Монголын билгүүн их эрдэмтэн Мянгат бол одон орон, тооны ухааны, хэмжихүйн ухааны хөгжилд үлэмжхувь нэмэр оруулж Өрне, Дорнын хөгжилтэй орнуудад нэрд гарсан хүн юм, Мянгатын төрсөн он, сар тодорхой бус байгаа боловч түүний тухай түүх шастирт .тэмдэглэгдэн үлдсэн мөр улбаа, үлдэж хоцорсон бүтээлүүдээс нь 1680-аад оны үед мэндэлж 1770-аад оны үеэр амьдрал сэлгэсэн хэмээн үздэг.
Мянгат нь уг гарлын хувьд Манж Чин улсын үеийн цахар найман хошууны нэг Шулуун хөвөөт цагаан хошууны Шарайд овгийн хүн юм. Энэ тухай Манж Чин гүрний засгийн газраас 1745 оны намар хэвлүүлсэн "Түшмэлүүдийн хэргэм тушаалын бүрэн бичиг"-т "Тэнгэрийг сүсэглэх яамны таван махбод бодогч түшмэл. туслагч түшмэлийн цалин авдаг, дөрөвдүгээр зэрэгтэй Мянгат гаралтай хүн" хэмээн бичжээ. 1670 оноос /Энх-Амгалан хааны үе/ цахар найман хошуунаас түшмэлийн сургуулийн сурагчдыг шалгаруулан авч Тэнгэрийг сүсэглэх яаманд ажиллуулдаг байв. Мянгат энэ сургуулийг төгсгөсөн түшмэл байсан бөгөөд 1724 - 1750 он хүртэл тус яамны цаг тооны бичгийн таван махбодыг бодогч түшмэл, 1760 - 1763 онуудад тус яамны эрхэлсэн түшмэл зэрэг ажлуудыг эрхэлж байжээ. Мянгат шинжлэх ухааны хэд хэдэн чиглэлд буюу тооны ухаан, одон орон, хэмжихүйн ухаан, газар зүй, дууны ухааны судалгаанд бие сэтгэл, мэдлэг чадвараа зориулсан билгүүн их эрдэмтэн байжээ.
Тэрээр XIV зууны европын сзргэн мандалтын сор болж байсан эрдэмтдийн зохиол бүтээлтэй эх хэлээр нь танилцаж, улмаар тухайн үед Дорно дахинд уламжлал болон тогтоод байсан байгаль судлалын шинжлэх ухааны зарим үзэлд өөрийн суут бүтээлүүдээр эрс өөрчлөлт хийж үүгээрээ хувь ертөнц, байгаль эрхсийн зөрчлийг үзэх хуний ойлголтыг шинэ түвшинд гаргасан юм. Мянгат Пифагор, Эвклид, Коперник, Ньютон, Кеплер нарын бүтээлтэй танилцаж гурвалжин судлал / тригонометр/-ын талаар 30 жил бие даан судалгаа хийж "Тойргийг огтолж Пи тоог олох хялбар арга" хэмээх дөрвөн боть зохиол туурвисан юм. Энэ бүтээлдээ тригонометрийн функцын олон гишүүнт болон задардаг шинжийг илрүүлэн коэффициентүүдийг нь олж харуулсан байна. Мөн тойрог огтлох тухай арван гурван шинж томъёог бий болгон баталсан байна.
Мянгатын нээлтийг тооны ухааны түүх судлагч Ли Янь "Хятадын тооны ухааны эмхэтгэл" сэтгүүлд дүгнэн бичихдээ "Мянгатын нээлт бол тоо -хэлбэрийн хослол болох бөгөөд энэ нь Декартын нээсэн хэмжих ухаантай тэнцэх болно" гэжээ. Манжийн үеийн тооч Жуань Юаниас өөр тооч Юань Юаньд Мянгатын бүтээлийг үнэлж "Мянгат тойрог огтлох хууль нь одон орны үзэгдлийг тооцоолж судалж бодоход хэрэглэгдэх талаараа "Тэнгэрт очих хялбархан арга мөн" хэмээн бичсэн байна. Мянгат Өрне дахины байгалийн шинжлэх ухааны хамгийн шилдэг ололт, тоо, одон орны ухааны шинэ тэргүүний нээлт бүтээлүүдийг эмхлэн Дорно дахинд нэвтрүүлэх ажлыг хийсэн юм.
1712 оноос эхлэн Өрнө дахины тоо байгалийн шинжлэх ухааны бүтээлүүдийг дэс дараатайгаар эмхлэн нэгтгэх нөр их ажлыг эхлэн тооны ухааны нэвтэрхий толь болох "Тооны ухааны хуулийн нарийн хуримтлал" хэмээх 53 ботийг 1722 онд дуусгаад 1723 онд "Ли Ли Юань Юань" буюу "Зүй тогтлын бүрэн эх сурвалж" нэртэй зуун боть бүтээлийнхээ хэсэг болгон хэвлүүлжээ. Мянгатын гурав дахь том бүтээл нь 1742 онд дуусгасан одон орон судлалын "Цаг улирлын үзэгдлийг шалгаж бүтээсний дараа найруулсан нь" гэдэг 10 боть зохиол юм. Улмаар 1721 оны үеэр Мянгатын "Тооны ухааны хуулийн нарийн хуримтлал" зохиол нь Япон улсад нэвтэрч япончууд анх удаа одон орны цэгцтэй зөв мэдлэг, логарифм, пи тооны ухагдахуунтай танилцсан юм. Их эрдэмтэн Мянгатаас тооны ухаан, хэмжигдэхүйн ухаан хийгээд одон орны судлалд оруулсан цоо шинэ хувь нэмэр Өрнө дахины шинэлэг үзэл суртал, одон орны зөв томъёолол, логарифм, пи тоог Дорно дахинд нэвтрүүлсэн зэрэг нь Монгол хүний ой ухаан хурц тод, дээд хэмжээний хийсвэрлэлтэй гэдгийг харуулсан юм.
Дэлхийн аль ч үндэстнээс дутахааргүй оюун ухааны далд нөөц хүч Монгол хүн бидэнд байгаа аж. Ухаант өвгөд минь биднийг харж буй. Монгол улсаа сэргээн мандуулахад Монголын суут эрдэмтэн их Мянгатын язгуур зориг оюун санаа биднийг зоригжуулаг. Дээр тэнгэр буй, тэнгэрт одод буй. Тэд ухаант өвгед минь билээ.
МОНГОЛЧУУД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1323
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих