Их Британийн хаан сэнтийд залрах эрхтэй дээдсийн угсааны хоёр дахь язгууртан Кэмбрижийн гүн Уильям, түүний эхнэр гүнгийн ахайтан Кэтрин хоёр гүнжтэй болоод хэдхэн хонож байна. Бяцхан Шарлотт гүнжийг хэвлийд байхаас нь л дэлхий нийт сонирхож, барууны хэвлэл мэдээллийнхэн төрөх өдрийг нь хүлээн, мэндлэх өдөр нь ойртоход төрийн далбаагаараа гоёсон энгийн иргэд эмнэлгийн гадаа хонон өнжин байв. Гүнж төрсөн тухай мэдээ, амаржсанаасаа 10-аадхан цагийн дараа охиноо тэврэн инээмсэглэн зогссон гүнгийн ахайтны зургаар дэлхий нийт хэд хоногтоо л "амьсгаллаа”. Харин үүнтэй зэрэгцээд "Британийн хаант засаг яагаад ийм нэр хүндтэй байна вэ?”, "XXI зуунд хаан, хатантай байна гэдэг дэндүү хоцрогдсон зүйл биш үү?”, "Ардчилсан, хөгжингүй гэх хэрнээ британичууд яагаад хаант засаглалаасаа татгалзаж чаддаггүй юм бэ?” гэх асуулт хаа сайгүй хөврөв.
Хоёр жилийн өмнө, 2013 оны долдугаар сард Уильям, Кэтрин нарын ууган хүү, ханхүү Жоржийг мэндлэхэд ч мөн ийм мэтгэлцээн үүсэж байсан. Жорж хүүг хэзээ ч хаан болохгүй гэх хүмүүс ч байлаа. Гэхдээ баярлаж хөөрсөн хүмүүс тэднээс хавьгүй олон байв. Учир нь олонх британи хүний хувьд Үндсэн хуульт хаан засаглалтай байна гэдэг, дээдсийн угсааны гэр бүлд шинэ хүн мэндэлснийг үндэсний баяр мэт тэмдэглэнэ гэдэг маш нарийн утга учиртай, түүхэн уг улбаатай юм.
Угийн хуучинсаг, ёсорхуу гэсэндээ англичууд хаант засгаа авч үлдсэн юм биш. Юуны өмнө Британийн хаант засаглал өөр ямар ч улсынхтай харьцуулж боломгүй өөр билээ. Европын бусад хаан, хатад эрх мэдлээсээ хагацаж байхад, зарим нь хилэгнэн боссон ард түмнийхээ гарт цаазлагдахад ч Английн ихэс дээдсүүд айх зүйлгүй байв. Учир нь өнгөрсөн мянгаад жилийн түүхэндээ ердөө 11 жил л бүгд найрамдах засаглалтай байж үзсэн англичууд дарангуйлал, цэргийн дэглэм, хэмжээлшгүй эрхт хаант засгийн аль алийг үзээгүй. Хааны эрх мэдлийг хязгаарлаж, хаан хүн ямар ч шийдвэр гаргахдаа заавал сурвалжит ноёдтой зөвшилцөх ёстойг хуульчилсан Магна Карта буюу Их цааз бичгийг I Жон хаан 1215 онд мутарласны ачаар Англи орон болон хожмын Британи улс ардчилсан тогтолцоотой болжээ. Парламент нь 1265 онд анх удаа хуралдаж, 1341 онд хоёр танхимтай болсон, 1720 оноос Ерөнхий сайдтай байгаа, Магна Картаг зөрчсөн хааныхаа толгойг авч байсан зэрэг баримтыг ардчиллынх нь түүхээс онцолж болох юм.
Англи улс болоод Британийн эзэнт гүрэн, өнөөгийн нэгдсэн хаант улсын аль алиных нь түүхэнд ард олноо боддоггүй, нэр муутай хаан байсан уу гэхээс, улсын хэрэг болоод ёс уламжлалаа умартсан төр засаг гэж байсангүй. Судлаачдын онцолдгоор Үндсэн хуульт хаант засаг бол парламент болоод төрийн тэргүүний хэн хэнд нь хяналт тавьдаг тогтолцоо тул нэг нь нөгөөгөөсөө давж гарах гэсэн тэмцэл хурцдах боломжгүй, хэн нь ч эрх мэдлээ хэтрүүлэх аргагүй юм. Хэдийгээр ард түмний хүсэлтээр сонгогдоогүй ч угсаа залгамжилсан хаан, хатантай байна гэдэг төрийг тогтвортой байлгадаг, дараагийн төрийн тэргүүн хэн байх вэ гэсэн тодорхойгүй нөхцөл байдал, өрсөлдөөн бий болгодогүй нь хаант засгийн нэг давуу тал гэдгийг судлаачид мөн тэмдэглэдэг байна.
Үндэсний үзлийг өдөөж, ард түмний эв нэгдэл, өв уламжлалын илэрхийлэл болдог нь хаан, хатантай байхын хамгийн онцгой тал гэж ажиглагчид үздэг. Ялангуяа дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж явсан британичуудын хувьд олон үндэс угсааны, янз бүрийн шашин шүтлэг, хэл, соёлтой хүмүүсийг нэгтгэхэд ямар нэг захиргаадалтын арга хэрэгсэл биш ёс журам, хүндэтгэл, бэлгэдэл гэдэг юу юунаас илүү хүчтэй байлаа. Чухам ийм аргаар нэгэн цагт хил хязгаар, төрийн тогтолцоо нэгтэй байсан ч өдгөө тусгаар тогтносон, нийтлэг түүх соёлтой орнуудаа Хамтын нөхөрлөл нэрийн дор нэг далбаан дор нэгтгэсэн нь гагцхүү Үндсэн хуульт хаант засгаар дамжуулан хийж болох "ажил” юм. Өдгөө II Элизабет хатан дэлхийн хүн амын дөрөвний нэг хувь нь амьдардаг 54 улсыг эгнээндээ нэгтгэсэн Хамтын нөхөрлөлийг удирддаг бөгөөд 16 улсын төрийн тэргүүн билээ.
Элизабет хатны хувьд дэлхийн II дайны дараах хүнд хэцүү үед хатанд өргөмжлөгдсөн. Нийслэл хотоо бөмбөгдүүлж, хагас сая хүнээ дайнд алдсан британичуудын хувьд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэх байр сууриа алдаж, ирээдүй хаашаа эргэх нь тодорхойгүй үед хаант засаг нь л сайн сайхан, сүр хүчтэй байх үеийг нь санагдуулж байлаа. Элизабет хатны аав VI Жорж хаан, охинтойгоо ижил нэртэй Элизабет хатан хоёр дайны хүнд жилүүдэд цэрэг дайчдадаа тусалж, бөмбөгдөлтөд өртсөн газруудад өөрсдийн биеэр очин, Букингемийн ордны нэг жигүүр сүйдээд байхад ч Европын зарим хаад, язгууртнууд шиг эх орноо орхин зугтаагүй гэдгээрээ ард түмнийхээ сэтгэлд хоногшжээ.
"Хатныг бурхан ивээг” хэмээх дуу (хаан төрийн тэргүүн болбол "Хааныг бурхан ивээг” болон өөрчлөгдөнө) 1745 оноос хойш Их Британийн төрийн дуулал байгаа. Гэхдээ ийнхүү дуулахдаа британи хүн бүр ихэс дээдсээ сохроор шахам шүтэн биширдэг гэсэн үг биш. Олон нийтийг хамарч, хүчээ авсан удаагүй ч бүгд найрамдах хөдөлгөөн Их Британийг бүрдүүлэгч дөрвөн улсын аль алинд өрнөсөөр ирсэн, өрнөсөөр ч байгаа. Сүүлийн үед Хамтын нөхөрлөлийн орнуудад, тэр тусмаа уг бүлгэмийн гол гишүүд болох Австрали, Шинэ Зеланд, Канадад бүгд найрамдах засаглалтай болохыг дэмжигчид, Английн хатныг төрийн тэргүүнээ гэж хүлээн зөвшөөрөх хүсэлгүй хүмүүс нэмэгдсэн байна. Гэсэн ч 1950-иад оноос хойших бүх нийтийн санал асуулга бүрт бүгд найрамдах засаглалтай болохыг дэмжигчид иргэдийн 20-иос илүү хувийг эзэлж байсангүй.
Улс төрийн мэдэлгүй байж, үе улиран төрийн тэргүүн болдог, татвар төлөгчдийн мөнгөөр тансагладаг, ажил хийдэггүй гэх нь ихэс дээдсийг "үзэн яддаг” бүгд найрамдчуудын хамгийн гол ухуулга. Гэхдээ сайтар тооцвол хувийн бус, улсын мэдэлд байх ордонд амьдарч, бусдын л адил, зарим тохиолдолд бусдаас илүү сурч боловсрон, цэргийн алба хаах үүрэг хүлээдэг дээдсийн гэр бүлийнхэн татвар төлөгчдийн халааснаас жилд дунджаар 51 пенс л хумсалдаг гэнэ. Энэ нь жилд дунджаар 60 сая ам.доллар гэсэн үг. Үүнийг ойролцоо эдийн засагтай бусад улсын төрийн тэргүүн нарын зардалтай харьцуулахад тун бага тоо гэгдэнэ. АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл гэхэд л жилд 1.4 тэрбум ам.доллар зарцуулдаг байх жишээтэй. Мөн хатантны гэр бүлийн жилийн төсвийг парламентаас баталж, Засгийн газар нь хянадгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
1990-ээд оны эхээр Элизабет хатны гурван ч хүүхэд гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн бусад гишүүн нь элдэв хэрэг түвэг, дуулиан шуугианд холбогдоход, мөн 1997 онд Диана гүнжийг автомашины ослоор амиа алдахад хаант засгийг дэмжигчдийн тоо илэрхий буурчээ. Харин Элизабет хатан ард түмэндээ хандан үг хэлж, Букингемийн нэг хэсгийг олон нийтэд нээлттэй болгон, гэр бүлээрээ татвар төлж эхэлсний дараа дахин дэмжигчдийн хувь өссөн байна. Орлогын татвараас гадна улсынхаа аялал жуулчлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдгаараа хатантны гэр бүл олны дэмжлэгийг хүлээдэг. Зөвхөн Букингемийн ордныг үзэж, ордны харуул солигдохыг харах гэж Лондонд очдог жуулчид Британид жилд дунджаар 500 сая фунт стерлингийн орлого оруулдаг байна. Энэ тоо 2012 онд оргилдоо буюу 10 тэрбумд хүрч байжээ.
Гэхдээ энэ бүхнээс илүү Элизабет хатны хүлээцтэй, тууштай зан, цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэсэн оролдлого, Уэльсийн хунтайж Чарльз болон түүний хоёр дахь эхнэр Корнваллын гүнгийн ахайтан Камилла, ханхүү Харри нарын буяны ажлууд хаант засгийн нэр хүндийг өргөжээ. Ханхүү Уильямын эхнэр Кэтрин Миддлтон ч мөн үүнд багагүй үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. 2011 оны дөрөвдүгээр сард болсон ханхүү Уильямын хурим болон 2012 онд Элизабет хатны хаан ширээнд заларсны 60 жилийн ойг тэмдэглэх үеэр зөвхөн Британид хийсэн судалгаагаар иргэдийн 80 хувь нь хаант засгийг дэмждэгээ илэрхийлсэн байна. Харин Хамтын нөхөрлөлийн бусад улсад энэ тоо дунджаар 60-75 хувь байлаа.
Үнэхээрийн содон, гэнэтийн таагүй явдал болохгүй л бол III Чарльз, V Уильям, VII Жорж болон магад I Шарлотт хатныг хаан ширээнд залрах үед ч энэ тоо буурахгүй болов уу.
2015.05.14
Орчуулагчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв. Эх сурвалж: http://aniryortonts.blogspot.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13437
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих