Эрт дээр үеэс хүмүүс ой модны нөмөр нөөлөг дор аж төрж ирсэн. Ой модны ачаар агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хий сорогдон цэвэршиж, хүчилтөрөгч ялгарч, хортой хоргүй хийн баланс тэгширч, хөрсөн доорхи асар их ус хуримтлагдаж, хахир хатуу уур амьсгал зөөлөрч хүмүүс бидний амьдрах орчин бүрэлддэг. Зөвхөн амьдрах орчныг тэтгэдэг гэдэг нь ой модоо хамгаалж хайрлахад хангалттай том шалтгаан.
Өнөө үед иргэдийн санаандгүй болон санаатай үйлдэл, цаг уурын байдал, байгалийн үзэгдэл мөн өөр олон хүчин зүйлээс ой хээрийн түймэр гарч улмаар ой мод сүйдэх асуудал газар авсаар байгаа нь бидний нүдэн дээр бэлхэн байна. Өвөг дээдэс нэн эртнээс байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж ирсэн. "Их засаг” хуулинд "Ой мод сүйтгэсэн, гал түймэр дэгдээсэн хүнийг цаазлах” ял оногдуулдаг байсан. Техник технологи хөгжөөгүй байсан эрт үед хууль бусаар мод огтлох асуудал одоогийнх шиг даамжраагүй байсан хэдий ч хуулийн дагуу хүлээлгэх шийтгэл нь хатуу чанд байсныг эндээс харж болно.
Гэтэл өнөөдөр ойн түймэр, хууль бус мод огтлол, ой мод сүйтгэлийн асуудал даамжирсаар энэ асуудлын хүрээнд саяхныг хүртэл Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрлээ.
Манай улсад ой мод сүйтгэх асуудал хурцаар яригдах болсоор олон жилийн нүүр үзлээ. Жилд 50-80 мянган га талбайн мод огтлогдож ,1-1.5 сая шоо метр мод хулгайлагдаж байна гэсэн судалгаа бий. Нийслэлд борлуулж буй модны 85-90 хувь нь хулгайн мод гэсэн тооцоо байдаг. Зах зээлд шилжсэнээр хууль бус мод бэлтгэлийн суурь тавигдаж эхэлсэн. Сүүлийн 20 жилд ойн түймэр, ойн хөнөөлт шавьжийн хор хөнөөл болон хууль бус огтлолтоос шалтгаалан 1,2 сая га ойн талбай хорогджээ.
Ой мод сүйтгэлийн эх үүсвэрт хүний буруутай үйл ажиллагаа болон түймэр, хууль бус мод огтлолгол байр суурь эзэлдэг. Тэгвэл хууль бус мод огтлол гэж юу вэ?
Зөвшөөрөлгүй бэлдсэн модыг хууль бус гэнэ. Хэрэглээний мод ч бай, түлээний мод ч бай заавал зөвшөөрөл авах ёстой. Харин модны хулгайчдын арга барил жилээс жилд нарийссаар байдаг. Хулгайн замаар мод тээвэрлэн нийслэл рүү оруулах, хуурамч гарал үүслийн гэрчилгээ үйлдэх гэх мэт өөрсдийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд байж болох бүхий л аргыг сүвэгчилдэг аж. Хулгайн замаар мод тээвэрлэн явах үед нь тэднийг хянах шалгах хэн ч байдаггүй тул тэд зогсоно гэж үгүй. Хууль бус мод бэлтгэлтэй холбоотой эрх зүйн орчин сул байгааг модны хулгайчид чадамгай ашигладаг.
Уг нь ойн тухай хууль тогтоомж зөрчсөн хүнд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг. Энэ заалтад "Хууль бусаар мод бэлтгэсэн, худалдсан, тээвэрлэсэн, худалдан авч боловсруулснаар байгаль экологид их хэмжээний хор хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах, эсвэл гурван жил хүртэлх хугацаагаар хорино. Тээвэрлэсэн авто машиныг улсын орлого болгоно” гэсэн байдаг. Гэтэл хууль бусаар бэлтгэсэн модны үнэлгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол гэмт хэрэг биш гэж үздэг. Тэгэхээр эрүүгийн хариуцлага хүлээх хүн цөөхөн байдаг байна.
Анхнаасаа хуулийн заалтад ийм алдаа дутагдал байгаа нь мод хууль бусаар бэлтгэгчдийг өөгшүүлж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг дэврээдэг нь гарцаагүй. Энэ заалтад өөрчлөлт оруулж , хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх журам хэрэгтэй байна.
Мөн хууль бус мод бэлтгэлийг зогсоох үйл ажиллагаанд иргэдийн хувь нэмэр ч ихээхэн хэрэгтэй юм. Мод худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг шалгаж, ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдвал цагдаад мэдэгдэх гэх зэргээр иргэдийн оролцоо бага гэлтгүй модны хулгайчдыг илрүүлэх үйл ажиллагаанд дэм болж өгдөг ажээ. Хууль бусаар мод бэлтгэж байгааг мэдээлсэн иргэдийг урамшуулах, нийгэмд ой модоо энэрэн хайрлах хандлагыг төлөвшүүлж энэ талаарх мэдээллийг цаг тутам түгээж байх хэрэгтэй байна.
Сүүлийн жилүүдэд ойжуулалт хангалттай сайн хийгдэж жил бүр 200 сая давсан төгрөг зарцуулж байна гэж холбогдох албанаас мэдээлжээ. Гэхдээ тарьсан моддын арчилгаа, эцсийн үр дүн тааруухан байгаа нь хэр их мөнгө зарцуулсандаа биш гол нь хийж байгаа ажлынхаа утга учир, үр дүнд анхаарал хандуулахгүй байгааг нь илэрхийлж байна. Тарьцыг дор хаяж гурван жил асран хамгаалах шаардлагатай байдаг. Гэтэл зөвхөн мод тарих өдрөөр модоо тарьчихаад, бусад үед нь огт хайхардаггүй. "Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэдэг. Мод тарих нь хүүхэд шиг арчилгаа анхаарал халамж их шаарддаг учраас мод тарихыг буян гэж харахаас илүүтэй үүрэг хариуцлага гэх ойлголтоор хүлээн авч, ой модоо энэрэн хамгаалах сэтгэлээр мод тарьвал хойшдын үр дүн нь ч хэмжээлшгүй үнэ цэнэтэй байх юм.
Х.ХУЛАН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих