Монголын улстөрд хойд хөрш Оросын томчуудын үйлдлийг давтах хүсэлтнүүд бий аж. Тэд бол УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь хоёр. Энэ хоёр Монголд, тэр дундаа Сүхбаатар аймагт В.Путин, Д.Медведев нарын үйлдлийг давтахаар шийдсэн гэнэ.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт байсгээд л ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэх болсон. Өнгөрсөн хавар тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэхдээ "Би тойргийн иргэдтэйгээ нэг зүйл дээр хатуу тохирсон. 2016 онд М.Зоригт нутгаасаа нэр дэвшихгүй гэж.
Надад энэ дөрвөн жилийн хугацаанд нутаг орноо хөгжүүлэх зорилтдоо хүрэх, нутаг орныхоо төлөө ажиллаарай гэсэн аавынхаа захиасыг биелүүлэх л чухал байсан. Өөртөө тавьсан энэ тангараг, нутгийн олныхоо өмнө авсан амлалтаасаа би нэг ч өдрийн өмнө буцаагүй явсаар өнөөдрийг хүрлээ. Хийхээр төлөвлөсөн зарим ажлынхаа ард гарсандаа харин ч баяртай явдаг” хэмээсэн гэдэг.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан "Гангар хун” шинэ жилийн цэнгүүний үеэр бас л энэ тухайгаа ярьсан аж. Энэ удаад "Би нутгийн олон та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр УИХ-д хоёронтаа суусан. Харин ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна.
УИХ-д сууж байх хугацаандаа хөдөө орон нутгаа төлөөлөх эрх бүхий УИХ-ын гишүүн хүн нутаг орондоо ажиллаж амьдарч үзсэн, эгэл иргэдийн амьдралыг ойлгодог хүн байх нь зөв юм гэдгийг ойлгосон. Тиймээс нутгийнхаа төлөө ихийг хийж бүтээж буй Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийгаа сонгуульд нэр дэвших байх аа гэж бодож байгаа. Миний хувьд ирэх оноос улс төрөөс ангид амьдрах хүсэлтэй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн аж.
Ийнхүү М.Зоригт, Ж.Батсуурьд УИХ-д өрсөлдөх боломжийг нь өгөөд өөрөө орон нутгийн АН-аа удирдаж сонгуульд ялаад Сүхбаатар аймгийн засаг дарга болох гэнэ.
Ж.Батсуурийн хувьд 8 жил тус аймгийн засаг даргаар ажиллаж одоо ахиж дэвшмээр байгаа нь ойлгомжтой. Хийсэн бүтээсэн нь ч цөөнгүй л байх. Гэхдээ ямар ч дарга, гишүүн алдаа дутагдалгүй үргэлж сайн сайхан байдаггүй нь мэдээж хэрэг.
Тэд өөрсдийгөө хөрш их гүрний рейтинг тасарчихсан удирдагчидтай зүйрлэн суудлаа солих тухай ийн мөрөөдөж байгаа аж. Энэ нь нөгөө мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэгч л байх. Харин энэ тохиолдолд тэд мөнгө төлж байгаа.
Тэднийг Сүхбаатар аймгийнхан ахин дахин сонгоод байх уу, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг бусад улстөрийн нам хүчнүүдийн нэр дэвшигчид тэдэнд юу ч биш үү. Ийнхүү Монголд Путин, Медведев хоёрын суудлаа сольсон үйлдлийг давтахыг санаархагчид гарч иржээ.
М.Дэлгэр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих