Шинэ байранд оноо угтана хэмээн догдолж, хүлээж байсан 1000 гаруй айлын итгэл найдварыг Үндсэн хуулийн цэц талаар болгов. Хүнд цохилтод орсон хүмүүсийн ихэнх нь айлаар толгой хоргодож, түрээсийн орон сууцанд өдөр хоногийг аргацааж байгаа залуу гэр бүлүүд. Цэцийн шийдвэртэй холбогдуулан арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгохоо зогсоосон нь зээлд хамрагдах гэж байсан, зээл хөөцөлдөж явсан олон иргэний ажил амьдралыг баллаад хаячихсан. Өөрөөр хэлбэл арилжааны банкны найман хувийн зээл, төрийн 10 хувийн урьдчилгаанд хүлэгдэж хоцорсон иргэд хаашаа ч хөдөлж чадахгүй, дэмий л бүх зүйл сайнаар шийдэгдэхийг хүлээж залбирч суугаа. Гэхдээ ямагт гарц гэж байдаг. Гагцхүү зөв гарцыг олж асуудлыг хурдан шийдэх нь чухал. Аль аль талдаа шийдэл хайхгүй гэдийгээд байвал ард иргэд л хохирно.
Найман хувийн зээл зогсч, 10 хувийн урьдчилгаа төлбөрийн асуудал гацсан энэ үед олон нийт болоод орон сууцанд ороход чухал үүрэг гүйцэтгээд байгаа ТОСК зүгээр суусангүй шийдэл хайсан хэд хэдэн хувилбарыг гаргаж ирсэн. Үүний хамгийн оновчтой бөгөөд хэрэгжих боломжтой нь ТОСК-аас санаачлаад байгаа Батлан даалтын сан. Тодруулбал, ТОСК-д зээлээ өөрөө өгөх Батлан даалтын сангийн зөвшөөрлийг нь шийдээд өгвөл зөвхөн урьдчилгаа төлбөрийн 10 хувь гэлтгүй, найман хувийн хүүг ч ганц хоёр пунктээр бууруулах боломж бий гэдгийг тус байгууллагын зүгээс мэдэгдээд байгаа. Яг ийм зарчмаар өмнө нь Орон сууц санхүүжилтийн корпораци гэж байхад 40 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж иргэдэд өөрөө зээл өгч байсан туршлага бий. Тэгэхээр Засгийн газар нь дэмжээд, хууль эрхзүйн орчмыг нь бүрдүүлээд өгвөл найман хувийн хүүтэй зээл, 10 хувийн урьдчилгаа богино хугацаанд шийгдэгдээд явах боломжтой гэдгийг ТОСК-ийн зүгээс хэлж байгаа.
Угаасаа Буянт-Ухаа-2 хороололд байр авахаар урьдчилгаа төлбөрөө өгсөн иргэдийн дунд огт зээлгүйгээр байр авсан хүн цөөхөн юм билээ. Тэгэхээр зээлтэй иргэд арилжааны банкуудын тавьж байгаа өндөр шаардлагыг давж чадахгүй нь тодорхой.
ТОСК-д батлан даалтын сантай болох эрхзүйн асуудлыг нь шийдээд өгчихвөл иргэдийг хүлээлгээд байгаа асуудал амархан шийдэгдчих боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс ч хэлж байгаа. Энэ талаар Монголын ипотекийн корпорацийн захирал Д.Гантөгс "Төрийн орон сууцны корпораци өөрийн барьсан байрандаа баталгаа гаргах боломжтой. Ирэх гурван жилд 80 ам.метрээс доошгүй орон сууц 30 гаруй мянган байр байна. Банк, барилгын компани хоорондоо ямар хэлцэл хийсэн бэ гэдгээс шалтгаална” гэж ярьсан байна лээ.
Мөн АН "Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтарч ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн хуулийн төслийг боловсруулж он дуусахаас өмнө УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгдсэн.
Ямартаа ч найман хувийн хүүтэй зээл олголтыг хэвийн болгож, Засгийн газар иргэдэд амласан орон сууцны 10 хувийн урьдчилгааны асуудлаа хурдан шийдвэрлэхгүй бол иргэд хүлээсээр байгаад цөхөрч гүйцэх нь.
С.УЯНГА
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих