсэргүүцэгч энгийн иргэд рүү ч довтолж байгаа аж.
Хоёр улсын харилцаа өнгөрсөн сарын 27-нд Оросын байлдааны "Су-24” онгоцыг Сирийн хилийн ойролцоо буудаж унагаснаас хойш хурцадмал байдалд буй. Ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн Ерөнхий сайд Девид Кэмеронтой утсаар ярьж, тус улсын эрдэмтдийг "Су-24”-ийн хар хайрцгийг задлан шинжлэх ажилд оролцохыг хүссэн. Туркийн талаас Оросын онгоц агаарын хилийг нь зөрчиж, заналхийлсэн тул гал нээсэн гэх хариу өгсөөр байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих