УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа татгалзаж, Засгийн газрыг огцруулах бус харин Ардчилсан намын үйл ажиллагааг цаашид шинэ шатанд гаргаж, идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн Засгийн газрыг огцруулах бус дэмжиж ажиллахаар шийджээ. Монголын толгой эдийн засагчдийн нэг Р.Амаржаргал үе үеийн Ерөнхий сайд нарын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа нууж байгаагүй. Засгийн газрын ажилд үргэлж муу дүн тавьдаг тэрээр анх удаа л "Өгөгдсөн өгөдлийн хүрээнд Ерөнхий сайд сайн ажиллаж байна” гэдэг үнэлгээ өгөөд байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон сарын турш зогсонги байдалд ороод байсан Оюутолгойн далд уурхайг хөдөлгөөнд оруулах хөрөнгө оруулалтыг болон томоохон бүтээн байгуулалтын асуудлыг шийдэж байгаа. Тиймээс ч Р.Амаржаргал гишүүн Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа татгалзах шийдвэр гаргасан аж. Энэ талаар Р. Амаржаргал сэтгүүлч нарт мэдээлэл өгсөн байна.
Та Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байж, байнга шүүмжилдаг. Анх удаа л Ерөнхий сайдын тухай эерэг үг унагаж байна?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая тайлангаа тавьсан. Энэ тайланг харж байхад хийсэн ажлууд байна. Гарц олох гэж бүхий л талаар хичээж, ажиллаж байгаа нь харагдсан. Ч.Сайханбилэг юм хийгээгүй биш хийсэн байна гэсэн ойлголт авсан. Нийгэм эдийн засгийн хүндрэлээс гарах, бүтээн байгуулалтын том төслүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа. Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дутуу байсан юм гэсэн ойлголтод хүрээд байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чадлаараа ажиллаж байна. Би л хэтэрхий хатуурхаад байгаа болохоос биш.
-Та Ерөнхий сайдын Дубайд үзэглэсэн гэрээг эсэргүүцсэн гишүүдийн нэг. Гэвч хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн учраас гарын үсгээсээ татгалзсан гэж олйгож болох уу?
-Арилжааны банкуудаас авах бүтээн байгуулалтад зарцуулах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн зээлийг Рио Тинто компани дэлхийн 15 банкнаас авах болж байна. Сүүлийн гурван жилд уул уурхайн салбарыг үндсэн нь зогсонги байдалд оруулж, хөрөнгө оруулалтыг гацааж байсан төсөл бол Оюутолгой байсан. Тэгвэл Оюутолгойн гэрээг үзэглэж, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэнээр Монголын эдийн засагт нэг сэргэлт гарч ирж магадгүй гэдэг найдлага төрж байна. Гурван жил гацаанд байсан энэ төсөл хөдөлснөөр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засагт мөнгөн урсгал хэвийн орж ирж, улмаар ам.долларын ханш ч тогтворжих боломж бүрдэнэ. Дэлхийн санхүүгийн хямралын үед нэг ч гэсэн том төслөө хөдөлгөөнд оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.
– Та Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын цорын ганц гишүүн. Хэтэрхий хатуурхаж байна гэхээр энэ саналаасаа татгалзах юм байна гэж ойлгож болох уу?
-Аливаа юмыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Юм хийж байгаа, хийх гэж гарц хайж байгаа энэ үед заавал харлуулах, татаж унагах гэж зүтгэх шаардлагагүй. Өөрөөрхэлбэл огцруулах бус дэмжиж ажиллах цаг хугацаа бидэнд үлдээд байна
jirgee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих