Авьяас, ур чадвар, ухаанаараа тив, дэлхийд нэрээ дуурсгаж буй Монголын үзэмж төгс гоо бүсгүйчүүдийг онцолж байна.
Азийн топ модель О.Ариунзул:
Хүүхэдтэй болсноо мэдмэгц чухал байсан тэр зүйлс юу ч биш юм шиг санагдсан
Загварын тайз нэг бодлын их хатуу юм шиг. Төрөөд гоо сайхнаа хадгална. Төд удалгүй тайзан дээр гарна… "Гоёл” наадмын тайзны ард бяцхан үрээ хөхүүлж байгаа дүр зургийг тань хараад өөрийн эрхгүй тэгж бодсон. Гоо сайхнаа яаж хадгалж үлдээд байна аа?
Хөл хүндтэй боллоо гээд өөрийгөө хаях бус улам анхаарч эхлэх ёстой гэж бодсон. Эмчээс хөдөлгөөнөө хорь гэж зөвлөөгүй л бол гэртээ суулгүй хөдөлгөөнтэй байх нь зөв санагдсан. Жирэмсэн байх хугацаандаа хэт жин нэмэхгүй байх хэрэгтэй. Энэ нь хоолоо хас гэсэн үг биш. Гурил, чихэрлэг зүйлсээс татгалзан хүний биед амин дэмтэй ногоогоор хоолловол зохилтой гэсэн санаа. Хооллолтоос бүх зүйл шалтгаалах учраас жирэмсэн байх хугацаандаа л анхаарч хэт жин нэмэхээс сэргийлэх нь зүйтэй байх аа. Миний хувьд хөдөлгөөнтэй байж биеэ чийрэгжүүлэх үүднээс жирэмсний дасгалын төвд явдаг байсан.
Анх хүүхэдтэй болсноо мэдээд хэрхэн хүлээж авав. Мэдээж хүний амьдралын хамгийн жаргалтай хором болохоор их догдлуулсан биз?
Би өнгөрсөн жил Хон Конгд болсон "Miss model of the World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон юм. Гэтэл тэнд хоол унд таарахгүй, хордлого өгөөд тун хэцүү байсан. Тэмцээний дундаас буцмаар байсан ч эх орноо төлөөлж оролцох хүндтэй үүрэг оногдсон учраас тэссэн. Бүр гурван сар болсон хойноо хөл хүнд болсноо мэдсэн. Гайхах, баярлах зэрэгцдэг юм билээ.
Мэдээж хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй л байсан байх даа?
Тийм ээ. Хүүхдийн асуудлыг хойш тавиад ойрын хоёр гурван жилдээ ажлаа төлөвлөсөн байсан. Гэтэл хүүхэдтэй болсноо мэдмэгц чухал байсан тэр зүйлс юу ч биш юм шиг санагдсан. Амьдралын утга учир нь хүүхэд л юм байна гэдгийг хамгийн ихээр мэдэрч байна.
Нээрэн л хүүхэд амьдралд гайхалтай өнгө нэмдэг шүү…
Хүүхэд бидэнд гайхалтай эрч хүчийг өгч байна. Өглөө сэрээд хүүгээ инээмсэглэж байгааг харахаар өөр хаанаас ч авч байгаагүй эрч хүчээр цэнэглэгдэнэ. Тэр жаахан амьтны төлөө бүхнээ зориулмаар санагдана. Хүү минь мэндэлснээс хойш гэр бүлийн уур амьсгал их өөрчлөгдсөн. Гурвуулаа болчихсон чинь ер бусын ертөнцөд амьдраад байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. Хүүхэдтэй болж байж л гэр бүл жинхэнэ утгаараа тогтнодог юм байна.
Ээж болоод их ядарч байна уу?
Мэдээж ядралгүй яах вэ. Гэхдээ үрээ өсгөж байгаа эх хүн чинь энэ бүхэнд ялархаж түүртэхгүй шүү дээ. Хүн бодлоороо юм шиг ээ. Би ядраад байна гэвэл яг л биеллээ олдог. Болж бүтэж байна гэж өөдрөгөөр харвал бүтээд л байна.
Азийн топ модель О.Ариунзулын амжилтууд
- 2010 онд "International Fashion Festival”
Шилдэг загвар өмсөгч - 2011 онд "Asian Super Model contest”
Дэд байр буюу Азийн топ загвар өмсөгч - 2012 онд "Манжуурын мисс”
Гуравдугаар байр - 2013 онд "Miss Russia International”
Тэргүүн байр болон Олны таашаалт мисс - 2013 онд Сочигийн олимпод зориулсан "Coca Cola Russia”-ийн нүүр царай
- 2014 онд "Miss Model Of the world”
Топ 10 загвар өмсөгчийн нэгээр тус тус тодорчээ.
Өмнө нь дуг нойрондоо дугжирдаг байсан бол үртэй болоод нойроо хугаслах шаардлага гарна. Шөнө хэр их нойроо хугаслаж байна?
Мэдээж шинэ ээжид маш их бэрхшээл тулгарна. Шөнө олон дахин сэрж хөхүүлнэ. Эхэндээ тэр бүхэндээ дасаж өгөхгүй унтаагаараа хөхүүлэх үе их байсан. Манай хүү мөөмнөөс салахгүй идээд л унтдаг. Хэдийн шөнө болгон нойргүй хонож байгаа ч хүүхдээ хараад тэр бүх алжаал оргүй арилж, аз жаргалыг мэдрүүлнэ.
Эх болсны дараа үзэл бодол хэрхэн өөрчлөгдөв?
Эмэгтэй хүн бол эх болох гэж хорвоод ирдэг. Бүхий л ариун, төгс төгөлдрийн илэрхийлэл эмэгтэй хүн байдаг. Тиймээс гоо сайхан байхаас гадна үр хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх нь хамгийн гол үүрэг. Эхийн цагаан сүү гэдэг юугаар ч орлуулшгүй бурхны хишиг байдаг. Хүүхдээ сүүгээр цатган хооллоно гэдэг үнэхээр бахархмаар зүйл. Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай "Энгэрээс нь сүү асгарч байгааг бодож эмэгтэй хүнийг хайрла” гэж хэлсэн байдаг шүү дээ.
Б.Лхагвасүрэн гуай үрээ ангир уургаараа цатгадаг эмэгтэй хүнээс сүү үнэртдэг талаар ярьсан байдаг. Түүний хажуугаар өнгөрсөн хөхүүл эхээс ээжийнхээ үнэрийг үнэртсэн талаар дурссан…
Эхээс анхилж байгаа тэр үнэр энэ хорвоогийн юутай ч зүйрлэшгүй хамгийн сайхан үнэр байх аа. Эмэгтэй хүн хүүхэдтэй болоод ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг юм билээ. Гадаад байдал ч гэсэн эмэгтэйлэг, илүү гоо үзэсгэлэнтэй болдог юм болов уу гэж боддог. Хүн болгон эхийн цагаан сүүгээр бойжиж өсдөг. Тийм учраас эхийгээ хайрлах хэрэгтэй. Ээжийгээ илүү санадаг юм билээ. Энэ дашрамд ээждээ маш их хайртай төрүүлж өсгөсөнд баярлалаа гэж хэлье.
Зарим ээж нар гоо сайхнаа бодож хүүхдээ хөхүүлэхгүй эрт мөөмнөөс нь гаргачихдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг зургаан сар хүртэл нь заавал хөхүүлэх ёстой гэж заасан байдаг. Миний хувьд түүний дагуу хүүхдээ хөхөөрөө л хооллоно гэж боддог. Манай ээжүүд ч бас тэгж зөвлөдөг. Хүүхэд хөхөөрөө л хооллож байж эрүүл өснө. Ингэснээр гоо сайхан алдагдчихна гэж ерөөсөө бодохгүй байна. Гоо сайхан байх нь чухал ч түүнээс илүү хүүхдийн минь эрүүл мэнд хамгаас чухал.
Хүүхэд уйлахаар л аав нь босоод "хүүгээ хөхүүлээрэй” гээд авчирч өгдөг
Б.Амархүү хөл хүнд болсныг сонсоод хэрхэн хүлээж авав?
Манай хүн чинь их зөөлөн, хүүхдэд хайртай. Хүүхэдтэй болох юмсан гэж мөрөөддөг байсан учраас хязгааргүй баярласан.
Аав нь хүүхдэдээ "амь” юм чинь таныг ажилтай үед хүүгээ сайн харна биз. "Гоёл” наадмаар тайзны ард хүүгээ тэврээд л явж байсан…
Намайг ажилтай үед аав нь хараад л үлддэг юм. Маш сайн аав л даа. Миний ажлыг их сайн ойлгоно. Загварын ажил заримдаа өглөөнөөс орой болтол үргэлжлэх тохиолдол гарна. Тэр болгонд ойлгож мэдэрнэ гэдэг хувь хүнээс их тэвчээр шаардана. Манай хүн ч бас олон хоног тоглолтоор явах үе гарна. Тэр болгонд бие биенээ ойлгож дэмжээд л явдаг даа.
Шөнө хүүхэд уйлахад аав хэр оролцоотой байна. Хүүгээ авч байна уу?
Уг нь миний хүү 3-4 сар хүртлээ биднээс тусдаа унтдаг байсан. Гэтэл одоо муу зан сурчихсан гурвуулаа унтаж байгаа. Хүүхэд уйлахаар л аав нь босоод "хөхүүлээрэй” гээд авчирч өгнө.
Аав хүүхдийн даавуу хэр угаав?
Угаалгүй яах вэ. Саяхныг хүртэл угаасан. Аав ээж болчихоор их хариуцлага л бий болдог юм билээ.
Сүүлийн үед хүмүүс хүүхдээ харуулах гэрийн үйлчлэгчтэй болох нь түгээмэл үзэгдэл болжээ. Та хоёрын хувьд?
Бид хоёр тийм зүйлд их дургүй. Гэрийнхээ ажлыг хоёулаа нийлж байгаад л хийнэ. Манай хүн их гоё хоол хийнэ ээ. Хүүхдээ асрагчаар асруулах бодолгүй байгаа. Гэрийн ажлаа өөрсдөө л хийх нь хөгжилтэй санагддаг. Заавал эмэгтэй хүн хийх ёстой гэдэгтэй бид санал нийлдэггүй. Тэр бол хоцрогдсон үзэл. Аль болох сайн гэрийн эзэгтэй байхын тулд их хичээж байгаа.
Хэрлэн голын эрэг дээр аавтайгаа өнгөрүүлсэн бага насны минь
дурсамж өнөөдрийг хүртэл сэтгэлд хадаатай байдаг
Таны бага насны амьдрал их сонирхолтой санагдлаа. Эх хүний талаар ярьсных тээж төрүүлсэн ээжийнхээ талаар ярихгүй юу?
Бага насны амьдрал гэвэл их зүйлийн талаар ярина аа. Би Дорнод аймгийн төвд төрж өссөн. Ганцхан насны зөрүүтэй тэрсхэн өссөн ганц эгчтэй хүн. Хамтдаа уйлж дуулж, тоглож наадаж өссөн. Эгчийг минь О.Оюунзул гэдэг хуульч мэргэжилтэй фитнесс модель хүн. Эгчээрээ маш их бахархаж үлгэр дуурайлал авдаг. Эгч бид хоёрыг хүүхэд байхаас урлагт хайртай болгож өсгөсөн. Ээж маань цэцэрлэгт байхаас эхлэн дуу, бүжгийн тэмцээнд бэлтгэж хувцас хунарыг минь зэхдэг байсан. Миний ээж багш мэргэжилтэй, их зөөлөн, хөдөлмөрч хүн байдаг. Аливаад нэг зүтгэсэн бол ард нь гарч санаа амардаг тийм л шаргуу хүн бий дээ. Харин аав минь тамирчин хүн. Жаахан байхад өглөө 04.00 цагт эгч бид хоёрыг босгоод л Хэрлэн гол дагуу гүйлгэж дасгал хийлгэнэ. Аав бидэнд эмэгтэй хүн хүчирхэг байх ёстой гэж үргэлж сургана. Хэрлэн голын эрэг дээр аавтайгаа өнгөрүүлсэн бага насны минь дурсамж өнөөдрийг хүртэл сэтгэлд хадаатай байдаг юм.
Хааяа төрж өссөн нутгийнхаа агаараар амьсгалахыг хүсдэг биз дээ?
Хааяа аав ээж дээрээ очиж нутгийнхаа цэнгэг агаараар амьсгалдаг. Ямар ч байсан жилдээ хоёроос гурван удаа очдог юм. Төрсөн гэртээ очихоор өдөр хоног харвасан сум шиг л өнгөрч нэг мэдэхнээ л буцах болчихсон байна. Тэгээд нутгийн уул ус ээж аавдаа хорогдсоор л буцдаг даа. Хааяа гэрээ их санадаг. Ээж болсон чинь ээж аав эмээгийнхээ хоолойг сонсоод л хоолой зангирдаг болчхож…
Багын л даруу төлөв хүүхэд байсан уу. Анзаараад байхад Ариунзул их намдуу дөлгөөхөн юм.
Би багын л даруухан хүүхэд байсан. Хичээлээ хийчхээд л явж байдаг даруу төлөв охин байлаа. Урлах, оёх шидэх ажилд дуртай. Олон үндэстэн ястны хүүхэлдэйнүүдийг шөнөжингөө хийж суудаг сан. Утасны голоор бие хийж хувцсыг нь эсгээд л…
Аав нар охидоо их харамладаг ш дээ. Бага байхад аав нь хөвгүүдээс их харамлана биз?
Тэгэлгүй яах вэ. Айлын бага охин болохоор харамлаад орой үдэш гаргахгүй. Сургууль дээр оройтчихвол хаана байна гээд л сураглана. Цагдахаасаа илүү сургаж өсгөсөн дөө. Би эмээтэйгээ их ойр өссөн. Миний эмээ сайн сайхныг их сургана. Эмээтэйгээ сүүтэй цай уугаад л элдвийн сонин сайхныг ярьж суудаг сан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих